Олон улсын зэрэглэлийн боомттой болно

2016 оны 10 сарын 10 404

Үндэсний шуудан сонин

2016.09.30

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Тавантолгойн ордоос Гашуунсухайт-Ганц мод боомтын чиглэлд хийгдэж буй тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулах талаар ӨМӨЗО-ны Зам, харилцаа тээврийн танхимынхантай ярилцлаа. Сайд Д.Ганбат өнгөрсөн долоо хоногт Дундговь, Өмнөговь аймгуудад томилолтоор ажиллаж, салбарын хэмжээнд тулгамдаад буй асуудал, нөхцөл байдалтай танилцсан. Томилолтын хүрээнд Гашуунсухайт боомт болон нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэх зорилгоор БНХАУ-ын ӨМӨЗО-ы автотээврийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна. Тодруулбал, Тавантолгойн ордоос Гашуунсухайт-Ганц мод боомтын чиглэлд хийгдэж буй тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулж, олон улсын чиг хандлага, технологийн шинэчлэл, тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг харгалзан тээвэр зохион байгуулалтын зөв менежментийг нэвтрүүлэх шаардлагатай байгааг онцлов. ӨМӨЗО-ны Зам, харилцаа тээврийн танхимын орлогч дарга Ли Хэ Пин болон албаны төлөөлөгчидтэй боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, олон улсын зэрэглэлтэй болгох талаар ярилцлаа. Автотээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг анх 1991 онд байгуулсан. Хоёр улсын хоорондох тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж байгаа ч тээвэрлэлтийн үйл ажиллагааг тогтвортой, эдийн засгийн үр ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэх, аюулгүй, оновчтой, шуурхайзохион байгуулах хэрэгцээ шаардлага тулгарч байгаа талаар сайд Д.Ганбат онцолж байв. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-той хиллэсэн автозамын хилийн боомтуудаар нийт 791.3 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрч 1.75 сая зорчигч, 13.63 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ачаа тээвэр 35.7 хувиар, зорчигч тээвэр 5.6 хувиар нэмэгджээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ