Уул уурхайд байгаль орчны засаглалыг бэхжүүлнэ

2016 оны 10 сарын 10 376

Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих уг хөтөлбөр нь хөгжиж байгаа улс орнуудад тулгараад байгаа байгаль орчны бодлогыг хэрэгжүүлэх, байгаль орчны болон нийгмийн тулгамдаж байгаа асуудлыг нэгтгэн илүү өргөн тогтвортой хөгжлийн бодлого гаргахад чиглэжээ. Хоёр тал уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санал бодлоо солилцож, цаашид хэрхэн яаж хамтран ажиллах талаараа ярилцсан юм.

Хатагтай Даниэла Гаспарикова уулзалтын эхэнд “Миний хувьд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгчөөр саяхан томилогдсон. Цаг гарган биднийг хүлээн авч, хэрэгжүүлэх хөтөлбөрийн маань талаар ярилцахаар болсонд баярлаж байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд МХЕГ-ын оролцоо их байх юм. Бидний хувьд нэн түрүүнд уул уурхайг хөгжүүлэхдээ байгаль орчныг хэрхэн хамгаалахтай холбоотой хууль эрх зүйн орчинг судалж, улмаар хуулийг хэрэгжүүлэхэд тулгамдаад байгаа асуудалд үнэлгээ хийнэ. Түүнчлэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх Удирдах хороонд МХЕГ төлөөллөө оруулахыг хүсч байна” гэв.

Харин МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж хэлсэн үгэндээ “Уул уурхайд байгаль орчны засаглалыг бэхжүүлнэ гэдэг чухал асуудал. Монгол Улсад байгаль орчинг хамгаалахтай холбоотой 33 хууль байдаг. Гэвч хуулийн биелэлт хангалтгүй, сул байгаа. Энэ тал дээр үнэлгээг гаргах саналтай байна. Ер нь бидний хувьд та бүхний хэрэгжүүлэх хөтөлбөрийг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн. Хамгийн гол нь хөтөлбөрийн үр дүн цаасан дээр бус хөрсөн дээр буух нь чухал” гэдгийг онцолж байлаа гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ