95 дугаар цэцэрлэгийн дээвэр, цонх одоо болтол онгорхой байна

2016 оны 10 сарын 10 425

Өнөөдөр сонин

2016.10.07

Цас ороод, хүйтэрчихлээ. Гэтэл одоо болтол онгорхой дээвэр, цонхтой цэцэрлэг нийслэлд байна. Өнгөрсөн жил дээвэргүй өвөлжсөн Баянгол дүүргийн 95 дугаар цэцэрлэгийн засвар өнэө хэр дуусаагүй, хүүхдүүд нь айлын хаяа бараадан зутарч буй аж. Үйл ажиллагаагаа есдүгээр сарын 15, аравдугаар сарын 1-нд нээнэ гэж хэдэнтээ хойшлуулсаар өдий хүрсэн энэ цэцэрлэг хэзээ хүүхдүүдээ хүлээн авах нь тодорхойгүй байна.

Засварын ажил нь юунаас болж гацаад байгааг сурвалжлахаар өнгөрсөн лхагва гаригт бид тус цэцэрлэгт очлоо.

III, IV хорооллын эцэст байрлах 95 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг МХЕГ-аас 2015 оны дөрөвдүгээр сард шалгахад эрсдэл ихтэй гэж үнэлэгдсэн байдаг. Учир нь, тус цэцэрлэгийг өргөтгөхөөр 2015 оны аравдугаар сард барилгын ажлыг эхлүүлсэн ч гүйцэтгэгч компани нь хоёр сарын дараа ажлаа зогсоосноор орчин тойрон нь барилгын хог хаягдалд дарагдсан юм. "Алтанзул" ХХК уг цэцэрлэгийн хуучин барилга дээр нэг давхар нэмж барихдаа хоёрдугаар давхрынх нь таазыг хуулчихаад, өргөтгөл барих төсөв мөнгө шийдэж өгөөгүй гээд ажлаа хаяж явахдаа таазыг нь онгорхой орхисон аж. Цэцэрлэгийн удирдлагууд аргаа барахдаа нэгдүгээр давхрынхаа дуу хөгжим, биеийн тамирын зааланд хүүхдүүдээ оруулж, бага, дунд бүлэг гэж ялгалгүй бүгдийг нь нэг өрөөнд байлган өвлийг давжээ.

Биднийг 09.00 цагт 95 дугаар цэцэрлэгт очиход багш, ажилчид нь эмчийн өрөөндөө цахилгаан халаагуур тавьчихсан сууж байв. Хоёр, гуравхан хүн гадаа нь шавар, шохой зөөж харагдсан. Цас орчихсон, хүйтэн байсныг ч хэлэх үү, цэцэрлэг дотор жихүүн байв. Энэ жил ч гэсэн хөрөнгө мөнгийг нь бүрэн шийдэж өгөхгүй байгаагаас өргөтгөлийн давхрынх нь засвар дуусаагүй, цонхыг нь ч бөглөөгүйг багш, ажилчид ярилаа.

Арга зүйч У.Оюуннарангаас үүний учрыг тодруулахад "Барилгын ажил удааширснаас болоод хүүхдүүдээ амласан хугацаандаа хүлээн авч чадсангүй. "Алтанзул" компанийнханд хэлэхээр "Мөнгө өгөхгүй байхад бид ажлаа яаж явуулах юм бэ" гэдэг. Уг нь графикийнхаа дагуу цөөхөн хэдэн төгрөг ч болов тус компанид шилжүүлж л байгаа юм билээ. Өргөтгөлийн давхрын сантехникийн холболтуудыг хийгээд дууссан. Даанч цонхнууд нь онгорхой болохоор хэцүү юм. Халаалт ирчихсэн байхад цэцэрлэг 8-10 градус дулаантай байна. Ийм нөхцөлд хүүхдүүдээ яаж байлгах билээ. Ангиудын стандарт температур 18-20 байх ёстой. Гуравдугаар давхарт тэр чигтээ салхи сийгээд доод давхруудын дулаан агаарыг хөөж гаргачихаад байна. Аав, ээжүүд "Хүүхдүүдийг минь авсангүй" гэж хэл ам гаргах нь аргагүй шүү дээ. Аравдугаар сарын 1-нд хүүхдүүдээ хүлээж авсан. Даанч ангиуд дулаанаа алдаад хүүхдүүд маань зутарчихсан. Эцэг, эхчүүд ч гэсэн хэл ам хийсэн. Дунд нь бид л худалч болж дууслаа. НийслэлийнМэргэжлийн хяналтын газар, дүүргийн Боловсролын газраас хүмүүс ирээд явсан. Ийм нөхцөлд хүүхдүүд аваад хэрэггүй гэж байна лээ. Хүүхэд авахгүй гээд байхад л өнөөдөр 30 гаруй хүүхэд ирээд, гэрт нь буцаалаа" гэж ярьсан юм.

Тус цэцэрлэг 2016-2017 оны хичээлийн жилд 12 бүлэгтээ 568 хүүхэд элсүүлжээ. Өргөтгөлийн зургаан анги нь ашиглалтад орчихно гэж тооцоод 70 гаруй хүүхэд нэмж бүртгэсэн байна. Цэцэрлэг ашиглалтад орохгүй удсанаас болж эцэг, эхчүүд хүүхдээ хувийн цэцэрлэгт хүргэж буй гээд багш, ажилчдаас мөнгө нэхэх нь энүүхэнд аж. Та нараас болж хүүхдээ төлбөртэй цэцэрлэгт явуулж байна. Мөнгийг нь төл" гэж загнадаг талаар 95 дугаар цэцэрлэгийн багш нар ярив. Тэд "Бид ч гэсэн ажлаа хурдан эхлүүлмээр байна. Үндсэн үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа ч өдөр бүр л энд ирдэг. Цалингүй хэцүү л байна шүү дээ. Ядаж гуравдугаар давхрын цонхнуудыг битүүлээд өгчихвөл байдал арай дээрдэнэ. Тэгвэл бид нэг, хоёрдугаар давхартаа хүүхдүүдээ хүлээгээд авчихмаар байна. Албаны хүмүүс "Ирэх даваа гаригаас өмнө асуудлыг чинь шийдээд өгнө" л гэх юм. Манайхан бол өнөө, маргаашгүй л ажлаа эхэлчихмээр байгаа" гэв.

Өнгөрсөн жил тус цэцэрлэгт 350 гаруй хүүхэд ирж, очин хүмүүжсэн байна. У.Оюуннаран "Одоохондоо хүйтрээгүй болохоор халаалтын шугам дахь халуун усны температур ч муу байна. Манай нярав халаалтын хэмжээг нэмүүлэхээр СӨХ-той уулзахаар явлаа. Халуун ус дамжуулах хоолойгоор (паараар) нэг сайн "эргэлдчихвэл" дажгүй халдаг юм. Манайх нэмэлт паартай л даа. Ес эхлэхээр түүнийгээ ажиллуулдаг. Одоо залгавал ямар ч нэмэргүй, мөнгө гарздахаас цаашгүй. Гүйцэтгэгч компани өргөтгөлийн давхар дахь зургаан ангийг аравдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна гэсэн нь худлаа боллоо. 77 дугаар цэцэрлэг ч гэсэн манайх шиг байраа өргөтгөж байгаа. Тэд анхнаасаа хүүхдүүдээ аравдугаар сарын 15-нд хүлээж авна гэж зарласан учир хэл ам гараагүй. Тэднийх гадаад, дотоодын төслөөр зарим ажлуудаа хийлгэчихсэн байна лээ. Тэгтэл манай барилгын компанийн л ажил ахихгүй юм. Гэрээгээ өчигдөр сунгасан гэсэн. Өнгөрсөн жилийн есдүгээр 15-нд тэд юу юугүй нураагаад эхэлсэн. Эцэг, эхчүүдийн хэлж буй үнэн шүү дээ. Манайх бараг хоёр жил ажилласангүй. Ноднин хавь ойрынхоо цэцэрлэгүүдийг гуйгаад хүүхдүүдээ арав, арваар нь тараасан. Энэ жил тэдэнд манай хүүхдүүдийг багтаах зай ч алга" хэмээн ярьсан юм.

Өргөтгөл нь хугацаандаа ашиглалтад орох хөг өнгөрчээ. Ядаж онгорхой цоорхойг нь битүүлээд өгчихөөч. Тэгвэл 600 хүүхэд албандаа явах гээд байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ