БНСУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2016 оны 10 сарын 10 377

Уулзалтаар хоёр тал хамтын ажиллагаа нь эрчимжиж, тэр дундаа өнгөрөгч тавдугаар сард  “Амьтан, ургамлын хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын МХЕГ болон БНСУ-ын Амьтан, ургамлын хорио цээрийн агентлаг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсныг баталгаажуулсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид харилцан ашигтай хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх асуудлаар санал солилцсон юм.

МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж уулзалтын үеэр “Ижил түвшний байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирсэнд туйлын сэтгэл хангалуун байна. Монгол Улс БНСУ-аас үржлийн өндөг, далайн гаралтай бүтээгдэхүүн, жимс ногоо, амьтан ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг ихээр импортолж байгаа өнөө үед хоёр байгууллага улам ойр ажиллах шаардлагатай байна” гэдгийг онцолсон юм. Энэ ч үүднээс хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн саналыг дэвшүүллээ. Тухайлбал, БНСУ-ыг зорьж байгаа монгол иргэд тус улсын хилээр мах махан бүтээгдэхүүн нэвтрүүлэх хүсэлтийг шийдвэрлэх, хоёр талын байгууллагын хүрээнд хамтарсан сургалт семинар зохион байгуулах, туршлага судлах, монголын талын албаныхныг мэргэшүүлэх зэрэг асуудлуудыг тавьсан юм.

Харин ноён Ким Тэ Юн “Ажил ихтэй байгаа ч биднийг цаг зав гарган хүлээн авч байгаад баяртай байна. Хоёр талын ижил түвшний байгууллагын харилцаа найрсаг байсан, цаашид ч энэ байдал үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаа. Та бүхний тавьсан хамтран ажиллах саналаас зарим асуудлыг судалж үзье. Нааштайгаар шийдэгдэх саналууд ч байна” гэдгийг онцлон тэмдэглэлээ гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ