Тарваган тахал дэгдэх аюул ойрхон байна гэв

2016 оны 10 сарын 10 338

Үндэсний шуудан сонин

2016.07.06

Д.Цогзол

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс тарваган тахлын халдвар Завхан, Говь-Алтай зэрэг аймгийн цөөнгүй суманд гараад байгааг мэдээллээ. Энэ талаар тус төвийн мэргэжилтэн Э.Дулмаагаас тодруулав.

-Тарваган тахал гарсан гэх мэдээлэл байгаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Амралт зугаалгын идэвхтэй үе тохиож байгаатай холбоотойгоор ард иргэдэд тарваган тахлаас сэргийлэхийг сэрэмжлүүлмээр байна. Өнөөдрийн мэдээллээр Завхан аймгийн Эрдэнэхайрхан сум, Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга, Сант, Ховд аймгийн Үенч, Алтай, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Баян-Өлгий аймгийн Сагсай, Булган, Алтай, Төв аймгийн Сэргэлэн зэрэг суманд тарваган тахал идэвхтэй тархаад байна. Энэ бүс нутгийг хамгаалалтад авч шаардлагатай тохиолдолд хөл хорио тогтоохоор ажиллаж байна.

-Тарваган тахал нь ямар үед дамждаг вэ?

-Тарвага агнах, өвчих, эвдэх явцад арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсанаас шууд хавьтлын замаар, тарваганы бүүргэнд хазуулсан үед дам халдварын замаар, халдвар авсан хүн ханиаж найтаах үед амьсгалын замаар, халдвартай тарваганы түүхий эд, дутуу боловсруулсан махан бүтээгдэхүүнийг хэрэглэх үед хоол хүнсээр дамжин халдварладаг.

-Яаж урьдчилан сэргийлэх вэ?

-Тарвага зурам агнахыг хориглох, тарваганы түүхий мах, эд эрхтнийг хот, суурин газарт оруулахгүй, эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх, тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх, олноор үхсэн мэрэгч амьтад болон тарвагатай таарвал гар хүрэхгүйгээр мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэх хэрэгтэй.

-Тарваган тахал өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтад хэзээ хамращдаг вэ?

-Улсын хэмжээнд тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг энэ оны долоодугаар сарын 18-28-ны хооронд зохион байгуулна. Дархлаажуулалтад тарваган талын голомтот нутгийн хүн ам, малчид, зорчигчид, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд хамрагдана. Вакциныг зургаагаас дээш насныханд тарина.

Сүүлд нэмэгдсэн мэдээ