Цацрагийн үүсгүүрийг импортын зөвшөөрөлгүй оруулж ирэх зөрчил эрс багасчээ

2016 оны 10 сарын 10 382

-“Цөмийн материал, цацрагийн үүсгүүрийн хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах, хариу арга хэмжээ авах” сургалт Замын-Үүд боомтод эхэллээ-

МХЕГ-аас “Цөмийн материал, цацрагийн үүсгүүрийн хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах, хариу арга хэмжээ авах” сургалтыг АНУ-ын Эрчим хүчний яамны “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төсөлтэй хамтран Замын-Үүд боомтод зохион байгуулж байна.

Энэхүү сургалтад Буянт-Ухаа, Дорноговь аймгийн Замын-Үүд, Ханги, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Дорнод аймгийн Хавирга, Эрээнцав, Баянхошуу, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомт, Сүхбаатар аймгийн Бичигт, Говь-Алтай аймгийн Бургастай боомтын хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтсийн улсын байцаагчид хамрагдаж байна.

Сургалтын эхэнд МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох “Цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалтай холбоотой олон улсын болон үндэсний хууль тогтоомж, дүрэм журам”-ын талаар мэдээлэл өгөх үеэрээ “Цацрагийн үүсгүүрийг улсын хилээр оруулах, гаргахад мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл авах ёстой байдаг. Өнгөрсөн хугацаанд цацрагийн үүсгүүрийг импортын зөвшөөрөлгүй оруулж ирэх зөрчил их байсан нь сүүлийн жилүүдэд эрс багассан”-ыг онцоллоо. Мөн Цацрагийн хяналтын хэлтсийн дарга З.Дамдинсүрэн “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төслийн талаар мэдээлэл өгсөн бөгөөд АНУ-ын Эрчим хүчний яамны уг төсөл дэлхийн 53 оронд хэрэгжиж, нийт 485 хил, 45 далайн боомтод 2000 гаруй цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулсныг дуулгав.

Өдгөө манай улсад Цөмийн энергийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Эрүүгийн хууль, Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль, ҮАБ-ын үзэл баримтлал, Ерөнхийлөгчийн 184 дүгээр тогтоол, УИХ-ын 2009 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого зэрэг эрх зүйн баримт бичгүүд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Мөн 1973 онд Олон улсын атомын энергийн агентлагийн гишүүн болж, 1975 оноос хойш техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрт оролцож байгаа бөгөөд Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд нэгдэн орсон билээ.

Монгол Улс цөмийн зэвсэггүй, атомын цахилгаан станцгүй байж яагаад гэдэг асуултыг хүмүүс тавьдаг. Тэгвэл манай улс ураны нөөцөөр баялаг тул цөмийн зэвсгийн түүхий эд нийлүүлэхгүй байх нь Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээгээр хүлээсэн үүргүүдийн нэг. Нөгөөтэйгүүр цөмийн хэрэглээ өндөр хоёр оронтой хил залгаа оршдог учраас цөмийн аюулгүй байдлыг хангах тэр дундаа хилийн хяналт маш чухал. АНУ-ын Эрчим хүчний яам, Цөмийн аюулгүй байдлын газартай хамтран хэрэгжүүлж буй “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төсөл чухам ийм зорилготой. Тодруулбал, 2008 оноос 7 үе шаттай хэрэгжиж байгаа төслийн хүрээнд Монгол Улсын хилийн 15 боомтод цацрагийн хяналтын 82 төхөөрөмж суурилуулаад байна. Түүнчлэн цөмийн болон бусад цацраг идэвхт материалыг илрүүлэх, хоёрдогч үзлэг шалгалтад ашиглах гар багажнуудыг нийлүүлсэн бөгөөд МХЕГ, Хилийн мэргэжлийн хяналтын алба, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын нийт 300 орчим албан хаагчдыг гадаад, дотоодын сургалтанд хамруулаад байгаа юм.

АНУ-ын Эрчим хүчний яаманд хүсэлт тавьсны дагуу өнгөрөгч долдугаар сард  “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төслийн хүрээнд Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх онгоцны буудалд цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулах ажлыг гүйцэтгэсэн. Мөн хоёр боомтод төхөөрөмж суурилуулах, түр ажиллагаатай агаарын болон хилийн 7 боомтод цацрагийн хяналтын төхөөрөмж өгөх талаар судалж үзэхээ илэрхийлээд байна.

МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын газрын дарга Б.Мөнхтогтохоос дараахь зүйлийг тодрууллаа.

-“Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төслийг Монголд хэрэгжүүлэх болсон шалтгаан, нөхцөлийн талаар мэдээлэл өгнө үү?

-НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2004 оны 1540 тоот тогтоолоор цөмийн, химийн, биологийн зэвсэг, тэдгээрийг тээгч хэрэгслийг үйлдвэрлэх, олж эзэмших, тээвэрлэх, хэрэглэхийг дэмжихгүй байх, үйл олноор хөнөөх зэвсэг бүтээхэд ашиглаж болох түүхий эд зүйлсэд чанд хяналт тавихыг гишүүн орнууддаа үүрэг болгосон. Үүний дараа 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-д айлчлах үеэрээ “Цөмийн болон бусад цацраг идэвхт материалыг хууль бусаар зөөвөрлөхөөс сэргийлэх асуудлаар хамтран ажиллах” санамж бичгийг үзэглэсэн. Уг санамж бичиг тусгаснаар Монгол Улсын хилийн боомтуудад цацрагийн үүсгүүр, цөмийн материалыг илрүүлэх тоног төхөөрөмжийг суурилуулах, улсын байцаагчдыг энэ чиглэлээр мэргэшүүлэх, засвар үйлчилгээ үзүүлэх техникийн тусламжийг үзүүлэхээр болсон юм. Энэ дагуу “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төсөл 2008 оноос хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд хийж байгаа олон ажил, арга хэмжээний нэг нь цөмийн болон цацрагийн хяналтын чиглэл хариуцсан улсын байцаагчдаа мэргэшүүлэх, мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалт. Өнөөдөр Замын-Үүд боомтод 13 боомтын улсын байцаагчдыг хамруулсан сургалтаа явуулж байна.

-Цөмийн болон цацрагийн хяналт гэхээр хүмүүс тэр бүр мэддэггүй. Аюул хол гэж ойлгодог?

-Цацраг гэхээр иргэд атомын цахилгаан станц, байгальд хор хөнөөлтэй уран гэдэг талаас нь төсөөлдөг. Гэтэл цацраг гэдэг зүйл хөрс, агаар, ус гээд хүрээлэн буй орчин, хүнсний бүтээгдэхүүнд ч тодорхой хэмжээтэй байдаг. Уран бол байгальд өргөн тархсан, цацраг идэвхт ашигт малтмалын нэг. Цөмийн технологи, цацрагийн үүсгүүрийн ашигтай хэрэглээ манай улсад бүхий л салбарт нэвтрээд удаж байгаа. Цацрагийн зохистой хэмжээнд байлгаж аюулгүй нөхцөлд хэрэглэвэл тийм хор хөнөөлтэй зүйл биш. Жишээ нь, эрүүл мэндийн салбарт ионжуулагч цацрагийн үүсгүүрийг ихээр хэрэглэж байна. Монголд 1934 онд рентген оношлогооны кабинет нээгдэж байсан түүхтэй. Цөмийн онош зүйн лаборатори 1975 онд, цөмийн изотопи эмчилгээг 1985 онд нэвтрүүлж, 1987 оноос компьютерт томографийг оношилгоонд ашиглах болсноор цөмийн оношилгоо, эмчилгээний түвшин шинэ шатанд гарсан байдаг. Эрүүл мэндийн салбарт рентген аппарат, төхөөрөмжийг ашиглан оношлогоо шинжилгээ хийдэг 170 орчим байгууллага манай хяналтад байдаг.

-Манай улсад энэ чиглэлийн хяналтыг хэзээнээс хийж эхэлсэн байдаг вэ?

-1965 онд ШУА-ийн харьяа Физик математикийн хүрээлэнгийн дэргэд анхны цацрагийн лабораторийн суурь тавигдаж, 1973 оноос эхлэн цацрагийн хяналтыг дэс дараатайгаар өргөжүүлж эхэлсэн. 1987 оноос  радиохимийн лабораторийг байгуулан газрын хөрс, ургамал, хүнсний ногоо,  сүү зэрэг сорьцонд  радиохимийн задлан шинжилгээг бие даан хийх болсон.

Манай хяналтын нэгжийн хувьд 2015 онд мэргэжлийн хяналтын байгууллагын бүтцэд шинээр орж ирсэн. МХЕГ-ын зорилтуудад нийцүүлэн хяналтын тогтолцоог сайжруулах, хяналт шалгалт хийх аргыг оновчтой сонгох, эрсдлийг бууруулах тал дээр тодорхой ажлуудыг хийгээд байна. Салбарын онцлогийг тусгасан дунд хугацааны төлөвлөгөөг Монгол Улс ОУАЭА-тай байгуулсан дунд хугацааны хөтөлбөрийн тодорхой заалтуудтай уялдуулан боловсруулж дуусгасан. Хяналт шалгалтын үйл ажиллагаанд зөвлөн туслах болон эрсдлийг бууруулах чиглэлийг баримтлан,  аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг хуулийн хүрээнд дэмжин ажиллаж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ