Буудай хүлээн авах, хадгалах үйл ажиллагаа, нөөцөлсөн үрийн чанар зэргийг шалгав

МХЕГ-ын даргын баталсан 01/168 тоот нэгдсэн удирдамжийн хүрээнд Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Тариалан эрхлэлтийг дэмжих сан, гурилын үйлдвэрт хүнсний буудай хүлээн авч, хадгалах үйл ажиллагаа, аж ахуйн  нэгж, байгууллагын тарьж ургуулсан таримлын болон 2014 тарихаар нөөцөлсөн үрийн чанар, гурилын үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагуудын үтрэмийн талбай, зоорь, агуулах, элеватор, силосны цэвэрлэгээ, ариутгал, бүтээгдэхүүний хадгалалт, эрлийзийн үр, үржүүлэгийн технологийн мөрдөлтөнд тус тус хяналт шалгалтыг 10 сарын 01-нээс 11 сарын 10-ны дотор хийж гүйцэтгэв.

Хяналт шалгалтаар газар тариалангийн 33 аж ахуйн нэгж, байгууллага, иргэний тарьж ургуулсан хүнсний улаан буудай, хүнсний ногоо, рапс, арвай, овъёос зэрэг таримал ургамлаас 164 дээж авч, ургамал хорио цээрийн болон хими, хор судлал, нян судлалын лабораторийн шинжилгээнд хамруулж, улсын байцаагчийн 36 дүгнэлтийг гаргав. Мөн 4 аж ахуйн нэгж байгууллагын 2014 онд тарихаар нөөцөлсөн 4 сортын 795 тонн улаан буудайн үрийг тарих үрийн чанарын шинжилгээнд хамруулж дүгнэлт гаргав.

Хяналт шинжилгээний дүнгээр:

Шинжилгээнд хамрагдсан нийт улаан буудайн  91,9% нь “Хүнсний буудай. Техникийн шаардлага” МNS 0097:2010 стандартын шаардлагыг хангав.

Арвай, рапс, овъёос таримал тус бүр “Зусах рапсын тарих үрийн чанар. Техникийн шаардлага” MNS 4791:2005, “Тэжээлийн үр тариа. Техникийн шаардлага” MNS1081:2008, “Хүнсний арвай. Техникийн ерөнхий шаардлага”  MNS 3810:1985 стандартын шаардлагыг 100% хангав.

Үр тарианы аж ахуйн нэгжүүдийн нөөцөлсөн 795 тонн үрийн буудайн 50,4% буюу 400 тонн нь тарих үрийн чанарын шаардлагыг хангав.

Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүлээн авсан нийт 1335.78 тонн буудайн 95.5% нь “Хүнсний буудай. Техникийн шаардлага” МNS 0097:2010 стандартын шаардлагыг хангав.

Гурилын үйлдвэр нь жилд 12000 тонн будаа хүлээн авч, гурил үйлдвэрлэх хүчин чадалтай бол энэ жилийн ургацаас шаардлагатай будааны 70%-ийг бүрдүүлж байна.

Хяналт шалгалтанд хамрагдсан үр тарианы 9 аж ахуйн нэгжүүдийг “Үрийн болон хүнсний буудай хүлээн авах, хадгалах борлуулах үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас” 1.24-аар шалгахад 3 аж ахуйн нэгж бага, 4 аж ахуйн нэгж дунд, 2 аж ахуйн нэгж их үнэлэгдэв. Төмс хүнсний ногооны тариалан эрхэлдэг 5 аж ахуйн нэгжийг “Төмс, хүнсний ногооны агуулах зоорийг шалгах хяналтын хуудас” 1.18-аар шалгахад 2 аж ахуйн нэгж бага, 3 аж ахуйн нэгж дунд эрсдэлтэй үнэлэгдэв. “Хүнсний болон үрийн буудай хүлээн авах, хадгалах, борлуулах үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас” 1.24 хяналтын хуудсаар үр тарианы агуулах бүхий 3 аж ахуйн нэгжийг шалгахад 2 аж ахуйн нэгж нь бага, 1 аж ахуйн нэгж дунд эрсдэлтэй тус тус үнэлэгдэв.

Хяналт шалгалтаар аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн үйлдвэрлэсэн үрийг үр, хорио цээрийн хяналтанд хамруулаагүй, сортын хянан баталгаа хийлгээгүй, дагалдах гарал үүслийн бичиггүй худалдан борлуулсан, төмс, хүнсний ногоо хадгалах зоорь агуулахыг технологийн дагуу ариутгаагүй, дотоод хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн, нэгжийг томилоогүй, хяналт шалгалтыг зохион байгуулах журам батлуулж мөрдөөгүй, хяналт шалгалтыг зохион байгуулах төлөвлөгөө гаргаагүй, тайлан, мэдээг ирүүлээгүй, техник, тоног төхөөрөмжийн засвар, сэлбэг хэрэгслийн бэлэн байдлыг бүрэн хангаагүй, ургамал хамгаалах химийн бодис бордоо хадгалах агуулахгүйгээс химийн бордооны чанар алдагдсан, тариалангийн 43 га талбайд мал орж, таримлыг гэмтээсэн, рапс, арвай, гурвалжин будаа, цагаан будаа, төмсний нийт 2184 га талбайн ургацыг алдсан зэрэг  тарих үрийн чанар, стандарт, гарал үүсэлтэй холбоотой зөрчил 6, газар тариалангийн бүртгэл хөтлөлттэй холбоотой 10, хөрс боловсруулалт, газар тариалангийн технологи зөрчсөн 7, ургамал хамгаалах химийн бодис хадгалахтай холбоотой зөрчил 6, дотоод хяналт шалгалтыг журам мөрдөөгүй 3, ариутгал халдваргүйтгэл хийгдээгүй, хадгалалтын технологи зөрчсөн 3, чацаргана хөтөлбөртэй холбоотой 11 зэрэг нийт 45 зөрчил илрэв.

Хяналт шалгалтаар илэрсэн 45 зөрчлөөс 10 зөрчлийг газар дээр нь  арилгуулах арга хэмжээ авав. Зөрчлийг арилгуулах талаар үр тарианы 5 аж ахуйн нэгж, 2 байгууллагад 29 заалт бүхий албан шаардлагыг хүргүүлэв. Таримал ургамлын үр, сортын тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомжийн холбогдох заалтыг зөрчсөн 3 аж ахуйн нэгж байгууллагад 630,8 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авав.

Хяналт шалгалтанд хамрагдсан үр тарианы 10, төмс хүнсний ногооны 5 аж ахуйн нэгжид байгууллагын сургалтыг явуулж, сургалтаар газар тариалангийн зохистой дадлыг үйлдвэрт нэвтрүүлэх, дотоод хяналт шалгалтын менежментийг боловсронгуй болгох, Хүнсний  тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль, төмс, хүнсний ногоо, үр тариа хадгалах зоорь, агуулахыг ариутгах арга, төмс хүнсний ногооны хадгалах технологи, газар тариалангийн үйлдвэрлэлд хөдөлмөр хамгааллыг мөрдөх нь, пестицидтэй ажиллах аюулгүй ажиллагааны зааврын талаар мэдэгдэхүүн олгож, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, гарын авлага, зөвлөмжөөр хангав.

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Сүүлд нэмэгдсэн мэдээ