Төв аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө шаардлага хангахгүй байна

2016 оны 10 сарын 10 398

МХЕГ–ын Байгаль орчин, газар геодези, зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч Г.Нарантуяа, Д.Бямбадулам, Төв аймгийн МХГ-ын Байгаль орчин, газар геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч  Б.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр хяналт шалгалтыг хийв.

Төлөвлөгөөт шалгалтаар аймгийн Засаг дарга,  зарим сумын Засаг дарга тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмыг баримтлалгүй газар олгосон зөрчил гарсан байна.

Мөн Сэргэлэн, Алтанбулаг, Аргалант, Эрдэнэ сумын нутагт Монгол Улсын томоохон цогцолбор болох Салхин станц, Цементийн үйлдвэр, Майдар цогцолбор, Цонжин болдог, 13-р зуун, Олон улсын нисэх онгоцны буудал, хурдны зам зэрэг төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа боловч тэдгээрийг газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгаагүй, хэрэгжүүлж байгаа газар зохион байгуулалт ерөнхий төлөвлөгөө нь өнөөгийн шаардлагад нийцэхгүй байв. Зуун мод, Сэргэлэн сумын хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгдээгүй, төлөвлөлтгүй газар олголт хийгдэж байгаа зэргээс харахад Төв аймгийн ГХБХБГ нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн хэрэгцээний дагуу газар, газрын баялгийг ашиглалтын явцад гарах төлөв байдлын өөрчлөлтийг урьдчилан харж газрын менежментийн бодлого, бүсчилсэн  төлөвлөлтөөр дамжуулан газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах нөхөн сэргээх, газрын эдийн засгийн чадавхи, нөөцийг нэмэгдүүлэх үүргээ биелүүлж чадахгүй байна гэж ажлыг хэсэг  дүгнэжээ.

Энэ талаар ГХБХБГ-аас аймгийнхаа ИТХ-д Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай байгааг уламжилсан ч өнөө хүртэл  арга хэмжээ авч ажиллаагүй байна.

Шалгалтаар илэрсэн зөрчлийн шалтгаан нь тус Төв аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь өнөөгийн шаардлага хангахгүй болсон, төрийн байгууллагууд тус тусдаа мэдээллийн сан үүсгэсэн, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагчдын мэдээлэл газрын кадастрын мэдээллийн санд нэгтгэгдээгүй, газрын харилцааны асуудлаар төрийн захиргааны байгууллагууд уялдаагүй ажилласан, нийслэл, хил залгаа сумуудад хилийн цэс маргааны асуудал шийдэгдээгүйтэй холбоотой аж.

Тиймээс МХЕГ-ын Даргын зөвлөлөөс хуулийн хэрэгжилтийг хангуулах, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар аймаг, сумын удирдлагад  хугацаатай даалгавар өгч, биелүүлэхийг үүрэг болголоо  гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ