Сүлжээ ресторан, түргэн хоолны газар олноор байгуулагдаж буй нь таргалалтыг нэмэгдүүлж байгааг онцоллоо

2016 оны 10 сарын 10 375

Өдрийн сонин

2016.06.22

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын хүрээнд зохиогдсон Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж өчигдөр өндөрлөлөө. Уг уулзалтад Их Британи, Малайз, ОХУ, Испани, Швейцарь, Вьетнам, Австрали, Болгар, БНХАУ, Чех, Франц, Герман, Унгар, Энэтхэг, Казахстан, БНСУ, Монгол гэсэн 17 орны төлөөлөгчид мөн Европын холбоо болон бусад хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа олон улсын 11 байгууллагын төлөөлөгчид оролцож саналаа солилцсон юм. Зөвлөлдөх уулзалтаар хүнсний үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүйий аюулгүй байдал, хоол тэжээл гэсэн гурван сэдвийн хүрээнд илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Хэлэлцүүлгийн үеэр улс орнууд дээрх сэдвүүдийн хүрээнд тулгамдаж буй асуудлуудаа хөндөн гаргаж ирж, дэлхий нийтээрээ хамтдаа шийдвэрлэж, гарах гарцыг нь хайх нь зүйтэй гэсэн нэгдмэл байр суурьтай байгаагаа илэрхийлж байв. Европын холбооны улсуудын хувьд хүнсний нэмэлт бүтээгдэхүүнтэй идэвхтэй тэмцэж байгаа бол манай урд хөршийн төлөөлөгч дэлхийн дулааралд дэлхий нийтээрээ анхаарлаа хандуулах цаг нь болсон. Дэлхийн дулааралтай тэмцэхгүй бол хөдөө аж ахуйн салбарт үзүүлэх сөрөг нөлөөлөл ихэсч улмаар хоол тэжээлийн дутагдалд орж болзошгүйг сануулж байсан юм.

Уулзалтын эхний өдөр Ази, Европын бүс нутгийн хүнсний хангамжийн асуудал, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, тээвэр ложистикийн асуудалд учирч буй техникийн саад тотгор, түүнийг бууруулах арга зам,хөдөө аж ахуйн гаралтай органик хүнсний үйлдвэрлэл, баталгаажуулалтын асуудал, генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн цаашдын чиг хандлагыг хэлэлцсэн юм. Мөн мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүний хорио цээр, хил дамнасан малын халдварт өвчин, уур амьсгалын өөрчлөлт хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжид үзүүлж буй нөлөө, хүнсний нэмэлт бүтээгдэхүүний зохистой хэрэглээний талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Малайзын эрүүл мэндийн яамны Хоол, хүнсний хэлтсийн захирал, хатагтай Абдул Разакийн тавьсан "Хүүхдэд зориулсан хоол ундны бүтээгдэхүүний зар сурталчилгааг хязгаарлах шаардлагатай" илтгэл уулзалтад ирсэн төлөөлөгчдийн анхаарлыг татаж, нэлээд өргөн хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд тулгараад байгаа асуудлуудын нэг бол хэт таргалалт, түүнээс үүдсэн чихрийн шижин өвчин юм. Тэр дундаа хүүхдийн таргалалт ихэсч байгаа нь хагас боловсруулсан түргэн хоол их идэх, хийжүүлсэн ундаа, хэт их чихэр, будаг оруулагчтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээс шалтгаалж байгаа аж. Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдүүдийн таргалалт нэмэгдсээр байна. Энэ нь эргээд хооллолтын буруу зуршил болоод эдгээрийг авч идэх хүслийг өдөөдөг зар сурталчилгаатай холбоотой юм.

2007 онд хийгдсэн нэгэн Судалгааны нэгэн дүнг дурдахад, хүүхдүүдийн өмнө дөрвөн янзын хоолыг тавьж, аль нэгийг идэхийг санал болгоход хүүхдүүд Мc Donalds-ийн шошго бүхий хоолыг сонгосон байна. Энэ нь хүүхдүүд зар сурталчилгааны нөлөөнд хэрхэн автаж байгаагийн тод жишээ гэдгийг тэрээр илтгэлдээ онцолсон юм. Олон улсын сүлжээ ресторан, түргэн хоолны газар ихээр байгуулагдах болсон нь хүмүүсийн хоолны зуршилд ихээхэн нөлөөлж байгааг хэлээд KFC, Pizza hut гэх мэтчилэн түргэн хоолны газрууд байгуулагдаж, сурталчилгаагаа эрчимтэй цацаж буй нь залуучууд, өсвөр насны хүүхдүүдийн хооллолтод сөргөөр нөлөөлж байгааг сануулж байлаа.

Олон улсад эмнэлэг, сургууль, тоглоомын талбай зэрэг газарт түргэн хоол, хийжүүлсэн ундаа зэргийг зарахгүй, сурталчлахгүй байх аргыг хэдийнэ мөрддөг болжээ. Энэ арга хэмжээг одооноос хэрэгжүүлж эхлэхгүй бол ирээдүйд хоёр хүний нэг нь хэт таргалалттай болох өндөр магадлалтай байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Уг илтгэлтэй холбогдуулж төлөөлөгчид үг хэлэхдээ олон улсын сүлжээ ресторан, түргэн хоолны газрууд буруу хооллолт, таргалалтыг нэмэгдүүлж байгаа нь дэлхий нийтийн анхаарал хандуулах сэдэв гээд дэлхий даяарчлагдаж байгаа ч тухайн улс орон олон зуун жилийн турш идэж ууж ирсэн хоол ундаа хүнсний гол үндэс сууриа болгох нь зөв гэдэг дээр олонх нь санал нэгдэж байгаагаа илэрхийлж байсан юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Б.Цогзолмаа хүүхдийн таргалалтыг зогсоох нь зүйтэй гээд "Монголд хамгийн өргөн тархсан өвчин бол таргалалт. Халдварладаггүй энэхүү өвчнийг хурдан дарахгүй бол хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй байна. Түүнчлэн насанд хүрэгчид төдийгүй хүүхдүүдэд чихрийн шижин өвчин элбэг тохиолдож байна. Үүнийг дарахын тулд эрүүл хоол, хүнс хэрэглэж чихэрлэг ундаа, хүнсний зүйл оруулах татварыг нэмэгдүүлэх хэрэгтэй" гэдгийг дурдаад олон нийтэд биеийн тамирын дасгалыг сурталчлах нь зүйтэй гэж байлаа.

Уулзалтын үеэр хоол тэжээлийн асуудлыг хөндөхдөө эхийн сүүгээр хооллолт болон амин дэм, эрдсийн дутагдлын талаар ярилцсан юм. Хооллох асуудал нь тогтвортой хөгжлийн 17 зорилттой бөгөөд эхийн сүүгээр хооллох нь дээрх бүх зорилттой холбоотой юм байна. Эхийн сүүгээр хооллосноор хүүхдийн өсөлт хэвийн байж, шингэний хэрэгцээг нь хангадаг сайн талтай. Түүнчлэн эхийн сүүнд харшил болон бусад өвчнөөс хамгаалах дархлааны бодис агуулагддаг бөгөөд гэдэс ходоодны өвчнөөс 64 хувь, чихрийн шижин өвчнөөс 12 хувь хамгаалдаг нь тогтоогдсон байна. Эх хүн хүүхдээ хөхөөрөө хооллох нь байгалиас өгсөн ховор шинж чанар гэдгийг эрдэмтэд хэдийнэ нотолсон. Хүүхдээ сүүгээрээ хооллох нь эргээд эхийнх нь биед нэн чухал ач холбогдолтой. Хүүхдийг сүүгээр хооллох тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын маш олон бодлогын баримт бичиг болон зөвлөмж гарсан байдаг бөгөөд хүүхдийг төрөнгүүт нэг цагийн дотор ангир уургийг амлуулах, зургаан сар хүртэл ус болон бусад шингэнийг өгөхгүй зөвхөн эхийн сүүгээр хооллох, хоёр нас хүртэл нь эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллох хэмээн заасан байдаг тухай энэ үеэр төлөөлөгчид дурдаж байлаа.

Хоёр өдөр үргэлжилсэн зөвлөлдөх уулзалтын хэлэлцүүлгээс гаргасан санал, дүгнэлтийг нэгтгээд зөвлөмж гаргах бөгөөд уг зөвлөмжөө ирэх сарын 15- 16-нд болох АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтад хүргүүлэхээр болсон юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ