Ховд аймагт зохион байгуулагдсан Баруун бүсийн дотоод хяналтын сургалт, “АРД ТҮМЭН ТА ХААН” Форум, хэлэлцүүлгээс гаргасан иргэдийн санал хүсэлтийн хүрээнд зохион байгуулах сарын ажлын төлөвлөгөөний дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2013 оны 10 сарын 12-ны өдрийн 21-02-010/120 тоот удирдамжаар Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт хүнсний худалдаа, үйлчилгээ явуулж буй “Хан-орд”, “Бугаан гол” худалдааны төвүүдийн үйл ажиллагаанд Монгол Улсын “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай”, “Давс иоджуулж, иод дутлаас сэргийлэх тухай”, “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай”, “Ургамал хамгааллын тухай” хуулиуд болон холбогдох дүрэм, журам стандартуудын хэрэгжилтийг шалгаж дүгнэлт өгөх, илэрсэн зөрчлийг арилгуулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулан шийдвэрлүүлэх хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар мах, ногоо, сүүний худалдаа эрхлэгчдийн 80%-нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдаагүй, Махны худалдааны газрын ариун цэврийн өрөөний эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангаагүй, тухайлбал гар угаах нөхцлөөр хангаагүй, халуун хүйтэн усны хэсгийн болон төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй, Хүнсний ногоо худалдаалах газар нь агааржуулалтгүй, лангуу зориулалтын бус, ногоо хадгалах агуулахгүй, ажлын байранд ариутгал халдваргүйтгэл, шавьжгүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлээгүй, Тус захын эзэмшил газарт 9 түрээслэгч иргэн хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай, зориулалтын бус газарт хүнсний жижиглэнгийн худалдаа хийж байгаа нь хүнсний барааны хадгалалт, борлуулалтын горимыг зөрчиж улмаар хүнсний чанар аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх боломжийг бүрдүүлж байна. Хяналтын хуудсаар шалгахад “Хан орд” зах их эрсдэлтэй, “Бугаан гол” зах дунд эрсдэлтэй шалгагдсан байна.
Худалдааны төвийн удирдлагуудад Мах, ногоо сүү худалдаалж буй иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд бүрэн хамруулах, Худалдаалах цэг, салбаруудад ариутгал, халдваргүйтгэл, шавьжгүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлж, бүртгэлийг хөтлөх, Ил задгай газарт жижиглэнгийн худалдаа эрхэлж буй иргэдийн худалдан борлуулалтыг зориулалтын эрүүл ахуйн шаардлага хангасан газарт ажиллуулах, “Хан орд” захын эзэмшил дээр худалдаа хийж буй иоджуулаагүй давсны худалдааг түүхий эдийн зах руу шилжүүлэх, Мах, ногоо, сүү худалдаалах газруудад ариун цэвэр эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, гар угаах нөхцлийг бүрдүүлэх, зориулалтын лангуу тавиуртай болгох тал дээр хяналт шалгалтын бүрэлдэхүүн үүрэг чиглэл өглөө.
Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар
Tweet