МХЕГ-ын дарга АНУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2016 оны 10 сарын 10 359

Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, монгол америкийн бизнес эрхлэгчдийг дэмжих, гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлд  хэрхэн  ажиллах талаар хөндөн ярилцав.

МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү уулзалтын үеэр “Ажлаа аваад удаагүй байгаа миний хувьд гадны анхны хүндтэй зочин нь та бүхэн болсонд баяртай байна.

Монгол Улс хөдөө аж ахуй мал, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг АНУ-д экспортлоход эрх зүйн орчныг сайжруулахаас эхлээд монгол малыг эрүүлжүүлэх гээд хамтын ажиллагаагаа шинэ шатанд гарган өргөн далайцтай ажиллах саналтай байна.

Тиймээс та бүхэн бидэнтэй хамтран ажиллахын тулд эрсдэлийн үнэлгээгээ хийж, ямар түвшинд хэрхэн яаж ажиллах талаар сайтар судалж, хамтын ажиллагааныхаа хүрээнд санамж бичгээ байгуулан ажиллахад бид бэлэн байна” гэдгээ онцлон тэмдэглэсэн юм.

Харин Бээжин дэх АНУ-ын  ХААЯ-ны Амьтан, ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн албаны Ази номхон далайн асуудал хариуцсан бүсийн захирал ноён Мурали Бандла “Юуны өмнө бидний хүсэлтийг хүлээн авч уулзсанд талархаж байна. Хүнс хөдөө аж ахуйн салбарын хяналтыг хариуцдаг МХЕГ нь өндөр боловсролтой, дадлага туршлагатай, ажил хэрэгч боловсон хүчинтэй байгууллага гэж би боддог. Монгол Улс хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг АНУ-д экспортлоход эрх зүйн орчныг сайжруулахаас эхлээд тулгараад байгаа асуудлыг шийдэхэд бололцоотой бүхнээр дэмжин ажиллана. Мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хамтарсан сургалт, харилцан туршлага солилцох, техник технологийн туслалцаа үзүүлэх гээд бүх талаар хамтран, эрчимтэй ажиллахад бэлэн байна” гэдгээ онцлон тэмдэглэлээ гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээсмэдээллээ.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ