“Монгол шуудан” төрийн өмчит хувьцаат компаний санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгийн тухай

МХЕГ-ын 2013 оны шалгалт хийх төлөвлөгөөний дагуу МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн баталсан шалгалт хийх ажлын удирдамжыг үндэслэн “Монгол шуудан” ТӨХК-ийн 2012 он, 2013 оны эхний хагас жилийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч ахлах байцаагч Д.Гэрэл, Д.Баатар, П.Шаравхорол, улсын байцаагч Д.Гантулга нар 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн ажлын 20 хоногийн хугацаанд хяналт шалгалт хийлээ. Энэ удаагийн шалгалт орон нутгийн системийн салбаруудад хийгдэж, шалгалтын дүнг нэгтгэлээ.

Хяналт шалгалтыг явуулахдаа “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай”, “Нягтлан бодох бүртгэлийн тухай, “Компанийн тухай”, “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулиуд тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан Засгийн газрын болон ТӨХ-ны тогтоол,  шийдвэр, журмын биелэлтийг хангуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах зорилгоор шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Шалгалтыг батлагдсан удирдамжийн дагуу тус компанийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, хадгалалт, хамгаалалт, хөрөнгөнд бүртгэлээр тавьж буй хяналт зэргийг холбогдох хууль, тогтоомж, данс бүртгэл, баримт материалд тулгуурлан  шалгав. 

“Монгол шуудан” ТӨХК нь Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 112 дугаар тогтоол, ТӨХ-ны 2008 оны 231 дүгээр тогтоолын дагуу хувьцаат компани болон өөрчлөн зохион байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Тус компани нь Монгол Улсын бүх аймаг, хотын  21 шуудан үйлчилгээний газар, сумдын 355 шуудан үйлчилгээний салбар, нийслэл Улаанбаатар хот дахь 39 шуудангийн үйлчилгээний салбар, шуудан ялган боловсруулах, солилцох 5 төвд нийт 840 гаруй ажиллагсадтайгаар шуудан холбооны 21 нэр төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээг  эрхлэн явуулж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 200 шахам оронтой шуудан, шуудангийн хамгийн шуурхай хэлбэр болох буухиа шууданг 40 оронтой солилцон ажиллаж байна.

Аймгуудын Шуудан үйлчилгээний газарт хийсэн санхүүгийн шалгалтаар  зөрчилд 31,092.6 мянган төгрөгийн төлбөрийн акт тогтоосны 16,831.2 мянган төгрөгийг орон нутгийн төсөвт, 1,204.2 мянган төгрөгийг нийгмийн даатгалын санд, 13,057.2 мянган төгрөгийг тухайн байгууллагын дансанд төлүүлэх буюу данс бүртгэлд тусгахаар шийдвэрлэж, 20,143.3 мянган төгрөгийн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн байна. Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудын Шуудан үйлчилгээний газарт хийсэн санхүүгийн шалгалтаар төлбөрийн акт тогтоогдоогүй байна. Орон нутгийн төсөвт 16,831.2 мянган төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр улсын байцаагчийн акт тогтоосон байна.

Аймгуудын Шуудан үйлчилгээний газрын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг бүлэглэн харуулбал:

1. Татвар, шимтгэл, төлбөрийг хуулийн дагуу суутган авч, төсөвт төвлөрүүлээгүй байна

2. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага нь хөрөнгө, өр төлбөрөө нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу үнэлж дансанд тусгана.” гэсэн заалтыг зөрчсөн зөрчил илэрлээ.

3. Цалин, замын зардал, томилолт, тэтгэмж зэргийн нэмэгдлийг илүү тооцож олгох, урьдчилгаа цалинг суутган тооцоогүй, ажилласан хугацааны амралтын цалинг дутуу олгосон зэрэг 1,945.1 мянган төгрөгийн зөрчил илэрчээ.

“Монгол Шуудан” ТӨХК-ийн сүүлийн 2 жилийн санхүү аж ахуйн үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтээс үзэхэд ололттой эерэг үзүүлэлтүүд олон байгаа ч уруудсан буурсан сөрөг үзүүлэлтүүд ч олон байна. Тус компани  2012 онд  8,290,6 сая төгрөгийн орлоготой ажиллаж төлөвлөгөөг 740.0  сая төгрөгөөр, 2013 оны эхний хагас жилд  4 278.8 төгрөгийн орлоготой ажиллаж төлөвлөгөөг 268.8 мянган төгрөгөөр давуулан биелүүлжээ. Компанийн үндсэн үйл ажиллагаа өргөжиж бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, үйлчилгээний орлого нэмэгдсэн нь компанийн удирдага, ажилтнуудын хичээл зүтгэлийн үр дүн юм. 

Тус компаний 2012 оны 12-р сарын 31 өдрөөрх санхүүгийн төлөв байдал, үйл ажиллагааны үр дүн, өмчийн өөрчлөлт болон мөнгөн гүйлгээг бүх материаллаг зүйлсийн хувьд СТОУС, түүнд нийцүүлж Сангийн сайдын баталсан Нягтлан бодох бүртгэлийн журам, аргачлалын дагуу илэрхийлсэн байна.

Харин мөнгөн хөрөнгийг харилцахаас авч кассаар, дараа тайлан гаргагч нараар дамжуулан зарцуулдаг арга барил хэвшил болсон, мөнгөн кассын баримтын бүрдүүлэлт дутуу, дараа тайлан гаргагч нарын тооцоог бодож акт үйлдэлгүй орхиж, бэлтгэх зүйлийн захиалга, баримт падааныг бүрэн бүрдүүлээгүй зэрэг нь бүртгэлийн стандарттай нийцэхгүй байна.

Шагнал урамшуулал, баяр ёслол, хүлээн авалт, урлаг спортын, хандивын зэрэг зардлууд өндөр хувьтай  байгаа нь тус компанид үргүй, зориулалт бус зардал нилээд байгааг харуулж байна. Худалдан авах үйл ажиллагааг холбогдох хууль, тогтоомж, дүрмийн дагуу хэрэгжүүлж  явуулах шаардлагатай байна.

Зарим аймгуудын ШҮГазар орлого нэмэгдүүлэх үүднээс бизнесийн үйл ажиллагаа явуулж  байгаа ч төв компанид тус бизнесийн орлого зарлагад хяналт тавих нөхцөл хангагдаагүйгээс орлогыг бүрэн тооцох боломжгүй байна.

Компанийн санхүү, эдийн засаг, үр ашгийн байдалд эдийн засгийн хэлтэс жил бүр шинжилгээ дүгнэлт хийж байгаа ба судалгаа, дүгнэлтийг ашиглаж компанийн ашигт ажиллагааг сайжруулах, санхүү, бүртгэл, тайлагналын талаар удирдлага, зохион байгуулалтын оновчтой арга хэмжээ цаг алдалгүй авч ажиллах шаардлагтай байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ