Хумхаа туссан өвчин ХӨСҮТ-д эмчүүлж байна

2016 оны 10 сарын 10 352

Өдрийн сонин

2016.07.08

Халдварт өвчин судлалын үндэсний төвд хумхаагаар өвдсөн 25 настай залуу хэвтэн эмчлүүлж байгаа аж. Өвчтөний биеийн байдал хүндэвтэр байгаа гэнэ. Тэрбээр Солонгос улсад 2015 оноос хойш гэрээгээр ажиллаж байгаад 2016 оны тавдугаар сарын сүүлээр Монголд амрахаар иржээ. Улмаар өнгөрсөн зургадугаар сарын 3-ны өдөр Солонгос улс руу буцаж явсан ч хүндээр өвдсөн тул энэ сарын 4-нд ийнхүү эх орондоо буцаж иржээ. Тэрбээр Солонгос улсад хүнд үйлдвэрт ажилладаг, ажлын хашаанд нь шумуул ихтэй, шумууланд их хазуулсан тухайгаа эмч нарт хэлсэн байна. Биеийн байдал нь хүндэвтэр, нэг өдрийн давтамжтай, өндөр халуурах шинж тэмдэгтэй, халуурах үедээ зүүн талын сүвэргэ орчмоор, ууц нурууных нь булчин их өвдөж, улмаар халуун буурах үедээ их хөлөрч, ханиалган, бөөлжиж, бие нь загатнах шинжүүд илэрч байгаа аж. Мөн арьс салст шарласан, цус багадалтын шинжтэй, элэг, дэлүү томорсон байдалтай ХӨСҮТ-д хандсан байна. Олон хоног бөөлжсөн учир биеийн жин нь их буурсан байна. Уржигдар 22:30 цагт ХӨСҮТ-ийн лабораторид авчирсан сорьцыг эхний байдлаар өвчтөний цусанд хурдавчилсан сорил, бичил харах аргаар шинжлэхэд хумхаагийн үүсгэгч илэрсэн гэнэ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ