Хумхаа өвчнөөс сэргийлье

2016 оны 10 сарын 12 376

2016.03.31        

Хумхаа өвчин манай орны хувьд нутагшмал бус өвчин хэдий ч сүүлийн жилүүдэд олон улсын аялал жуулчлал, хөдөлмөр эрхлэлт, хүн амын шилжилт хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор өвчний голомттой улс орноос зөөвөрлөгдөн орж ирэх тохиолдлууд гарч байна.

Хумхаа нь Африк, Өмнөд Америк, Азийн зарим орнуудад өргөн тохиолддог бөгөөд тархалт өндөртэй оронд Өмнөд Америк (Бразили), Зүүн Өмнөд Ази (Тайланд, Индонези), Африкийн улс орнууд ордог.

Ойролцоогоор 100 орчим орнуудад хумхаагийн өвчлөл гардаг бөгөөд дэлхийн нийт хүн амын 40% нь өвчлөх эрсдэлтэй байдаг гэсэн тооцоо байдаг юм байна.

/http://www.cdc.gov/malaria/travel/index.htm#riskareas/

Халдварлалт

Хумхаа өвчний 4 зүйлийн /Plasmodium falciparum, P. vivax, P. malariae, P. ovale) үүсгэгчээр халдварласан Anopheles төрлийн эм шумуул (зөвхөн эм шумуул цус сордог) хүнийг хазах үед шумуулийн шүлстэй хамт үүсгэгч цусанд орж хүнд халдварладаг.

Халдвартай хүний цусыг шумуул сороход үүсгэгч шумуулын биед дамжиж шүлсний булчирхайд нь нэвтэрдэг. Энэхүү шумуул дахин эрүүл хүний цусыг сорохдоо паразитыг дамжуулдаг (Шумуул амьдралынхаа турш хэд хэдэн удаа цус сорж болно).

Мөн эхээс урагт, төрөх явцад, цус сэлбэлтийн үед, түүнчлэн бохирлогдсон зүү, шприцээр халдвар дамждаг.

Өвчний шинж тэмдэг

Халуурах, дагжих, толгой өвдөх, бие сулрах, булчин өвдөх, зарим өвчтөнд дотор муухайрах, бөөлжих, ханиалгах, суулгах зэрэг шинжүүд илэрдэг. Бие жихүүцэх, халуурах, хөлрөх шинжүүд нэг, хоёр эсвэл гурван өдрийн мөчлөгтэйгээр давтагдан үргэлжилдэг өвөрмөц онцлогтой. Элэгний болон цусны улаан эс задарсантай холбоотойгоор нүдний салст, арьс шарлах шинжүүд илэрч болдог. Хүнд хэлбэрийн халуун хумхаагаар (P. falciparum malaria) өвчилсөн хүмүүст цус алдах, ухаан алдах, элэг бөөрний дутагдал, мэдрэл хордлогын шинжүүд илэрч үхэлд хүрэх нь цөөнгүй.

Урьдчилан сэргийлэх

Хумхаа өвчин тархсан бүс нутагт аялал, жуулчлал, ажил, албан томилолтоор явахдаа уг өвчний талаар эмнэлгийн байгууллагаас мэдээлэл заавар зөвлөлгөө авах;

Шумуул хазахаас сэргийлж, шөнийн цагаар гадагш гарахдаа урт ханцуйтай хувцас өмсөх, хаалга, цонхоо онгойлгохгүй байх;

Шавж устгагч, үргээгч бодисыг хэрэглэх;

Өвчний дээрх шинж тэмдэг илэрсэн үед эрүүл мэндийн байгууллалага /хилээр орж ирэх үед Хилийн мэргэжлийн хяналтын алба/-д хандах;

Сүүлд нэмэгдсэн мэдээ