“Тамхины хяналтын тухай” хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн тухай

“Тамхины хяналтын тухай”, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргаж, тамхины худалдаа, үйлчилгээ, дам тамхидалтаас үүдэлтэй сөрөг үр дагавраас хүн амын эрүүл мэндийг хамгаалах, тамхинаас шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зорилгоор энэ оны 2, 3 дугаар улиралд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

Шалгалтанд  21 аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа 396 албан байгууллага, тамхин бүтээгдэхүүнээр худалдаа үйлчилгээ эрхэлж буй 1303 аж ахуйн нэгж, байгууллага, 131 бөөний худалдаа, 1114 жижиглэн худалдаа, 262 ил задгай худалдаа эрхлэгчид нийт гурван мянга гаруй ААНБ, иргэд хамрагдлаа.

Шалгалтын явцад тамхины үйлдвэрлэл, хайрцаг, сав, баглаа боодол, хаяг, шошгололт, санамж анхааруулга, тамхины сурталчилгаатай холбоотой зөрчил илрээгүй байна. Харин тамхины худалдаа болон хэрэглээнд дараах нийтлэг зөрчил, дутагдал илэрсэн. Үүнд:

Тамхийг зөвшөөрөлгүй болон ширхэглэн худалдаалах зөрчил шалгалтад хамрагдсан объектуудын хувьд нийслэлд 20%, аймаг, сумдад 5.4% байгаа нь “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.4, “Тамхины хяналтын тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.8  дахь заалтуудыг зөрчсөн байна. Жишээлбэл: Баян-өлгий аймгийн “Тирлик” зах, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Цагаан гэр”, “Бишрэл”, “Ихэр хайрхан”, “Буман агт” ХХК-ны “Ундрал” хүнсний дэлгүүрүүдэд тамхийг тусгай зөвшөөрөлгүй худалдан борлуулсан. Мөн Баянзүрх дүүргийн “Ундрам”, “Соёмбо”, “Их худагтай” ХХК, иргэн н.Нарантуяа, Б.Оюунцэцэг нарын дэлгүүрийн худалдагч нар тамхи ширхэглэн худалдаалж байсан болон гудамжинд ил задгай худалдаа эрхэлж буй иргэд тамхи нууцаар худалдаалж байсан.

Мөн албан байгууллагуудад /төрийн болон хувийн хэвшлийн/ утаат тамхи татахыг хориглосон газарт тамхи татуулсан, Тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлэх талаар дотоод журамдаа өөрчлөлт оруулж мөрдөж ажиллаагүй байгаа нь Тамхины хяналтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6, 9.2 дахь заалтуудыг зөрчсөн байна. Жишээлбэл: Орхон аймгийн Татварын хэлтэсБайгаль орчин, аялал жуулчлалын газар.

Эдгээр нийтлэг зөрчил дутагдал нь ААНБ, иргэдийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг, амьжиргааны түвшин доогуур, орлого багатайгаас шалтгаалан нь нууцаар, далд хэлбэрт шилжин худалдаалагдах, хориглосон газарт утаат тамхи татахад нөлөөлж байна. Шалгалтаар нийт 1012 зөрчил илрүүлэн 802 зөрчлийг нь газар дээр нь арилгууллаа. Тамхины хяналтын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн 5 ААНБ-д 8.108.000 төгрөгийн, 3 албан тушаалтанд 4.212.000 төгрөгийн, 51 иргэнд 2.550.000 төгрөгийн, нийт 59 ААНБ, албан тушаалтан, иргэнд 14.870.000 төгрөгийн шийтгэврийн арга хэмжээг дээрх хуулийн холбогдох заалтын дагуу тооцож, давхардсан тоогоор 135 нэр төрлийн 3361 хайрцаг 7.172.280 төгрөгийн үнэ бүхий тамхийг хурааж харъяа аймаг, дүүргийн Засаг даргын дэргэдэх захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг хураах, устгах улсын орлого болгох орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн байна.“Тамхины хяналтын тухай” хуулийн холбогдох заалтуудын хэрэгжилт Нийслэлд 87,3%, орон нутгийн хэмжээнд 97,1% улсын хэмжээнд 92,2%-ийн үзүүлэлттэй шалгагдсан. Уг хуулийн “нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газруудад тамхи худалдаалахгүй, татахгүй байх” заалтын хэрэгжилт 100% хангалттай хэрэгжиж байна. Харин тамхи ширхэглэн худалдах, зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт тамхи худалдаалах заалтын хэрэгжилт хангалтгүй байгаа нь иргэдийн амьжиргааны түвшин доогуур, орлого багатай, хууль эрхзүйн мэдлэг дутмаг, нөгөө талаар дүүрэг, хороодын Засаг дарга, цагдаагийн болон бусад эрх бүхий байгууллагын хоорондын уялдаа холбоо сул, хяналт шалгалтыг байнга тавьж ажиллахгүй байгаатай холбоотой гэж үзэж байна. Аж ахуйн нэгж, байгууллага нь тамхины хяналтын үйл ажиллагаатай холбогдсон зохицуулалтыг байгууллагынхаа дотоод журамд тусгаж хэрэгжүүлэх заалтын хэрэгжилт хангалтгүй дүнтэй шалгагдав. Шалгалтанд хамрагдсан нийтийн хоол үйлдвэрлэл, баар цэнгээний газруудад тамхи худалдаалах болон тамхи татах явц бүрэн арилсан байна.

Аймаг, нийслэлийн Засаг дарга нар тухайн орон нутгийн байршил онцлогоос хамаарч 1 аймагт дундажаар 35-220 /1162/, нийслэлд 2397 нийт 3559 ААНБ, иргэний тамхи худалдаалах үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. “Тамхины хяналтын тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.8 дах заалтын  “Тамхийг ширхэглэн худалдах, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхины үйлдвэрлэсэн боодлыг задалж буюу ороож худалдах” хэрэгжилт орон нутагт 95,5%-тай, Нийслэлийн хэмжээнд 80%-тай шалгагдсан байна. Мөн “Зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт тамхи худалдах” заалтын хэрэгжилт орон нутагт 94,9%-тай, нийслэлийн хэмжээнд 80%-тай тамхийг зөвшөөрөлгүй цэгт гар дээрээс нууц байдлаар далд хэлбэрээр худалдаалж байсныг илрүүлэн тогтоож хариуцлага тооцож ажилласан. 

Мөн “интернэтээр тамхи худалдах” заалтын хэрэгжилт 100%-тай, харин “ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдах”-ыг хориглох заалтын хэрэгжилт 94,6%-тай, “Аж ахуйн нэгж, байгууллага хуульд заасан тамхины хяналтын үйл ажиллагаатай холбогдсон зохицуулалтыг байгууллагынхаа хөдөлмөрийн дотоод журамд тусгаж,  хэрэгжилтэд нь хяналт тавина” заалтын хэрэгжилт 86%-тай, “Аж ахуй нэгж, байгууллагын орох хаалга, хүлээлгийн танхим, хонгил, бие засах газар болон бусад шаардлагатай газарт тамхи татахыг хориглосон анхааруулах тэмдэг байрлуулна” заалтын хэрэгжилт 94,6%-тай шалгагдлаа.Шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагуудын 70-аас илүү хувь нь байгууллага, хамт олноороо тамхигүй хамт олон болох ажил өрнүүлж, сургалт соён гэгээрүүлэх ажил ажлыг зохион байгуулж иргэдийг дам тамхидалтаас сэргийлэх боломжийг бүрдүүлж байгаа сайн талтай байна. Жишээлбэл: Дундговь аймагт 5 байгууллага тамхи татдаг 17 ажилчидтайгаа гэрээ байгуулж 8 нь тамхинаас гарч урамшуулал олгосон, Говь-алтай аймгийн Тайшир сум “Тамхины эсрэг–хамтдаа” уриан дор “Тамхигүй спорт” хос теннисний тэмцээн зохион байгуулсан, мөн сумын хэмжээнд багууд, хөршийн холбоодын дунд тамхинаас өөрөө болон 10 хүнийг тамхинаас гаргасан хүнд 50,000 төгрөгийн урамшуулал олгох уралдаан зарлан ажилласан байна. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ