Н.Ариунболд: Хурлаас гарсан саналыг дээд төвшний уулзалтад хүргүүлнэ

2016 оны 10 сарын 10 376

Зууны мэдээ сонин

2016.06.21

Д.ОЮУНЧИМЭГ

АСЕМ-ын дээд төвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг "Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт" өчигдөр Төрийн ордонд эхэллээ. Уулзалтад АСЕМ-ын гишүүн 17 орны хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн болон төрийн байгууллагын төлөөлөл оролцсон юм. Мөн Монгол дахь Элчин сайдын яамд, консулын газрууд, Европын холбоо болон бусад хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа олон улсын 11 байгууллагын төлөөлөгч оролцлоо. Уулзалтыг нээж, ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд хэлсэн үгэндээ "Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт нь АСЕМ-ын дээд төвшний уулзалтын өмнө болж буй голлох арга хэмжээний нэг" хэмээн онцлов. Тэрээр, АСЕМ нь Ази Европ хоёр тив хоорондын яриа хэлэлцээний хамгийн чухал механизм бөгөөд хүнсний аюулгүй байдлын асуудал дээр талууд харилцан туршлага солилцох, зөвлөлдөх, тулгамдаж буй хэмжээний асуудлаа хэлэлцэх, санал санаачилга гаргах зүйл их бий. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаас гарах санал санаачилгыг нэгтгэн ирэх сард болох АСЕМ-ын дээд төвшний уулзалтад хүргүүлэх нь чухал гэлээ.

Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт нь хоёр өдөр үргэлжилнэ. Энэхүү уулзалтын гол сэдэв нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хурдасгах замаар АСЕМ-ын гишүүн орнуудын дунд хүнсний хангамжийг сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, мөн үндэсний болон бүс нутгийн бодлогыг үр ашигтайгаар зохицуулахад чиглэж буй. Хурлын үеэр дэлхийн хүнсний хангамжийн баталгаагүй байдлыг хэрхэн шийдвэрлэх, урт хугацааны туршид хүнсний аюулгүй байдлын төвшнийг тогтвортой байлгах арга хэмжээ авах зэрэгт түлхүү анхаарч ярилцах юм.

Өчигдөрийн хурлыгхүнсний үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, хоол тэжээл гэсэн гурван сэдвийн дагуу зохион байгуулсан. Тухайлбал, Ази, Европын бүс нутгийн хүнсний хангамжийн асуудал, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, тээвэр логистикийн асуудалд учирч буй техникийн саад тотгор, түүнийг бууруулах арга зам гэсэн чиглэлээр ярилцсан юм.

Түүнчлэн хөдөө аж ахуйн гаралтай органик хүнсний үйлдвэрлэл, баталгаажуулалтын асуудал болон зах зээлийн чиг хандлагын талаар хэлэлцлээ. Мөн генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл цаашдын чиг хандлага, мал, амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүний хорио цээрийн талаар харилцан санал солилцлоо.

Энэ үеэр хил дамнасан малын халдварт өвчин, Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний зохистой хэрэглээ, анхаарах асуудал зэрэг илтгэлүүд тавигдсан юм. Хөдөө аж ахуйн салбарын тухайд органик хүнсний үйлдвэрлэл, баталгаажуулалтын асуудал, зах зээлийн чиг хандлага, генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл цаашдын чиг хандлага, мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүний хорио цээр, хил дамнасан малын халдварт өвчний асуудлаар илтгэл тавигдаж, санал солилцлоо. Мөн хүнсний нэмэлт бүтээгдэхүүний зохистой хэрэглээ, анхаарах асуудлуудын талаар харилцан ярилцсан.

"Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт"-ын үр дүнд гаргасан санал, дүгнэлтийг нэгтгэн "Зөвлөлдөх уулзалтын зөвлөмж" болгон төлөөлөгчдөөр батлуулж 11 дэх "АСЕМ-ын дээд төвшний уулзалт"-д хүргүүлнэ хэмээн оролцогчид хэллээ. Уг зөвлөмж нь хүнсний аюулгүй байдлын асуудалд улс, орнуудын анхаарлыг хандуулан тулгамдаж буй бэрхшээлийг бүс нутгийн хэмжээнд хамтын хүчээр шийдвэрлэхэд нөлөө үзүүлэхүйц зөвлөмж болох учиртай ажээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ