Импортын хатаамал сүү, хүүхдийн сүүн тэжээл, өндөр хэмд ариутгасан ундны сүү, иогурт, тамирчдад зориулсан уургийн бэлдмэлийн худалдаалалтад тандалт, хяналт хийсэн тухай

Шинэ Зеланд улсын “Fonterra” компанид үйлдвэрлэсэн “WPC80” код бүхий шар сүүний уургийн хатаасан бэлдмэлийг ашиглан үйлдвэрлэсэн хүүхдийн сүүн тэжээл, өндөр хэмд ариутгасан ундны сүү, йогурт, тамирчдад зориулсан уургийн бэлдмэлүүд Clostridium botulinum нянгаар бохирдсон байж болох талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэнтэй холбогдуулан ХМХГ болон ГЕГ-аас ирүүлсэн судалгаанд үндэслэн эрсдэлд суурилсан тандалт, хяналтыг зохион байгуулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх  зорилгоор  МХЕГ-аас  батлагдсан  02/141 дүгээр тоот удирдамжийн дагуу энэ сарын 8 дугаар сарын 9-өөс 27-ны хооронд тандалт, хяналтыг хийж гүйцэтгэв. 

Хамарсан хүрээ: Нийслэлийн Нарантуул, Хархорин зах, Бөмбөгөр, Меркури хүнсний захууд, Тэнгэр, Замбала, Баясах Трейд, Экстра, Скай, Оргил, Номин, Миний дэлгүүр, БОСА зэрэг 16 худалдааны төвийг оруулж Шинэ Зеланд улсын “Fonterra” компанид үйлдвэрлэсэн “WPC80” код бүхий шар сүүний уургийн хатаасан бэлдмэлийг ашиглан БНХАУ, Малайз, Вьетнам, Тайланд, Саудын Араб, Австрали, Шинэ Зеланд улсад үйлдвэрлэсэн хүүхдийн сүүн тэжээл, өндөр хэмд ариутгасан ундны сүү, йогурт, тамирчдад зориулсан уургийн бэлдмэл, шар сүүний уургийн хатаасан бэлдмэл зэрэг бүтээгдэхүүн  худалдаалагдаж буйд тандалт, хяналтыг явууллаа.

Мөн түүнчлэн АПУ, Витафит-Инвест, ТЭСО зэрэг ХХК-иудын импортлосон Шинэ Зеланд улсын “Fonterra” компаний 220 тн хуурай сүү, түүгээр үйлдвэрлэсэн Цэвэр, Милко, Өглөө  нэрийн ундны сүү, “Цаст фүүдс” ХХК-ны БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Менгниү” компаний “Монмилк” нэрийн /төрөл бүрийн савлагаатай кальциар баяжуулсан, тоор, гүзээлзгэнэ жимстэй, тэргүүн нэрийн/ 6 төрлийн савласан шингэн сүү буюу нийт 11 нэрийн бүтээгдэхүүнээс дээж авч нэгдсэн төв лабораторийн шинжилгээнд хамруулав.

 Мөн импортын эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн болох Герман улсын “Milasan”, “Bebevita”, “Humana”, “Hipp”, “Topfer”, Дани улсын  “Similac”, Нидерланд улсын  “Nutrilon”, Япон улсын  “Wakado hai hai”, Wakado gun gun”, Солонгос улсын  “ Imperal dream ХО five secret”, “Agi sarang soo” нэрийн хүүхдийн сүүн тэжээл, Голланд улсын “Friso хүүхдийн каш, ”Грийн тара” ХХК-ний Малайз улсаас импортлосон шар буурцагны “Soyamilk”, Soyfresh” нэрийн ундны сүү, ОХУ-ын “Милка” нэрийн ундны сүү, “Fruttis”, Сливочны супер экстра, Альпийский вкус, Бабушкино нэрийн иогурт зэрэг 37 нэрийн буюу нийтдээ 48 нэрийн бүтээгдэхүүнээс дээж авч лабораторийн шинжилгээнд хамрууллаа. Харин тамирчдад зориулсан уургийн бэлдмэл шалгалтад хамрагдсан газруудад худалдаалагдаагүй байна.

Шинжилгээний сорилтын дүнгээр АПУ ХК, ТЭСО ХХК, Витафит-Инвест ХХК-иудын импортолсон Шинэ зеландын хуурай сүүний 4 дээжид хийсэн лабораторийн сорилын дүнгээр MNS 2842:2011 “Хатаамал сүү” техникийн шаардлага хангасан бол, хатаамал сүү ашиглан үйлвэрлэсэн ундны 3 төрлийн  шингэн сүү, Цаст фүүдс ХХК-ийн импортолсон 6 төрлийн шингэн сүүний дээжинд Clostridium botulinum илрээгүй бөгөөд MNS6308:2012  Хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ стандартын шаардлагыг тус тус  хангасан байна.

Худалдааны төвүүдээр худалдаалагдаж байсан Герман улсын “Milasan”, “Bebevita”, “Humana”, “Hipp”, “Topfer”, Дани улсын  “Similac”, Нидерланд улсын  “Nutrilon”, Япон улсын  “Wakado hai hai”, Wakado gun gun”, Солонгос улсын “ Imperal dream ХО five secret”, “Agi sarang soo” нэрийн хүүхдийн сүүн тэжээл, Голланд улсын “Friso хүүхдийн каш, ”Грийн тара” ХХК-ний Малайз улсаас импортлосон шар буурцагны “Soyamilk”, Soyfresh” нэрийн ундны сүү, ОХУ-ын “Милка” нэрийн ундны сүү, “Fruttis”, Сливочны супер экстра, Альпийский вкус, Бабушкино нэрийн иогурт зэрэг нийт 37 төрлийн бүтээгдэхүүнүүдэд Clostridium botulinum  нян  илрээгүй байна. Шалгалтанд хамрагдсан бүх худалдааны төв, зах дэлгүүрүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

Шинэ Зеланд улсын “Fonterra” компаний үйлдвэрлэсэн “WPC80” код бүхий шар сүүний уургийн хатаасан бэлдмэл БНХАУ-ын Dumex хүүхдийн тэжээлийн үйлдвэр, Hangzhou Wahaha, Frances Danone болон Coca-Cola-ийн салбар үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн ганзгаар импортлогдон худалдаалагдаж байж болзошгүй тул ийм төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авахдаа хаяг шошгыг сайн шалгаж байх сэрэмжлүүлэг, анхааруулагыг орон нутгийн хэрэглэгчдэд өгч ажиллах талаар албан тоотуудыг аймаг, нийслэлийн МХГ-уудад хүргүүлж ажиллав.

Шинэ Зеланд улсын “Fonterra” компаний үйлдвэрлэсэн “WPC80” код бүхий  шар сүүний уургийн хатаасан бэлдмэлийг ашиглан БНХАУ, Малайз, Вьетнам, Тайланд, Саудын Араб, АНУ-д үйлдвэрлэсэн хүүхдийн сүүн тэжээл, хуурай сүүг хилээр нэвтрүүлэхгүй түдгэлзүүлж  байх, хяналт шалгалтын ажлыг чангатгах тухай албан тоотыг хилийн боомтууд дахь МХГ, хэлтсүүдэд хүргүүлэн мөрдүүлж ажиллав.

Шинэ Зеландын Фонтерра компаниас шар сүү импортолж хүүхдийн сүүн тэжээл үйлдвэрлэсэн байж болох 4 аж ахуй нэгжийн талаарх мэдээлэл олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр цацагдаж байсан тул дээрх аж ахуй нэгжүүдийн талаар  мэдээлэл авахаар  Монгол улсад суугаа БНХАУ-ын элчин сайдын яамаар дамжуулан тус улсын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газарт албан тоот хүргүүлээд байна. Өнөөдрийн байдлаар албан ёсны хариуг манайд ирүүлээгүй байна.

МХЕГ-аас ДЭМБ, ЭМЯ-тай холбогдон авсан Олон улсын “INFOSAN”-ийн албан ёсны мэдээлэл болон авч тус газрын гадаад харилцааны хэлтсээс цуглуулсан мэдээ материалуудаас үзвэл  Шинэ зеландын Фонтерра компаний Clostridium botulinum  нянгаар  бохирдсон шар сүүний уургийн хатаасан бэлдмэлийг хүлээн авсан байж болзошгүй 8 компанийн талаар мэдээлэл ирүүлжээ. Энэ мэдээлэлд Клостридум ботилинум нянгийн биологийн  шинж чанар болон уг нянгаар бохирдсон хүнс хэрэглэснээс үүдэн үүсч болох эмгэгийн талаар дурьдан БНХАУ, Австрали, Малайз, Сингапур, Япон, Вьетнам, Филлипин, БНСУ, Бруней, Индонез, ОХУ, Тайланд, Швейцари, Саудын Араб, Катар зэрэг улс орнуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар  мэдээлсэн байна.

Мөн 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ДЭМБ-ын Монгол улс дахь Суурин төлөөлөгчийн газраас Шинэ Зеландаас БНХАУ руу экспортолсон 390 кг лактоферринд нитратын хэмжээ үйлдвэрлэгч орны стандартаас өндөр байгаа талаар мэдээлэл ирүүлснийг холбогдох газар, хэлтэс, улсын байцаагчдад хүргүүлэн мэдээллийн дагуу судлаж байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын

Хүнс, Хөдөө аж ахуй, үйлдвэр, үйлчилгээний хяналтын газар

Сүүлд нэмэгдсэн мэдээ