Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2013 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хууль болон мал эмнэлгийн чиглэлээр гаргасан дүрэм, журмыг хэрэгжүүлэх мал эмнэлгийн үйл ажиллагаа, ажил үйлчилгээ, мал эмнэлгийн халдвар, паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг чанартай үр дүнтэй болгохын тулд “Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн бүтэц, үйл ажиллагаа, ерөнхий шаардлага”, “Мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгжийн бүтэц, үйл ажиллагаа, ерөнхий шаардлага” MNS5368-1.2011, MNS5368-2.2011 стандартын хэрэгжилтийг шалган, сум, дүүргийн мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээний нэгжүүдийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний нэгжүүдийн үйл ажиллагааг сайжруулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд зорилгоор Шалгалтыг 2013 оны 3 дугаар улиралд хийж гүйцэтгэлээ.
Улсын хэмжээнд стандартын түвшин тогтоох үзлэгт 22 аймаг, нийслэлийн 330 сум, 9 дүүргийн нийт 884 аж ахуйн нэгж хамрагдахаас мал эмнэлгийн ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж 795 буюу 89.9 хувь хамрагдсан байна. 2012 онд шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 32.3% нь зориулалтын байргүй, албан ажлын өрөөгүй байсан бол 2013 оны шалгалтаар 22.6% нь байргүй байна. Мал эмнэлгийн ажил үйлчилгээний нэгжүүдийн 90.8% нь дуудлага үйлчилгээний унаа, тээврийн хэрэгсэлтэй, малын эмч нарын 89.4 % нь мал эмчлэх итгэмжлэлтэй бөгөөд 5 жил тутам сургалтанд хамрагдаж итгэмжлэл авч байна.
Шалгалтаар илрүүлсэн зөрчил, дутагдал, шалтгаан,
1. Шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 42.9 % нь оношлогоо, шинжилгээ, мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн өрөөгүй, 48.6% нь мал, малын гаралтай бүтээгдэхүүний гарц, чанарыг тодорхойлох багаж хэрэгсэлгүй;
2. Мал эмнэлэг, үржлийн нэгжүүдийн 81.2% нь сумын засаг дарга, мал эмнэлэг, малчидтай гэрээ байгуулсан боловч мал эмнэлгийн ажил үйлчилгээ эрхэлж буй нэгжүүдийг жилийн эцсээр биелэлтийг дүгнэж, үнэлэлт дүгнэлт өгч хэвшээгүй;
3. Нэгжүүдийн 21.7% нь малын эмч малд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн тухай өрхийн малын эрүүл мэндийн дэвтэрт тэмдэглэлийг тогтмол хөтөлдөггүй;
4. Малын өвчний онош, малын гаралтай түхий эдийг шаардлагатай үед лабораторийн шинжилгээгээр баталгаажуулах ажлыг 46.8% нь хийдэггүй, лаборатори байхгүйтэй холбоотойгоор лабораторийн шинжилгээ баталгаажуулалт хийгдэхгүй, мэдрэхүйн эрхтний үзлэгт тулгуурлан шинжилгээ баталгаажуулалтыг хийж байгаа;
5. Аж ахуйн нэгжүүд 30.6% малын гоц халдварт, халдварт, халдваргүй болон паразит өвчний гаралт, тархалтын талаар эпидемиологийн зураг, судалгаагүй;
6. Мал эмнэлгийн ариун цэврийн шинжилгээг хийх багаж тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл дутагдалтай, эмгэг анатомийн шинжилгээг хийдэггүй;
7. Аж ахуйн нэгжүүдийн 69,5% нь малын өвчинтэй тэмцэх шилжилт хөдөлгөөний судалгаагүй, 92.3% ариутгал хийсэн тухай акт үйлдэж баталгаажуулдаггүй, 69.2% мэргэжлийн холбогдолтой баримт бичиг, тайлан мэдээг хуулийн хүрээнд архивлан стандартын дагуу хадгалдаггүй, 73.1% мал эмнэлгийн үйлчилгээ, хийсэн ажлын чанар, үр дүнгээ тооцох, 69.4% эпидемиологийн зураг, мэдээллийн санг баяжуулан үйл ажиллагаандаа ашиглдаггүй;
8. Мал эмнэлгийн нэгжид урьдчилан сэргийлэх арга хэмжээний тарилгын жагсаалтыг үйлдсэн байх боловч жагсаалтад үйлчилгээ үзүүлсэн өрхийн малын эрүүл мэндийн дэвтрийн дугаар, вакцины серийн дугаарыг тэмдэглээгүй, мөн вакцины хорогдолгүй жагсаалт, актыг үйлдэж байгаа;
9. Мал эмнэлгийн нэгжид малын эм бэлдмэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, багаж хэрэгсэл хадгалах зориулалтын агуулахгүй, мэс заслын ажилбарт хэрэглэгдэх хэсэг газрын мэдээ алдуулалтын бэлдмэл, мэдрэлийн замын, үе мөчний өвчний бэлдмэлийн нөөцгүй;
10. Сумын газар нутгийн хэмжээ том, малчид таруу нутагладаг учраас мал эмнэлэг, үржлийн үйлчилгээ, гүйцэтгэх зардал өндөртэй, суманд хяналт тавих зардал хувиарлагдаж ирдэггүйгээс малын шилжилт хөдөлгөөнд хорио цээрийн хяналтыг бүрэн тавьж чаддаггүй;
11. Мал эмнэлгийн үйчилгээний төрлийн талаар нийтлэг илэрч байгаа зөрчил нь мэс заслын анхан шатны тусламж үйлчилгээг авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа ч бүртгэл хөтөлдөггүй, малын өвчлөл хорогдлын шалтгааныг тодорхойлох зорилгоор лабораторид дээж хүргүүлэх арга хэмжээг аваагүй;
12. УМЭАЦТЛабораториос гаргасан зааврын дагуу үзлэг, шинжилгээ, дээж авах, илгээх ажлыг хийхээр стандартын 8 дугаар зүйлд тусгасан боловч одоогийн байдлаар сумдын нэгжүүдэд мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд мэдрэхүй, өндгөнд овоскопын шинжилгээ хийх боломжтой байна. Харин бусад шинжилгээг хийхэд багаж төхөөрөмжийн болон лабораторийн шинжилгээний арга зүй, онолын мэдлэг хүрэлцэхгүй байна.
13. Хяналт шалгалтанд хамрагдсан нэгжүүд нь эмийн хадгалалт, хамгаалалтын хувьд тавигдах шаардлагыг бүрэн дүүрэн хангаж чадахгүй байна. “Монгол мал хөтөлбөр”-ийн хүрээнд вакцин хадгалах, зөөвөрлөх зөөврийн хөргүүрээр хангагдсан боловч багажийг ашиглаагүй, мөн эм хадгалж байгаа агуулах нь шаардлага хангахгүй байгаа зэрэг зөрчлүүд илэрчээ.
2013 оны шалгалтын явцад 1267 зөрчил илрүүлж, 161 буюу нийт зөрчлийн 12.7%-ийг газар дээр нь арилгуулж, 1106 заалттай 166 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, 51 дүгнэлт, нийт 1342.0 /нэг сая гурван зуу дөчин хоёр мянган/ төгрөгний торгууль ноогдуулан, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын шаардлагыг хангуулах зорилгоор хяналт шалгалтын чиглэлээр аж ахуйн нэгж байгууллагын удирдах ажилтан, ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажилласан.
- “Мал эмнэлгийн нэгжийн үйл ажиллагааг” хяналтын хуудсаар 795 аж ахуйн нэгж шалгахад 75 аж ахуйн нэгж буюу 9.4% нь их эрсдэлтэй, 449 аж ахуйн нэгж буюу 56.5% нь дунд эрсдэлтэй, 271 аж ахуйн нэгж буюу 34.1% нь бага эрсдэлтэй үнэлэгдсэн. 2012 оны үзүүлэлттэй харьцуулан үзэхэд шалгагдсан аж ахуйн нэгжүүдийн тоо 2013 онд 54% өссөн байгаа ч өмнөх оныхоос их эрсдэлтэй аж ахуйн нэгжийн тоо 5,9%-иар буурч, бага эрсдэлтэй аж ахун нэгжийн тоо 4,3%-р өссөн байна.
- Шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 65.9% нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангахталаар хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагаа хангалтгүй хэрэгжүүлж, мал эмнэлгийн үйлчилгээний чанар хүртээмж хэрэглэгчдийн шаардлагыг төдийлөн хангаж чадахгүй байна.
- Мал эмнэлгийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүд лабораторийн шинжилгээ хийх чиглэлээр дадлага, туршлага ихээхэн дутагдалтай, нөгөө талаар мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх биеэ дайчлах, шинжилгээний арга, аргачлалыг эзэмших, өөрийнхөө ажилд нэвтрүүлэх талаар дэндүү хайнга хандаж, зөвхөн улсын төсвөөс хувиарлагдсан халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээний үйчилгээний хөлсөөр амиа аргацааж байна.
- Мал эмнэлгийн анхан шатны бүртгэл, малчин өрхүүдээр малын өрхийн эрүүл мэндийн дэвтрийн хөтлөлт хангалтгүй, тарилгын акт, жагсаалтад вакцины хэвийн хорогдолыг тусгаагүй байгаа нь мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг шинжлэх ухаан, технологийн зохистой хугацаанд зааврын дагуух тун хэмжээгээр чанартай явуулж байгаа эсэхийг тогтоох боломжгүй болгож байна.
- Малын шилжилт, хөдөлгөөнийг бүрэн хяналтандаа авах, бүртгэл хөтлөх ажил хийгдэхгүй орхигдож, малын шилжилт хөдөлгөөн, халдварт өвчний голомттой газрын малыг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулаагүй зэргээс шалтгаалан халдварт өвчний гаралт, тархалтад тавих хяналт суларч халдварт өвчин гарах эрсдэл өндөр байгааг харуулж байна.
Tweet