Монгол Улс хяналт шалгалтын хүрээнд олон улсад сайн жишиг тогтоолоо

2016 оны 10 сарын 7 287

Дэлхийн Банкны Группийн гишүүн ОУСК, Дэлхийн банкны группийн Худалдаа Өрсөлдөх чадварын газар /ХӨГ/ болон МХЕГ хамтран “Эдийн засаг, сайн засаглалыг бэхжүүлэх хяналтын шинэчлэл” сэдэвт олон улсын бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

Хоёр өдөр үргэлжлэх уг бага хурлаар Монголд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд зөвшөөрөл олгох, бизнесийн хяналт болон хүнсний аюулгүй байдлын асуудлаар сүүлийн долоон жил хийсэн шинэчлэлийн үр дүнг хэлэлцэх юм.

Уг бага хурлын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр шинэчлэлийг хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрсэн. Шинэчлэлтийн үр дүнг хяналт шалгалтын тоог 26 хувиар бууруулж чадсан ба цаашид одоогийн олгож байгаа зөвшөөрлийн тоог 1000-аас 400 болгон болгон бууруулахаар ажиллах болно” гэдгийг онцолж байлаа. Өнгөрсөн хугацаанд хяналт шалгалтын тоог бууруулснаар дэвшүүлсэн зорилтоо давуулан биелүүлж, 2.6 сая ам долларын хэмнэлт хийсэн юм.

Харин ОУСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Түен Д. Нгүен хэлсэн үгэндээ “Монгол Улс нь хүнсний хяналт шалгалтад эрсдэлд суурилсан аргыг хэрэгжүүлсэн загвар орон болж чадах ба ингэснээр хөгжиж байгаа орнуудад зохицуулалтыг нэвтрүүлэх жишиг болох юм. Засгийн газрын хувьд шинэчлэлийн хүчин чармайлтыг цаашид тууштай үргэлжүүлэх нь нэн чухал. Монгол Улс хяналт шалгалтын хүрээнд асар их амжилт олсон бөгөөд олон улсад сайн туршлага болно гэж үзэж байна” гэдгийг онцолж байлаа.

Түүнчлэн МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж энэ үеэр эрсдэлийн түвшингийн үнэлгээ болон хяналт шалгалтын төлөвлөлт бүрэн автоматжуулагдсаныг дурдаад дараагийн шатанд бидний хамтрагч, зөвлөгч болох иргэдийг шинэчлэлийн үйл явцад татан оролцуулах зорилготой байгаагаа илэрхийлсэн юм.

Хяналтын тогтолцоог шинэчлэх гэдэг нь урт хугацаанд үргэлжлэх үйл явц бөгөөд энэ удаагийн бага хурлаар Монгол Улсад олсон дэвшил болон шинэчлэлийн ололт амжилтыг мэргэжлийн түвшинд бэхжүүлэн үргэлжлүүлэхтэй холбогдсон санал санаачлагуудыг хэлэлцэж байна гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ