Ургамал хамгаалах химийн бодис, бордоо импортлох, хадгалах, худалдах үйл ажиллагаа болон хүлэмжийн аж ахуй эрхэлдэг ААН, иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай

Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт ургамал хамгаалах химийн бодис импортлох, борлуулах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ААН болон хүлэмжийн аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд холбогдох хуулиудын хэрэгжилт, дүрэм, журмыг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах, гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, химийн бодисын худалдаа, хадгалалт, тээвэрлэлт, хэрэглээтэй холбогдсон хүнсний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор энэ оны тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 01-ны хооронд хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтанд ургамал хамгаалах химийн бодис болон бордоо импортлох, худалдан борлуулах, тусгай зөвшөөрөлтэй 13 ААНБ, хүлэмж, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг 15ААНБ, иргэн шалгалтанд хамрагдсан.

Шалгалтын явцад аж ахуйн нэгжүүдийн бичиг баримтын бүрдэлт, агуулах, зоорийн ариутгал халдваргүйжүүлэлтийн байдал, ургамал хамгаалах бодис, бордооны хадгалалтын нөхцөл, ажлын байр стандартын шаардлага хангасан эсэх, ургамал хамгаалах бодис, бордоог шинжилгээ баталгаажуулалтанд хамруулсан байдал, тариалалтанд хэрэглэсэн үрийн гарал үүсэл, баталгаажилт, хүлэмжийн өвчин хортон, хөнөөлт шавьж, хог ургамлын тархалт,ургамал ургалтын хугацаанд  Монгол Улсад хэрэглэхийг зөвшөөрсөн ургамал хамгаалах химийн бодисыг зохих хугацаанд, зөвөлсөн тун хэмжээгээр хэрэглэсэн эсэх, зах зээлд нийлүүлж буй түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, үйлдвэрлэл эрхлэгч хүнсний сүлжээний өөрт хамаарагдах үе шат бүрт дотоодын хяналт тавьж буй байдалд хяналтын хуудсаар эрсдэлийн түвшинг тогтоож, үнэлэлт дүгнэлт өглөө. Хүлэмжийн аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг ААН, иргэний үйлдвэрлэсэн ургамал, ургамлын гаралтай түүхий эдээс 14 дээж авч хорио цээр, химийн бодис /нитрат, хлорт болон фосфор органик пестицид/-ын үлдэгдлийн шинжилгээнд хамруулж, дүгнэлт гаргасан.

Илэрсэн зөрчлийг бүтцээр нь ангилбал, нийт шалгуулсан ААНБ-ын 60 гаруй хувь нь өөрийн агуулахтай боловч тухайн химийн бодисыг хадгалах нөхцөлийг хангаагүй; химийн бодистой ажиллах аюулгүй ажиллагааны дүрэм боловсруулж, холбогдох албан тушаалтнаар батлуулан үйл ажиллагаандаа мөрддөггүй;хөрсөнд бүтцийн болон агрохимийн шинжилгээ хийлгүүлээгүй, бордоо сангасыг бэлтгэх технологи, агротехникийн заавар мөрдөж ажилладаггүй, бүртгэл хөтөлдөггүй; дотоодын хяналтын ажилтан томилж, журам батлуулсан боловч үйл ажиллагаандаа мөрдөж ажилладаггүй байжээ. Мөн тал хувь тухайн бодисынэрсдлийн үнэлгээ хийлгүүлээгүй, сэргийлэх арга хэмжээ болон хаягдалыг хоргүйжүүлэн устгах асуудлыг тусгаагүй; ажлын байранд галын дүгнэлт гаргуулаагүй, сорилт туршилтаар шаардлага хангасан эсэх талаар дүгнэлт гаргуулаагүй: 37,5% нь ажиллагсадыг хөдөлмөр хамгааллын хувцасаар хангаагүй зэрэг зөрчил илэрсэн байна. Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн 42,8% нь талбайн түүх, тариалалтын явц, технологи мөрдөлт, ургамал ургалтын хугацаанд өвчин, хортон, хог ургамлын тархалтын бүртгэл хөтлөж хадгалдаггүй зөрчил мөн илэрчээ.

Давхардсан тоогоор 254 зөрчил илрүүлж, 58,6 хувийг газар дээр нь арилгуулан, “Дөрвөн түшиг”, “Түмэн сүйх”, “Наран зүг”, “Баян цагаан хайрхан” ХХК зэрэг 9 ААН-д 40 заалт бүхий албан шаардлага өгч, зөрчил бүхий 5 ААН, иргэнд 1.580.000 төгрөгийн шийтгэвэрийн арга хэмжээ авч, барагдуулсан. Шалгалтанд хамрагдсан нийт ААН, байгууллагын ажилтан, ажиллагсадад шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал, түүнийг хэрхэн арилгах, дотоод хяналтыг хэрхэн зохион байгуулах, хорио цээрийн дэглэмийг хэрхэн мөрдөх зэрэг сэдвээр сургалт зохион байгуулж, холбогдох гарын авлага, зөвлөмжийг тараан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. 

Шалгалтанд хамрагдвал зохих объектын 96 хувь хамрагдсанаас “Ургамал хамгааллын тухай” хуулийн хэрэгжилт 76,7 хувь, “Химийн хорт болон аюултай бодисын тухай” хуулийн хэрэгжилт 72.6 хувь, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай" хуулийн хэрэгжилт 66,0 хувь, “Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн хэрэгжилт 100 хувь, Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журмын хэрэгжилт 70.9 хувь, Засгийн газрын газрын 311-р тогтоолын хэрэгжилт 62,5 хувь, нийт 4 хууль, 1 журам, 1 тогтоолын 51 заалтын хэрэгжилт дундажаар 72,4% -тай байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ