Ховд аймгийн сурагчдын Үдийн цайнд шалгалт хийлээ

Монгол Улсын холбогдох хуулиуд, дүрэм журмын хэрэгжилтэнд хяналт тавьж хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, санал дүгнэлт гаргах замаар 2012 онд тогтоосон эрсдлийн ангиллыг үндэслэн эрсдлийг бууруулах, аюулгүй байдлыг хангуулах зорилготойгоор Ховд аймгийн ерөнхий боловсролын нэг, хоёрдугаар дунд сургуульд шалгалт хийлээ. Шалгалтыг ерөнхий боловсролын сургуулиудын эрүүл ахуйн нөхцөл, халдвар хамгааллын дэглэм, хоол үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудсаар явуулан, “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж буй сурагчдын бие бялдрын өсөлт хөгжилтөнд үнэлгээ өгөх, үдийн цайгаар авбал зохих үндсэн шимт бодис ба илчлэгийн хэмжээг тооцоолох, сургуулийн бие засах газрын суултуур, гар угаагуурын тоо, стандартад нийцсэн эсэх, гарын ариун цэвэр сахих нөхцлийг хэрхэн бүрдүүлсэн зэрэгт үнэлгээ дүгнэлт өгөв.

Шалгалтын явцад ерөнхий боловсролын нэг, хоёрдугаар сургуульд үдийн цай нийлүүлж буй “Хатан түнгэл” ХХК, “Ховд скай” ХХК-уудын нийлүүлсэн тараг нь Эрүүл мэндийн сайдын 2006 оны 379/341 дүгээр тушаалын 3-р хавсралтад заасан бага үдийн цайгаар авах бүтээгдэхүүний илчлэг чанарын шаардлага хангахгүй үзүүлттэй гарсан, тусгай тоноглогдсон кабинетууд агааржуулалтын механик болон, автомат тоног төхөөрөмжгүй, хатуу хог хаягдлын цэг шаардлага хангахгүй, “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж байгаа сурагчид гар угаах, халдваргүйжүүлэх нөхцөл боломж бүрдээгүй, сургуулийн цайны газраас авсан эрүүл зүйн бичил нян судлалын арчдасын шинжилгээгээр гэдэсний савханцар өндөр үзүүлттэй гарсан, унд, ахуйн халуун усаар тасралтгүй хангагдаагүй, зохиомол гэрэлтүүлэг хүрэлцээгүй зэрэг зөрчлүүд илэрчээ.  Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас дээрх хоёр сургуульд улсын байцаагчын дүгнэлт болон хугацаатай албан бичиг хүргүүлэн ажиллаж байна.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Сүүлд нэмэгдсэн мэдээ