Тайширын УЦС-ын усан сангийн ус халин, загас сүйтгэж байна

2016 оны 10 сарын 10 405

Өнөөдөр сонин

2016.06.22

Завхан гол энэ дарын 2-ноос эхлэн үерлэжээ. Үүний улмаас Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт байрлах усан цахилгаан станц (УЦС)- ын усан сан дүүрч, далангийн ус халигчаар уржигдар буюу энэ сарын 20-ны байдлаар 75 метр өргөнтэй, 40 см ус даван урсаж байгаа аж. Үүний уршгаар Гэгээн нуурын загас үй олноороо хорогдож эхэлсэн байна. Тайшир сумын нутаг дахь Улаан боомын хавцалд 50 метр өндөр, 190 метр урт далан байгуулан, Завхан голын усыг хуралдуулах замаар 20 гаруй км урт, 10 орчим км өргөн нуур бий болгосон юм. Хүний үйл ажиллагаагаар үүссэн энэ нуурыг нутгийнхан Гэгээн гэж нэрлэдэг. Монгол орны хамгийн залуу уг нууранд эрдэмтэд загас жараахай үржүүлдгээс гадна усны шувууд чуулдаг болжээ.

Тайширт үүссэн асуудлыг Говь-Алтай аймгийн Онцгой комисс уржигдар хэлэлцээд Мэргэжлийн хяналт, Цагдаа, Онцгой байдал, Байгаль орчин, Эрчим хүчний газраас хамтарсан ажлын хэсэг гаргав. Тэд Жаргалан, Тайшир сумын нутгаар урсдаг голуудын ай саваар нутаглаж буй айл өрх, малчдыг яаралтай нүүлгэн шилжүүлэх, станцын усан сангийн эрчийг бууруулах зорилгоор нэмэлт генераторууд ажиллуулах зэргээр яаралтай арга хэмжээ авахаар болжээ. Учир нь усан сангаас хальсан их хэмжээний ус гол, горхиудад цутган үерлүүлэх аюул нүүрлээд байна.

Алтайн нуруунаас усжих Завхан, Богд, Байдраг, Онги, Шаргалжуут зэрэг голын усны түвшин арваад хоногийн өмнөөс 10-35 см-ээр нэмэгдэн, үерийн түвшинг 5-30 см-ээр даваад байгаа юм. Том, жижиг олон гол, горхи нийлдэг, уруйн болон шар усны үер буудаг нам дор газрыг сонгон Тайширт УЦС барьсан. Энэ станцын ТЭЗҮ-ийг урьдчилсан судалгаатай нь Германы "Лахмейр" компани 1998-1999 онд хийсэн байдаг. Ингээд "Тайширт УЦС барих нь техникийн хувьд зөв шийдэл бөгөөд эдийн засгийн хувьд ашигтай, байгаль орчинд сөрөг нөлөөгүй" хэмээн дүгнэжээ. Говь-Алтайн Тайшир, Халиун, Жаргалан, Завхан аймгийн Алдархаан, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Яруу сумыг цахилгаанаархангах зорилготой УЦС-ыг БНХАУ-ын "Синохайдро" корпорац барьж, тоног төхөөрөмжийг нь БНХАУ-ын "Камко интернейшнл" компани нийлүүлэн, угсарч суурилуулжээ. Зөвлөхөөр нь Австрали, Канадын хамтарсан АМЕК-СМЕК, Монгол Улсын "МСэС" компани ажиллан, 2002 оны долдугаар сараас нарийвчилсан зураг төсөл, хээрийн судалгаа хийж, 2003 оны дөрөвдүгээр сард зураг төсөл, тендерийн бичиг баримт, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг боловсруулжээ. Үүнд үндэслэн Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн 20 сая, Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хөгжлийн сангийн 13 сая ам.долларын зээлээр барьсан энэ УЦС-ын санг дүүргэх гэж ойр хавийн голуудыг боож, хамаг усыг нь тийш цутгаж байв. Уг УЦС-ын усан санг дүүргэх ажил 2007 оны наймдугаар сарын 22-нд эхэлжээ. Үүнээс хойш 2.5-5 жилийн хугацаанд дүүрнэ гэж ТЭЗҮ-д тусгасан байдаг. Тиймээс 2010 онд гурван турбиныхаа нэгийг л ажиллуулан, Тайшир, Жаргалан сумыг эрчим хүчээр хангаж байсан удаатай.

Гэтэл өнөө жил хэдхэн өдөр орсон борооноор усан сан нь хальж, нуурын загасыг сүйтгэж байна. 2014 онд газрын зурагт тэмдэглэсэн Гэгээн нуур маш цэнгэг тул Алтайн сугас, монгол хадран үржүүлдэг юм билээ. Монгол хадран бол манай орны "Загасны улаан данс"-нд ховордож болзошгүй гэсэн ангилалд орсон загас. Үржлийнх нь хугацаа дөнгөж дуусаж байгаа энэ үед Гэгээн нуурын загасанд ийн аюул нүүрлээд байна. Үүнээс гадна энэ нуурын эрэг бараадан маш олон айл зусдаг. Эдгээр айл ч үерт автах эрсдэлтэй учраас нүүлгэн шилжүүлж эхэлжээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ