Уянга суманд хяналт шалгалт хийлээ

Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Уянга сумын нутагт олборлолт хийж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, сумын нийгмийн халамжийн сангаасолгож байгаа жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхэд олгож байгаа тэтгэмж, эхийн алдар одонтой эхэд олгож байгаа мөнгөн тусламжийн байдал, сумын газар зохион байгуулалтын төлөвлөлт, түүний хэрэгжилт, газар олголтын үйл ажиллагаа, хууль бусаар ан амьтан агнах, барих, түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийг хамгаалах үйл ажиллагаанд тус тус хамтарсан шалгалтыг энэ сарын 09-12-ны өдрүүдэд хийлээ.

Байгаль орчны хяналтаар: Уянга суманд нутагт алт олборлолт хийж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд Аймгийн Засаг даргын баталсан удирдамжаар Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Татварын хэлтсээс хамтарсан шалгалт хийсэн. Шалгалтанд Онолт мөнх ХХК /MY-016868/, Аум-Алт /MY-000362/ ХХК, Тайга-Инвест ХХК /MY-007104/, Буд-Ундрам ХХК, Түгж хайрхан ХХК /15065А/, Өлтийн MY-000362 тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулж байгаа компани хамрагдлаа.

Дээрх аж ахуйн нэгжүүд холбогдох газраар хянуулж батлуулсан уулын ажлын төлөвлөгөө болон байгаль хамгаалах төлөвлөгөөгүй, 2013 оны газар, ус ашиглах гэрээ хийгээгүй, ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, үүсмэл орд дээр үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох зорилгоор Засгийн газрын 174 дүгээр тогтоолоор батлагдсан хамгаалалтын бүсэд угаах төхөөрөмжүүдийг суурилуулсан нь “Ашигт малтмалын тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, “Усны тухай” хуулийн 28 дугаар зүйл, 22 дугаар зүйлийн 22.6, “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтуудыг зөрчиж байна. Түүнчлэн Уянга сумын 6 дугаар багийн иргэдийн нийтийн хурлыг төлөөлж дарга Ш.Батбаяр “Хамтран ажиллах, харилцан туслах” гэрээг Арвайн-Уянга ХХК, Уянга-Итгэл ХХК-тай байгуулж олборлолт явуулахыг хууль бусаар зөвшөөрсөн байна. Ус ашиглах дүгнэлтгүй үйл ажиллагаа эхлүүлсэн Онолт мөнх-ХХК, Бөөрөлжүүт газарт үйл ажиллагаа зөвшөөрөлгүй эхлүүлсэн Шар зүлэг, Соёл-Арвижих, Сэнгэ-Адэр, Энх-Онолт, Арвайн-Уянга ХХК-иудын үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоов. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, нөхөн сэргээлт хийх нэрийн дор ашигт малтмал олборлох сонирхол байна. Техникийн нөхөн сэргээлт хийсэн талбай жил бүр нэмэгдэж байгаа боловч стандартын шаардлага хангахгүй байна. Уг шалгалтын дүн эцэслэн гараагүй байгаа бөгөөд шалгалтын үр дүн, авсан арга хэмжээний талаар эргэн мэдээлэх болно.

ЖИЧ: Тухайн шалгалтанд аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Татварын хэлтэс зэрэг байгууллагууд хуульд заагдсан өөрсдийн үүрэг чиглэлийн дагуу ажилласан бөгөөд Татварын хэлтэст хамааралтай татвар хураамж, усны төлбөрийн асуудалд Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчдын зүгээс ямар нэг байдлаар оролцоогүй болно.

Нийгмийн хамгааллын чиглэлээр: Уянга сумын нийгмийн халамжийн сангаас олгож байгаа жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхэд олгож байгаа тэтгэмж, эхийн алдар одонтой эхэд олгож байгаа мөнгөн тусламжийн байдалд шалгалт хийлээ. Шалгалтад жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхэд олгож байгаа тэтгэмжийн 302, эхийн алдар одонтой эхэд олгож байгаа мөнгөн тусламжийн 761 хувийн хэргийн бүрдэл, олголтыг программтай нэгбүрчлэн тулгах байснаас 602 хувийн хэргийг нэг бүрчлэн тулгаж, тэтгэмж урамшууллын олголтыг сангийн зарцуулалтаас түүж үзлээ. Энэ шалгалтаар хувийн хэргийн баяжилтийг бүрэн хийгээгүй, багийн Засаг даргын болон эмчийн тодорхойлолт буруу, он сар зөрүүтэй, тамга тэмдэггүй,  халамжийн сангийн нэгдсэн программд тухай бүр өөрчлөлтийг хийгээгүй, тэтгэмжийн кодийг программд зөрүүлж оруулсан, амьжиргааг дэмжих хурлын шийдвэр нь тодорхойгүй, гишүүдийн саналыг бүрэн тусгаагүй зэрэг зөрчил илэрлээ. Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхэд олгож байгаа тэтгэмжийн хувийн хэргийг 12 сараар нээж баяжилт хийдэггүй тул тэтгэмж авч байгаа хугацаанд эндсэн, нас барсан, жирэмслэлт зогсоогдсон зэрэг эрсдлийг тооцож ирээгүй байна. 1 дүгээр одонтой эхийн тэтгэмжийн 3 хувийн хэрэг дутагдсаныг нөхөн бүрдүүлэхийг нийгмийн ажилтанд үүрэг болгов. Нас барсан 1 хүүхдэд 120,0 мянган төгрөг илүү олгосон, 1 эхэд одонгийн тусламж 100,0 мянган төгрөг олгосныг буцааж төлүүллээ.

Газрын харилцааны талаар: 2013 оны 04 дүгээр сарын 29-өөс 05 дугаар сарын 02-ны өдрүүдэд газрын даргын баталсан 2013 оны 04 дүгээр сарын 29-ний 15/115 дугаар удирдамжаар Уянга сумын газар зохион байгуулалтын төлөвлөлт, түүний хэрэгжилт, газар олголтын үйл ажиллагаанд шалгалт хийж шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар 15/04/014/112 дугаартай 9 заалт бүхий албан шаардлага хүргүүлсэн. Энэхүү албан шаардлагын хүрээнд сумын газрын даамал н.Саранцэцэгийг байлцуулан гүйцэтгэлийн шалгалт хийхэд 88,7 хувийн биелэлттэй байна. Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан хөтөлбөрийн дагуу “АУМ АЛТ” ХХК-ий газар эзэмшил, ашиглалтын байдалд захирал Ц.Мягмардорж, дэд захирал н.Цэрэндэгд нарыг байлцуулан зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, 2.12 “Газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг шалгах хяналтын хуудас”-аар 177 оноо буюу 88,9 хувиар “Их” эрсдэлтэй үнэлэгдлээ. Иймд холбогдох хууль эрхзүйн зөвлөмж, зааврыг өгч ажиллалаа. АУМ АЛТ ХХК нь Ашигт малтмал ашиглалтын 362А тусгай зөвшөөрлөөр 829 га, 421А тусгай зөвшөөрлөөр 148,7 га-д газарт үйл ажиллагаа явуулдаг байна. Тус компани нь газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгүй, гэрээ байгуулаагүй, газрын төлөв байдал, чанарын хянан магадлагаа хийлгээгүй, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, газар, усны төлбөрийг үндэслэлгүйгээр төлдөг, ашиглалтын талбай нь ой, усан бүхий газрын хамгаалалтын бүсэд байрласан зэрэг зөрчлүүд илэрсэн. Ашиглалтын талбайгаа 33 хэсэгт хувааж 15 аж ахуйн нэгж, иргэнтэй нөхөн сэргээлтийн гэрээ байгуулсан, 15 иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээгүйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Ан агнуурын чиглэлээр: Сумын төвийн хүнс, түүхий эдийн худалдааны захууд, Жаргалант 1-р багийн нутаг болох Бөмбөхий, Цагаан гол, Шурангийн цохио, Нарийний гол,  Муруйн ам зэрэг ан агнуурын амьтны идээшил нутгууд нутагт хууль бусаар ан амьтан агнаж байгаа эсэхэд эргүүл шалгалт хийхэд, Жаргалант багт тарвага агнахыг завдсан 1, худалдан авсан 1, худалдсан 1, тээвэрлэсэн 2 иргэнийг саатуулж, Амьтны тухай хуулийн 39.1.8-39.1.9 хуулийн дагуу 1125000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 18 ш хатаасан арьсыг хураав. Эргүүлийн явцад Цагдаагийн байгууллагад бүртгэлгүй, буу эзэмших эрхийн үнэмлэхгүй галт зэвсэг ашиглаж байсан 2 иргэний 3 галт зэвсгийг хураан Уянга сумын Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өглөө.

Соёлын чиглэлээр: Уянга сумын ЗДТГ, Соёлын төвд түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийн хадгалалт хамгаалалтын чиглэлээр Зөвлөн туслах ажлыг хийж холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчилах, соёлын өвийг хамгаалах, Соёлын төвийн мэдээллийн санд бүртгэлтэй 150 дурсгалт зүйлсийг нутгийн иргэдээр хамгаалуулж, эзэнжүүлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Сүүлд нэмэгдсэн мэдээ