Америкийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2016 оны 10 сарын 10 378

Бээжин дэх АНУ-ын  ХААЯ-ны Амьтан, ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн албаны Ази номхон далайн асуудал хариуцсан бүсийн захирал ноён Мурали Бандла нь ажлаа аваад гурван сар болж байгаа бөгөөд монголд гурав хоногийн ажлын айлчлал хийхдээ МХЕГ-ын даргатай уулзан танилцаж, хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, монгол америкийн бизнес эрхлэгчдийг дэмжих, гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлд  хэрхэн  ажиллах талаар хөндөн ярилцав.

Энэхүү уулзалтын үеэр МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж хэлсэн үгэндээ “АНУ-ын ижил түвшний байгууллагын төлөөлөгчид ирж, мал амьтан, ургамлын хорио цээрийн асуудлаар уулзаж, ярилцаж байгаад баяртай байна. Хоёр тал хамтын ажиллагааныхаа хүрээнд санамж бичиг байгуулж, шинэ түвшинд хамтран ажиллана хэмээн найдаж байна. Юуны өмнө хоёр орны бизнес эрхлэгчдийг дэмжин БНХАУ-ын нутаг дэвсгэрээр мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг дамжин өнгөрүүлэх зөвшөөрлийг авах тал дээр хамтран ажиллахыг хүсье. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчдыг АНУ-д мэргэжил дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, энэ чиглэлийн хамтарсан сургалт явуулахад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

Харин ноён Мурали Бандла МХЕГ-ын дарга Ц.Шаравдоржийн саналыг бүрэн дүүрэн дэмжин ажиллахаа мэдэгдэхийн зэрэгцээ хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын тулд эрчимтэй, далайцтай ажиллахаа мэдэгдлээ гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ