Түүхэн замнал

Түүхэн замнал

Увс аймагт мэргэжлийн хяналтын байгууллага  үүссэн нь

Мэргэжлийн хяналтын байгууллага нь төрийн ууган байгууллагуудын нэг бөгөөд үүсэл хөгжлийн хувьд Санхүүгийн хянан байцаах газар, Бактери судлалын төв, Мал эмнэлгийн хяналтын алба, Ачаа тээврийн шалган бүртгэх товчоо, Барилгын байцаан шалгах газар,  УХХЦ-ийн шалган байцаах анги, Ой агнуурын хэргийг байцаах газар, Радио харилцааг хянан шалгах улсын байнгын комисс, Хөдөлмөр цалин хөлсийг шалгах, зааварлах тасаг, Цацрагийн хяналтын лаборатори, Мал үржлийн хяналтын алба, Худалдааны байцаан шалгах газар, Боловсролын хянан байцаах хэлтэс зэрэг 1930-1986 онуудад байгуулагдан улс орны хэмжээнд  идэвхитэй үйл ажиллагаа явуулж  байсан хяналт шалгалтын байгууллагуудаас бүрэлдсэн юм.  

Энэ нь Монгол улсын төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийн мэргэжлийн хяналтын байгууллагын анхны нэгжүүд байсан бөгөөд харин улс орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин эхэлсэн үеийн мэргэжлийн хяналтын байгууллагууд нь:

  • Санхүүгийн улсын хяналт  шалгалтын газар
  • Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын улсын алба
  • Боловсролын хяналтын улсын алба
  • Эрүүл мэндийн хяналтын улсын алба
  • Байгаль орчны хяналтын улсын алба
  • Дэд бүтцийн хяналтын улсын алба
  • Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хяналтын улсын алба
  • Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын улсын алба
  • Цацрагын хяналтын улсын алба гэсэн бүтэцтэй байсан.

1995 онд Төрийн хяналт шалгалтын тухай хууль батлагдан  гарч  1996 онд Засгийн газрын 264-р тогтоолын дагуу аймгийн Засаг даргын 225 тоот захирамж гарч аймгийн Мэргэжлийн хяналтын албыг аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг болгон өөрчлөн зохион байгуулжээ.

2003 оны 1-р сарын 2-ны өдрөөс УМХГ-ын шууд удирдлагын дор  аймгийн МХГ болон өргөжиж Санхүүгийн хяналт шалгалтын алба, бусад байгууллагуудад ажиллаж байсан улсын байцаагчдыг төвлөрүүлэн нэгтгэж 30 байцаагчтайгаар ажиллах болсон.

УМХГ-ын  бүтцэд ажиллаж байсан Махны хяналтын улсын байцаагчдыг  2004 онд, Боршоо боомтын хилийн МХА-ыг 2006 онд аймгийн МХГ-ын мэдэлд шилжүүлсэн байна.

Одоо  манай  байгууллага МХЕГ-ын шууд удирдлагын дор  4 хэлтэс, итгэмжлэгдсэн лаборатоитой, 63  ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна.