Улсын болон хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдэд хийсэн хяналт шалгалтын тухай

Улсын болон хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдэд мөрдөгдөх хууль, тогтоомж, стандарт, дүрэм, журмын хэрэгжилт, эмнэлгүүдийн эрүүл ахуйн нөхцөл, халдвар хамгааллын дэглэм, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгөх, илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, холбогдох газруудад хүргүүлэхэд шалгалтын зорилго чиглэсэн. Шалгалтыг 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 24-ний өдрүүдэд аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хяналтын 48 улсын /ахлах/  байцаагч хийж гүйцэтгэлээ.

Шалгалтанд хамрагдсан асуудлууд.

Шалгалтыг 3.20 кодтой “Шүдний эмнэлгийн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-ны хүрээнд хийж, эрсдэлийн түвшинг үнэлсэн ба багаж хэрэгслийн байнгын угаалга, ариутгал, халдваргүйтгэлийн чанарыг шалгах зорилгоор агаар, ариун материал, бичил амь судлалын арчдасны шинжилгээ авч үнэлгээ дүгнэлт өглөө.

Шалгалтанд хамрагдсан байгууллагын талаарх мэдээлэл.

Шалгалтанд Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв /ШЭНЭСТ/, улсын 21 эмнэлгийн /3 тусгай мэргэжлийн төв /ЭХЭМҮТ, БХХСАХНЭ, ТЗТЭ/, 11 аймгийн Нэгдсэн эмнэлэг, 4 дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, 2 сумын эмнэлэг, нэг аймгийн ЭМГ-ын/ шүдний кабинет, 16 аймаг, нийслэлийн 67 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг нийт 89 байгууллага хамрагдлаа.

Архангай, Хөвсгөл, Ховд, Өмнөговь аймгууд 2013 оны хяналт шалгалт хийх байгууллагуудад шүдний эмнэлэг зарлагдаагүй шалтгаанаар хяналт шалгалт хийгээгүй ба Хэнтий, Дархан-Уул, Баянхонгор аймгууд шалгалтын танилцуулгыг хугацаа хоцроож, Орхон аймаг танилцуулга ирүүлээгүй.

Нийслэлд 280, орон нутагт 100 гаруй шүдний эмнэлэг үйл ажиллагаа явуулж байгаагаас хяналт шалгалтанд нийслэлийн 8 хувь, орон нутгийн 50 орчим хувь нь хамрагдлаа. Дархан-Уул, Төв, Говьсүмбэр аймгууд 100 хувь, Увс, Сэлэнгэ, Баянхонгор, Говь-Алтай аймгууд 50-аас дээш хувийг нь хамруулсан байна.

ШЭНЭСТ нь нийслэлийн хүн амд шүдний төрөлжсөн тусламж үйлчилгээ, улсын эмнэлгүүдийн шүдний кабинетууд нь гажиг заслаас бусад чиглэлээр, хувийн хэвшлийн эмнэлгүүд шүдний үзлэг, оношлогоо, зөвлөгөө, жижиг мэс ажилбар, нүүр амны согог засал, гажиг заслын тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын хяналтаар:

Шалгалтанд хамрагдсан хувийн эмнэлгүүдийн 94 хувь нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчинтэй хугацаа бүхий тусгай зөвшөөрөлтэй, улсын эмнэлгийн 71 хувь нь хүн амд тусламж үйлчилгээг чанар хүртээмжтэй хүргэх, үйлчлүүлэгчийн эрхийг дээдэлсэн үйл ажиллагааг тусгасан хэтийн төлөвлөгөө болон жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй, түүнийгээ  мөрдөж  ажилладаг, 73 хувь  нь өөрийн байгууллагын үйл ажиллагааны чиглэлд тохирсон стандарт, удирдамжийн жагсаалтыг  гаргаж, баталгаажуулан, хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Улсын эмнэлгийн 94 хувь, хувийн хэвшлийн эмнэлгийн 70 хувьд эмнэлгийн мэргэжилтэн орон тоогоор бүрэн хангагдсан, эмч мэргэжилтнүүдийн 93 хувь нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчинтэй хугацаа бүхий зөвшөөрөлтэй байна.

Эмнэлгүүдийн удирдлагын зүгээс тусламж үйлчилгээний чанарын шалгуур үзүүлэлтэнд дүн шинжилгээ хийж ажиллаж байгаа байдал 57 хувь, эмнэлгийн статистик мэдээний албанаас мэдээ, мэдээллийн үнэн зөв, шуурхай байдалд хяналт тавьж дүн шинжилгээ хийж удирдлагыг мэдээллээр хангаж, тулгамдсан асуудлаа шийдвэрлэн ажиллах байдал улсын эмнэлэгт 82 хувь, хувийн хэвшлийн эмнэлэгт 54 хувь, эмнэлгийн анхан шатны бүртгэлийн маягтаар хангагдаж зааврын дагуу хөтөлж байгаа байдал улсын эмнэлэгт 88 хувьтай байна.

Хувийн эмнэлгүүд тоног төхөөрөмжийн инженергүй, техникчийг гаднаас гэрээгээр авч ажиллуулж байгаа ба эмнэлгүүдэд техник ашиглалтын паспортод багаж тоног төхөөрөмжийн ашигласан цаг, техникийн үзлэг хийлгэсэн тухай тэмдэглэл хөтөлсөн байдал 61 хувьтай байна. 

Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын талаар:

Шүдний эмнэлгийн орчин, барилга байгууламжийн талаар:

Шалгалтанд хамрагдсан хувийн хэвшлийн эмнэлгүүдийн 35 буюу 53 хувь нь зориулалтын эрүүл ахуй, халдвар хамгааллын шаардлага хангасан ажлын байранд, 29 буюу 43 хувь нь түрээсээр, зориулалтын бус орон сууцны байранд, 3 буюу 4 хувь нь эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй байранд үйл ажиллагаа явуулж байна.

Улсын эмнэлгүүдийн 13 буюу 76 хувь нь зориулалтын эрүүл ахуй, халдвар хамгааллын шаардлага хангасан ажлын байранд, 4 буюу 24 хувь нь зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж байна.

81 хувь нь гэрэлтүүлэг, дулаан, өнгө будаг нь эмнэлгийн эрүүл ахуйн  шаардлага хангасан, эмчилгээ, үйлчилгээ хийх өрөөний шал, хана цэвэрлэгээ хийхэд тохиромжтой, өрөө тасалгааг технологийн дагуу цэвэрлэж, кварцын дэнлүү тогтмол хэрэглэж хэвшсэн, 86 хувь цэвэр, бохир ус, халаалтын төвлөрсөн холболттой байна.

4.2.2. Шүдний эмнэлгийн халдвар хяналтын тогтолцоо, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар:

Улсын эмнэлгүүдийн 82 хувь, хувийн эмнэлгийн 56 хувь нь халдвар хяналтын багийн баталгаажсан төлөвлөгөөтэй, түүнийг хэрэгжүүлэн ажиллаж, улсын эмнэлгийн 64 хувь, хувийн эмнэлгийн 37 хувь нь халдвар хяналтын ажилтантай. Нийт эмнэлгүүдийн 97 хувь гар угаах нөхцөлөөр хангагдаж, нянгийн эсрэг саван, спиртэнд суурилсан халдваргүйжүүлэх уусмал хэрэглэж, ДЭМБ-ын зөвлөмжийг мөрдөн ажиллаж байна. 

4.2.3 Хувийн хэвшлийн эмнэлгийн эрүүл ахуйн нөхцөл, халдварын эсрэг дэглэм, эрүүл мэндийн байгууллагад тавигдах нийтлэг шаардлагын талаар:

Шалгалтанд хамрагдсан эмнэлгийн 94 хувь нь аюултай хог хаягдлыг зориулалтын, таних тэмдэгтэй уут, саванд ангилан ялгаж,  хогийн савны 2/3-т Анхаар гэсэн био аюулгүйн тэмдэг тэмдэглэгээтэй, аюулгүй хайрцаг хүрэлцээтэй, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын нөөцтэй, улсын бүртгэлд бүртгэгдсэн баталгаатай боловч удаан нөөцөлсөн халдваргүйтгэлийн бодисын идэвхийг хагас жил тутам тодорхойлуулж хэвшээгүй байна.

4.2.4 Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын аюулгүй байдлыг хангах арга хэмжээний зааврын хэрэгжилтийн талаар:

Улсын эмнэлгийн  ажилтнуудын 88 хувь, хувийн эмнэлгийн 57 хувь жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан, эрүүл мэндийн ажилтныг халдвараас сэргийлэх үйл ажиллагаа хийгддэг, 60 хувь нь ажилчдыг эрүүл ахуйн шаардлага хангасан хувцас солих болон хооллох өрөөтэй болгосон байна.

Өмнөх шалгалтын талаар.

Улсын хэмжээнд нэгдсэн шалгалт хийгдэж байгаагүй боловч аймаг, нийслэл эрсдэлд суурилсан хянат шалгалтыг зарим эмнэлгүүдэд хийсэн байна. Тухайлбал: Нийслэлийн МХГ-аас:

“Наранденталь”, “Эрүүл эгнээ”, “Өрнөх зам” ХХК-уудын шүдний эмнэлэгт 2012 оны төлөвлөгөөт шалгалтын хүрээнд 3.1.3 кодтой “Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймаг, нийслэл, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар дүйцүүлэн шалгалт хийхэд:  “Наранденталь”, “Өрнөх зам” ХХК-уудын эмнэлэг дунд, “Эрүүл эгнээ” ХХК-ны эмнэлэг их эрсдэлтэй үнэлэгдсэн. Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг үндэслэн “Наранденталь” ХХК-ны шүдний эмнэлгийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зөрчил арилах хүртэл хугацаанд түр зогсоож, албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, биелэлтийг хангуулан, улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг нь сэргээсэн. “Эрүүл эгнээ”, “Өрнөх зам” ХХК-уудын эмнэлэгт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг үндэслэн эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч холбогдох хуулийн дагуу нийт 400,0 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулж, хамтарсан албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, биелэлтэнд нь хяналт тавьж ажилласан.

Сүхбаатар аймаг 2012 онд Баруун-Урт сумын хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдэд хяналт шалгалт хийж, 33зөрчил илрүүлж, 75.7 хувийг газар дээр нь арилгуулж8 заалт бүхий 3 албан шаардлага үйлдэж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

Төв аймгийн “Эрүүл шүд”, “Гандөш” шүдний үүдэн эмнэлгүүд 2012 оны 8 дугаар сард хяналт шалгалтанд хамрагдсан ба  албан шаардлагыг 30 хувьтай биелүүлсэн байна.

Шалгуулагчийн ололттой, дэвшилттэй тал.

Улсын эмнэлгүүд болон хувийн хэвшлийн эмнэлгийн 60-аас дээш хувь нь шаардлагатай багаж тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан, эмчилгээ үйлчилгээнд  орчин  үеийн багаж тоног төхөөрөмжийг ашиглаж байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгүүд 4-7, орон нутагт 2-4 нэр төрлийн ариутал, халдваргүйтгэлийн бодисыг хэрэглэдэг, тодорхой хэмжээний нөөцтэй байна. ХУД–т байрлах Арона, Жермон дент, Булган аймгийн Цахиур гэрэл, Баян-Өлгий аймгийн Сандитис, Хосхүү дент, Дундговь аймгийн Хаш, Тана шүдний эмнэлэг нь өөрийн байртай, Арона эмнэлэг төвлөрсөн ариутгалын тасагтай, мэргэжлийн ариутгагчтай, багаж хэрэгслийн угаалга, ариутгалын чанарыг химийн аргаар шалгадаг, эмч ажилчдыг малгай, нүдний шил, амны хаалт бээлий зэргээр хангаж хэвшсэн байна. Мөн Монголд анх удаа шаазан виниэр(шүдний шаазан бүрмэл) нэвтрүүлж, хүүхдийн шүдний өрөө байгуулж, имплантын өрөө шинээр байгуулж, имплант хийхээр төлөвлөж ажиллаж байна. “Жермондент” эмнэлэг нь Герман улсын нэг удаагийн багаж хэрэгсэл хэрэглэдэг, Герман улсын “Кетак” сүүн шүдний ломбыг эмчилгээ оношлогоонд хэрэглэснээр эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжирч, үйлчлүүлэгчдийн хэрэгцээг хангасан үйлчилгээ болж чадсан байна. “Басхүү имплант клиник” эмнэлэг нь хиймэл шүдэлбэр, яс нөхөх бүх төрлийн мэс ажилбар, холливуд инээмсэглэл гэх мэт шүдтэй холбоотой бүх төрлийн үйлчилгээг үзүүлэхээс 2006 оноос имплантын төрлөөр дагнан ажилласан.  Имплантынхаа суулгацыг титанаар хийдэг, мөн цирконон шүдэлбэр хийхэд CAD CAMсистемийг /хүний шүднээс авсан хэвийг компьютерт оруулахад компьютер тухайн шүдний дизайныг боловсруулж, санал болгосон хэд хэдэн загвараас тухайн хүнд хамгийн тохиромжтойг сонгосноор компъютер нь шүдийн зорж бэлэн болгодог/ ашигладаг бөгөөд одоогоор уг системийн бүхэл бүтэн бүтэн лабораторитой  эмнэлэг юм. Халдвар хамгааллын дэглэмийн хувьд “Басхүү имплант клиник” эмнэлэг нь үйлчлүүлэгчийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд хэрэглэсэн багажийг /давтан/ битүүмжлээд тухайн үйлчлүүлэгчийн нэрийг бичиж ариутгана. Үйлчлүүлэгчид дараагийн өдөр нь өөрт нь хэрэглэсэн, ариутгасан багажийг /хэрэв хүсвэл шинийг/ хэрэглэдэг. Шүдний эмчилгээ хийлгэсэний дараа ломбо үйрэх, унах, хугарах гэх мэт асуудал гарах нь элбэг байдаг ч “Басхүү имплант эмнэлэг” ломбонд 5 жил, бүрээсэнд 15 жил, имплантанд насан туршийн баталгаа өгч байна. 

Шалгалтаар илрүүлсэн зөрчил дутагдал. 

Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан 4 эмнэлэг /Хэнтий аймгийн Аминчулуун, Энэрэл дент, Дархан-Уул аймгийн Тана, Чингэлтэй дүүргийн  Саранномиун эмнэлэг/, тусгай зөвшөөрөлд заагдаагүй НАСЗ-ын чиглэлээр Саранномиун эмнэлэг үйл ажиллагаа явуулж байсан нь Эрүүл мэндийн тухай хуулийн 46.1.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.12.3 дахь заалтыг;

Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй эмнэлгийн мэргэжилтэн 3 эмнэлэгт ажиллаж байсан нь Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтыг /Улаанбаатар хотын Бүрэндент, Одуванчик, Жермондент/;

Хувийн эмнэлгүүд нь эмнэлгийн ажилтны алдаа зөрчлийг бүртгэж, эрсдлийн мэдээллийн сан ажиллуулж, алдаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд ашигладаггүй, үйлчлүүлэгч, эмч, эмнэлгийн ажилтнуудаас тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах талаар сэтгэл ханамжийн судалгаа авч, үр дүнг тооцож, ажиллахгүй байгаа нь Монгол Улсын Шадар сайд, ЭМС-ын хамтран баталсан “Чанарын албаны дүрэм батлах тухай” 2012 оны 06/25 дугаар тушаалын 6.14, 7.1.8, Эрүүл мэндийн сайдын “Удирдамж, загвар батлах тухай” 2012 оны 274 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтыг;

Хувийн эмнэлгийн 44 буюу 65 хувь нь эмнэлгийн анхан шатны бүртгэлийн маягт үнэн зөв, бүрэн хөтөлдөггүй, эрүүл мэндийн картанд эмчийн үзлэг, эмчилгээг бичдэггүй нь Эрүүл мэндийн сайдын 2010 оны 34 дүгээр тушаалыг;

Улсын эмнэлгүүдийн 4 буюу 24 хувь нь зориулалтын бус байранд, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн 29 буюу 43 хувь нь түрээсээр, зориулалтын бус орон сууцны байранд, 3 буюу 4 хувь нь эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй байранд үйл ажиллагаа явуулж байгаа нь Эрүүл мэндийн сайдын 2012 оны 39 дүгээр тушаалын 2.9 дэхь заалтыг /ШЭНЭСТ, Дархан-Уул, Хэнтий аймгийн НЭ-ийн, Дархан-Уул аймгийн ЭМГ-ын кабинет, Дорноговь аймгийн Цэвэр талст, Баян-Өлгий аймгийн Азитус, Говь-Алтай аймгийн Вокодент, Завхан аймгийн Тана, Өвөрхангай аймгийн Эльдадент, Улаанбаатар хотын Анис, Да, Дентал банк, Танасувд, Одуванчик зэрэг/;

Хувийн эмнэлгийн 51 буюу 76 хувь, улсын эмнэлгийн 12 буюу 70 хувьд насанд хүрэгчийнхээс тусдаа хүүхдийн үзлэгийн өрөөгүй байгаа нь Эрүүл мэндийн сайдын 2010 оны 165 дугаар тушаалын  дугаар хавсралтын 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалтыг;

Хувийн хэвшлийн 29 эмнэлэг /нийслэлд 7, аймагт 22/ эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд ариутгал халдваргүйтгэлийг хийж байгаа нь Эрүүл мэндийн сайдын 2010 оны 165 дугаар тушаалын 3 дугаар хавсралтыг; /нэрсийг хавсралтаар/

Эмнэлгүүдийн 39 буюу 58 хувь нь эмнэлгийг халдварын эрсдлийн зэргээр 3 бүсэд хувааж, халдварын эсрэг дэглэмийг баримталдаггүй, ариутгалыг зааврын дагуу хийдэггүй, ариутгалын чанарт дотоодын хяналт тавьдаггүй нь Эрүүл мэндийн сайдын 2010 оны “Эрүүл мэндийн байгууллагын халдвар хяналтын тогтолцоог бэхжүүлэх, эмнэлгээс шалтгаалсан халдвараас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” 165 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийн байгууллагын эрүүл ахуйн нөхцөл, халдварын эсрэг дэглэм”-ийн 9 дүгээр зүйлийг /Улаанбаатар хотын Анис, Дентал банк, Да, ШЭНЭСТ, Танасувд, Одуванчик, Бэстдент, Саранномиун, Төв аймгийн Эрүүл шүд, Ган дөш, Сэлэнгэ аймгийн Өөжиг дент, Тэгш дент, мөнгөн тулга, Баянхонгор аймгийн Мөнгөн зуузай, Бодь сэтгэл,  Хонгор дент, Хэнтий аймгийн Энэрэл дент, Сод дент зэрэг/;

Хувийн эмнэлгүүдийн 29 буюу 44 хувь нь халдвар хяналтын баггүй, 64 хувь нь эмнэлгээс шалтгаалсан халдвар гарахад нөлөөлөх хүчин зүйлийг тогтоож, асуудал тавьж шийдвэрлүүлээгүй нь Эрүүл мэндийн сайдын 2010 оны 165 тоот тушаалын 1 дүгээр  хавсралтаар баталсан Халдвар хяналтын тогтолцооны удирдлага зохион байгуулалтын 2.4 дэх заалтыг/Улаанбаатар хотын Дентал банк, Да, Шэнэст, Намуун мөнх, Эрүүл эгнээ, Танасувд, Брэндент, Арона, Жермон дент, Бэстдент, Оюу М, Баса имплант клиник, Булган, Баян-Өлгий, Дорноговь нийтлэг, Сэлэнгэ аймгийн Өөжиг дент, Инээмсэглэл, Тэгш дент, Өвөрхангай аймгийн Эльдадент, Увс аймгийн Эрүүл шүд зэрэг/;

Тусгай хог хаягдлыг түр хадгалах байр болон эмнэлгүүдийн хогийн сав нь шаардлага хангахгүй, халдвартай шингэн ялгадсыг заавар журмын дагуу химийн аргаар халдваргүйтгэдэггүй, цус биеийн шингэнтэй ажиллахаюулгүй ажиллагааны зааварчилгаагүй байгаа нь Эрүүл мэндийн сайдын 2010 оны 158 тоот тушаалын  нэгдүгээр хавсралтын 2.2, 2.3 дахь хэсгийг /Улаанбаатар хотын Дентал банк, Одуванчик, Танасувд, Уран гар, Жермондент Саранномиун/;

Хувийн эмнэлгийн 53 буюу 79 хувь, улсын эмнэлгийн 5 буюу 29 хувь нь  дотоод хяналтаараа эмнэлгийн орчны эд юмс, ариун багаж материал, агаарт нян судлалын шинжилгээ хийж ажиллахгүй байгаа нь Эрүүл мэндийн сайдын 2010 оны 165 дугаар тушаалын 3 дугаар хавсралтын 3.5 дахь заалтыг /ШЭНЭСТ, Дархан-Уул, Баянхонгор, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүдний кабинетууд,  Улаанбаатар хотын Да, Нарандентал, Намуун мөнх, Цагаан гантиг, Өрнөх зам, Тулга капитал, Саранномиун, Баса имплант клиник эмнэлэг, Баян-Өлгий, Завхан, Сүхбаатар, Төв, Увс зэрэг аймагт нийтлэг/;

Хөндлөнгийн хяналтын шинжилгээгээр шалгалтанд хамрагдсан эмнэлгийн 17 буюу 25 хувьд бичил амь судлалын арчдасны шинжилгээгээр гэдэсний бүлгийн савханцар, 1магаарт нянгийн ерөнхий тоо болон эмгэг төрөгч нян зөвшөөрөгдөх хэмжээнээс 2-4 дахин их, ариун материалын 4 хувьд эмгэг төрөгч нян илэрсэн нь “Эмнэлгийн дотоод халдвар. Агаарын чанар: Нянгийн тоог тоолох, нян илрүүлэх шинжилгээний арга” MNS 5484-2005, Эмнэлгийн дотоод халдвар Ариун материалын чанар шалгах нян судлалын шинжилгээний арга”MNS 5483:2005 стандартыг /Баян-Өлгий, Хэнтий, Говь-Алтай, Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүдний кабинет, Дорноговь Цэвэр талст, Төв аймгийн Эрүүл шүд, Хэнтий аймгийн Сод дент, Энэрэл дент, Хаш цагаан сувд, Сэлэнгэ аймгийн Өөжиг дент, Мөнгөн тулга зэрэг/;

Шүдний үзлэг, эмчилгээнд нэг удаа хэрэглэх багаж материалыг давтан хэрэглэж, эмнэлгээс шалтгаалсан халдвар гарах нөхцөлийг бүрдүүлж байгаа нь “Эрүүл мэндийн байгууллагын халдвар хяналтын тогтолцоог бэхжүүлэх, эмнэлгээс шалтгаалсан халдвараас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” Эрүүл мэндийн сайдын 2010 оны 165 тоот тушаалын 7 дугаар хавсралтаар батлагдсан “Эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэг удаагийн зориулалтаар хэрэглэх багаж, материалын жагсаалт”-ыг /Дархан-Уул аймгийн эмнэлгүүд бор машины хошууг, БНЭМН, БХХСАНЭ, ТЗНЭ-үүдийн шүдний кабинетууд, Улаанбаатар хотын Анис, Да, Бүрэн дент, Бест дент, Танасувд, Дайчиндент, Нарандентал, Намуун мөнх, Цагаан гантиг, Өрнөх зам, Тулга капитал, Саранномиун зэрэг 21 эмнэлэг суваг өргөсгөгч, сувгийн хар зүүг/ тус тус зөрчиж байна.

Дүгнэлт.

“Шүдний эмнэлгийн үйл ажилллагааг шалгах” 3.20 кодтой хяналтын хуудсаар үнэлэхэд хувийн хэвшлийн шүдний эмнэлгийн 10 буюу 15 хувь нь их, 32 буюу 48 хувь нь дунд, 24 буюу 36 хувь нь бага эрсдэлтэй, улсын эмнэлгийн шүдний кабинетуудын 6 буюу 38 хувь нь дунд, 24 буюу 62 хувь нь бага эрсдэлтэй үнэлэгдлээ. /Улаанбаатар хотын Дайчиндент эмнэлэг, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэг, ЭХЭМҮТ, ТЗНЭ, БХХСАХНЭ, НЭМН, БНЭМН-ийн шүдний кабинетууд үнэлгээ хийгдээгүй/

Эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилт 82 хувьтай /улсын эмнэлэгт- 89%, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд-76%/, Эрүүл мэндийн сайдын “Эрүүл мэндийн статистик мэдээллийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2010 оны 34 дүгээр тушаалын хэрэгжилт 64.5 хувь /улсын эмнэлэгт-85%, хувийн эмнэлгүүдэд-44%/, “Эрүүл мэндийн байгууллагын халдвар хяналтын тогтолцоог бэхжүүлэх, эмнэлгээс шалтгаалсан халдвараас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” 2010 оны 165 дугаар тушаалын хэрэгжилт 73.5 хувь, “Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг ангилан ялгах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, халдваргүйтгэх, устгах заавар батлах тухай” 2011 оны 158 дугаар тушаалын хэрэгжилт 82 хувьтай хэрэгжиж байна.

Шүд, эрүү нүүрний тусламж үйлчилгээ үзүүлдэг бие даасан улсын эмнэлэг ШЭНЭСТ, бусад нь хувийн хэвшлийн учраас амны хөндийг эрүүлжүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, идэвхтэй үзлэгээр илэрсэн өвчлөлийг хяналтанд авч, эмчлэх ажлыг хувийн хэвшлийн эмнэлгүүд хийхгүй, төрийн эмнэлгүүдийн ажил, ачааллыг нэмэгдүүлж байна.

Эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд ариутгал халдваргүйтгэлийг хийж байгаа 29 эмнэлэгт тусгай зөвшөөрөл олгогдсон байгаа нь аймаг, нийслэлийн ЭМГ-ын Эрүүл мэндийн байгууллагуудад тусгай зөвшөөрөл олгох комиссын ажил хангалтгүй, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахгүй байгаа нь харагдаж байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэг удаа хэрэглэх багаж, материалыг давтан хэрэглэдэг, эрүүл ахуйн шаардлага хангахгүй өрөөнд ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа нь халдвар хамгааллын дэглэмийг ноцтой зөрчин, эмнэлгээс шалтгаалах халдвар гарах нөхцөлийг бүрдүүлж байна. 

 ЭМЯ-ны ариутгал халдваргүйтгэлд хэрэглэх химийн бодисыг улсын бүртгэлд бүртгэх ажил удаашралтай байгаагаас эмнэлгүүд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, өндөр үр дүнтэй, хэрэглэхэд хялбар шинэ төрлийн бодисуудыг хэрэглэх нөхцөл бүрдэхгүй байна.   

Сүүлд нэмэгдсэн мэдээ