Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа мал нядалгааны газруудад хяналт шалгалт хийсэн тухай

Нийслэлийн Налайх, Сонгинохайрхан, Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нядалгааны газруудад “Малын  удмын сан, эрүүл мэндийг хамгаалах  тухай”, ”Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай”, ”Хүнсний тухай”, ”Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуульд мал, мах тээвэрлэх, тууварлах, мал нядлах, мах худалдан борлуулах үйлчилгээ эрхлэгчдийн хүлээх үүрэг хариуцлагатай холбогдсон заалтууд болон “Мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээ, түүнийг хэрэглэх” журмын хэрэгжилтийн явц байдлыг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, бүтээгдэхүүний мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа байдалд үнэлгээ дүгнэлт өгч, хүнсний  аюулгүй байдлыг хангуулах зорилгоор шалгалтыг  2013 оны 9 дүгээр сарын 16- 26-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.

Шалгалтанд Сонгино-хайрхан, Хан-уул, Налайх дүүрэгт мал нядлах үйл ажиллагаа эрхлэн явуулж буй аж ахуйн нэгж 14, иргэн 6 хамрагдлаа. Шалгалтанд хамрагдсан мал нядалгааны газрууд нь хөдөө орон нутгаас туувраар болон тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэн ирсэн малыг нядалгаанд хүлээн авч, малын эмчийн үзлэг шинжилгээнд хамруулан, бүртгэл хөтөлж, нядалсны дараа зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэн Нийслэл хотын хүнсний захуудад нийлүүлж байна. “Мах импекс”, ”Монгол мах экспо” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэр нь журам, стандартын дагуу үйлдвэрлэлийн аргаар мал нядалгааг хийж улсын нөөцөд болон гадаадад мах экспортлох үйл ажиллагааг эрхэлж байна.

“Төв Магис” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэр нь 2011 оны  9-р сард  ашиглалтанд орсон, хоногт 2 тн мах  боловсруулах хүчин чадалтай, бод, богийн мах ангилан жижиглэн савлах цех, бууз, банш  үйлдвэрлэх  цех,  мах  хөлдөөж  хадгалах  тус  бүр  нь  20 тн-ын  багтаамжтай  4  камер, түүхий  эд, сав  баглаа  боодлын  агуулахтай, зориулалтын тоног төхөөрөмжүүдтэй байна.

“Саян-уул”  ХХК-ийн мал нядалгааны газар нь 2011 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Мах боловсруулах, нядалгааны үйлдвэрийн цогцолбор барилга нь 2 давхар, 12 өрөө тасалгаатай, нийт 720 м кв талбайтай. Нядалгааны цех нь Итали улсад үйлдвэрлэсэн мал нядлах зориулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бод, богийн шугамтай. Нэг ээлжиндээ 150 бод, 400 бог мал нядлах  нядалгааны цех, хоногт 10 тн хүртэл мах шулж, ангилж, төрөлжүүлэх, бэлтгэж боловсруулах цехтэй.

“Монгол эко мах “ ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн ажлын байр нь нийт 2448 мянган м кв талбайтай мал хүлээн авах, сойх хашаатай, 1 ээлжиндээ 200 бод, 500 бог мал нядлах хүчин чадал бүхий цехтэй. Хоногт 10 тн хүртэл мах шулж, ангилж, төрөлжүүлэн бэлтгэж боловсруулах цехтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Тус компани нь Азербайджан улсад хонины мах экспортлохоор МХЕГ-ын даргын үүрэг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 235 дугаар тушаалаар томилогдсон улсын байцаагчийн хяналтын дор  экспортын зориулалтын мах бэлтгэж байна.

Баянзүрх дүүргийн “Ажигана ” Мах импекс ХХК нь хоногт 22-30 мян.толгой шувуу нядлах хүчин чадал бүхий МХЕГ-аас олгосон  импортын мэдэгдлийн дагуу нийт 3 удаа 40,0 мян.ширхэг үржлийн өндгийг импортлон оруулан ирж  бойжуулан 28-42 хоногийн настай шувууг нядалгаанд оруулж 22-07-04 тоот код бүхий өөрийн мал эмнэлэг, лабораторийн баталгаажилтаар зах зээлд нийлүүлж байна. 

Бусад мал нядалгааны газрууд нь уламжлалт гар аргаар нядалгаа хийдэг. Шалгалтын явцад ”Монгол эко мах” ХХК,-ийн нядалгааны газар нь үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй, “Давшил трейд” ХХК-ийн нядалгааны газар Эмээлт дэх түүхий эдийн захын ойролцоо нүүн шилжихээр болсон тул үйл ажиллагаа нь  зогссон байна.    

Одоогоор СХД-ийн 32-р хороо, Эмээлт, Налайх, Хан-уул дүүрэгт нийт 20 нядалгааны газар үйл ажиллагаа тогтмол явуулж байна. Шалгалтад хамрагдсан мал нядалгааны газруудыг “Мах эхлэн боловсруулах үйлдвэрлэлийг шалгах” хяналтын хуудсаар дүгнэлээ.

Илэрсэн зөрчил дутагдал  

Мал нядалгааны газруудад тээвэрлэгдэн, тууварлагдан ирж байгаа малд тухайн орон нутгаас олгосон мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээнд бичигдсэн нэр төрөл, зүс, тоо хэмжээ зөрөх зөрчил арилахгүй байгаа; Нийслэлийн АТШНэвтрүүлэх 22-ын товчооноос Эмээлт зах хүртэлх зөвшөөрөлгүй цэгт малын худалдаа эрхлэх, мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй ил задгай газар мал нядалж байгаа; Шалгалтанд хамрагдсан нядалгааны газруудын 76.4 % нь мал эмнэлэг ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд гар аргаар мал нядалж байгаа: 70 хувь нь  ажиллагсадаа ариун цэвэр, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр дотооддоо болон гадны  сургалтанд хамруулаагүй, ажиллагсадын мэргэжил ур чадварыг нь дээшлүүлдэггүй; 65% нь ажлын байр, талбай, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн дамжлагад хэрэглэх эргэлтийн хайрцаг, тэргэнцэр сагс болон зөөврийн тавиурыг журмын дагуу цэвэрлэж ариутгал халдваргүйтгэлд хамруулдаггүй; 50% нь хортон шавьж мэрэгчдээс урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл, устгалыг хийж бүртгэл хөтөлдөггүй зэрэг зөрчлүүд илэрлээ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Амьд малын худалдаа” гаргах тухай 164 тоот захирамжаар малын худалдааг тус дүүргийн 32 дугаар хороо “Эмээлт зах” ХХК-ийн хашаанд төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн хэдий ч баруун болон төвийн аймгуудаас тээврийн хэрэгсэл болон туувраар орж ирж буй малыг хориглосон бүс болох  АТШНэвтрүүлэх 22-ын авто тээврийн шалган бүртгэх товчооны орчимд мал худалдаалах, нядлах зөрчил байнга гарч зөрчлийг тухай бүрд нь арилгуулах, таслан зогсоох зэрэг арга хэмжээ авч  ажиллалаа.

Шалгалтанд хамрагдсан уламжлалт гар аргаар мал нядалгаа явуулж буй мал нядалгааны цэгүүдэд “Мах эхлэн боловсруулах үйлдвэрлэлийг шалгах” хяналтын хуудсаар дүгнэж, эрсдлийн үнэлгээг хийхэд нийт 14 аж ахуйн нэгжээс 6 дунд, 8 их эрсдэлтэй, үйлдвэрийн аргаар мал нядалгаа явуулж буй 6 аж ахуйн нэгжээс  5 нь бага, 1 нь дунд эрсдэлтэйгээр тус тус дүгнэгдсэн байна.   

Нийслэлийн орчимд үйл ажиллагаа явуулж байгаа мал нядалгааны газар, мал нядлах үйлдвэрүүдэд тээвэрлэгдэн тууварлагдан ирж байгаа мал мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээгүй ирэх, мал эмнэлгийн халдварт паразит өвнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдсан эсэх нь тодорхойгүй байгаа зэрэг нь “Боом” өвчний байгалийн 18 голомт байдаг нийслэлийн хувьд энэ өвчний халдвар тархах эрсдэл өндөр байна.

Хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдлыг дүгнэхэд “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн хэрэгжилт 68,5 %, “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн хэрэгжилт 40%, “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тухай” хуулийн хэрэгжилт 53%-тай байна.

Шалгалтанд хамрагдсан мал нядалгааны газруудын 10% нь төвлөрсөн, 90 % нь хэсгийн усан хангамжинд холбогдсон боловч 50% нь зөөврийн усыг ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа нь мал эмнэлэг, ариун цэвэр. эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна.

Шалгалтын явцад нийт 350 зөрчил илрүүлж 28,5%-ийг нь арилгуулан их эрсдэлтэйгээр дүгнэгдсэн болон зөрчилтэй байсан 11 аж ахуйн нэгж, 6 иргэнд нийт 331 заалт бүхий 17 албан шаардлага хүргүүлж, Иргэн Гэрэлбат, Батбилэг, Явуу, “Ариунболдхүү” ХХК зэрэг мал нядлах үйл ажиллагаа явуулж байгаа 4 аж ахуйн нэгжид холбогдох хуулийн дагуу 1252,0 мян.төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч барагдуулав.

Сүүлд нэмэгдсэн мэдээ