Даргын мэндчилгээ

 

Даргын мэндчилгээ

        Түмний төлөө - төрийн хяналт уриатай ажилладаг  мэргэжлийн хяналтын байгууллагын үүрэг, хариуцлага,  өнөөдөр нийгэмд  ихээхэн нэмэгдэж  байна. Үнэндээ мэргэжлийн хяналтын байгууллагын оролцоогүйгээр орон нутагт  асуудал шийднэ гэж бараг байхгүй болсон гэж хэлж болохоор болжээ. 

   

Төрийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавин аливаа зөрчил, дутагдлыг нээн илрүүлдгийнх нь  хувьд хяналтын байгууллагыг зарим эрх мэдэлтэн , албан тушаалтнууд үгүйсгэн үл тоох, элдэв янзаар хэлэх байдал ч ажиглагддаг. Гэвч бид бүхэн ард иргэдийнхээ язгуур эрх ашгийн төлөө, төрийн хууль тогтоомжийг амьдралд хэрэгжүүлэхийн төлөө , стандарт норм нормативыг мөрдүүлэхийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж чин шударгаар зүтгэдэг билээ.   Энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд  хяналтын байгууллагын     ажилтнууд   мэргэжлийн болон хууль эрх зүйн  өндөр ур чадвар эзэмшсэн   өргөн хүрээтэй  тал бүрийн мэдлэгтэй, хүнтэй ажиллах арга барил, эв дүйд суралцсан  байх шаардлагатай  байдаг юм.  Ер нь  улсын байцаагчид нь үндсэн үүргээсээ гадна  бодлогын зөвлөмж боловсруулах, иргэдэд  төрийн үйлчилгээ үзүүлэх болон шинжээч - байцаагч, шүүгч -байцаагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч зэрэг олон төрлийн үүрэг хүлээн цаг наргүй ажилладаг

Бид өөрсдийн үйл ажиллагаагаа иргэдэд нээлттэй, ил тод  болгох, бусад байгууллагатай мэдээлэл солилцох, үйлчлүүлэгчдийн санал , хүсэлт  авах зорилгоор цахим хуудас нээж байна.

.  Энэхүү цахим хуудсанд  тус аймагт Мэргэжлийн хяналтын байгууллага үүсч хөгжсөн  тухай болон одоо ажиллаж буй  улсын байцаагчдын товч намтар, тэдгээрийн  хяналтын ажлын үндсэн чиглэл, байгууллагын зорилт, хяналт шалгалтын төлөвлөгөө, хуулийн лавлагаа, хяналтын хуудас болон тэргүүний хүмүүсийн нэрс, хамт олны ажлын үзүүлэлттэй холбогдолтой зарим түүвэр  судалгаа, тооцоо , зэргийг оруулсан болно.     

Бидэнтэй хамтарч ажиллахыг хүсэн мэндчилгээ дэвшүүлж байна.  

Төрийн хяналт түмэн олонд тустай байх болтугай

УВС АЙМГИЙН МХГ-ЫН ДАРГА                               
Ч.ОРЛОМ