Тариалалтанд нөөцөлсөн үрэнд хяналт шалгалт хийлээ

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2014 оны бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн 2014 оны 01 сарын 22-ны 01/10 тоот нэгдсэн удирдамж, аймгийн МХГ-ын даргын баталсан 21-02/012/18 тоот удирдамжийн дагуу Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөр, “Хүнсний тухай”, “Улсын нөөцийн тухай” хуулийн 17 дугаар зүйлийн 1.4, 1.5 дэх заалт, “Таримал ургамлын үр, сортын тухай”, “Ургамал хамгааллын тухай” хуулийн хэрэгжилт, тэдгээрт нийцүүлэн гаргасан Засгийн газрын 2005 оны 139 дүгээр “Тариалан эрхлэлтийг дэмжих санг бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих, тайлагнах” журам, мөн “Үрийн нөөцийн улсын сан бүрдүүлэх, зарцуулах” журам болон холбогдох стандартуудын мөрдөлтийн байдал, хүнсний ногооны үр, хүнсний болон үрийн буудайг шинжилж баталгаажуулах, чанар аюулгүй байдалд дүгнэлт гаргах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, зөрчлийг арилгахад  хяналт шалгалтыг хийлээ.

Шалгалтанд Ховд аймгийн “Зоос” нөхөрлөл, “Хөх цөцгийт хоршоо, “Ховд Буянт шим” ХХК, “Усалгаатай газар тариалан эрхлэгчдийн холбоо”, “Тунгалаг уст шураг” ХХК, ҮХААГ, иргэн Д.Цагаанцэцэг нар хамрагдсан байна. Ховд аймгийн хувьд 2014 онд 2724,4 га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн нь өмнөх оныхоос 2,5 га-аар илүү байна. 2014 оны тариалалтанд нөөцөлсөн үр тариа 230,7 тн, үрийн төмс 8754,6 тн, хүнсний ногооны үр 2234,6 кг байна.  

Шалгалтын явцад давхардсан тоогоор 6 зөрчил илэрсэн бөгөөд үүнээс 4 буюу 66,6  хувийг газар дээр нь арилгуулан, илэрсэн зөрчил дутагдалтай нь холбогдуулан 7 газраас 12 нэр төрлийн 48 дээж авч шинжилгээнд хамруулан 7 дүгнэлт гаргаж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, ажилтнуудад зөвлөмж өгч, ажиллав.

Хяналт шалгалтаар:

Ховд аймагт 2014 оны тариалалтанд үрийн зориулалтаар хадгалагдаж байгаа хүнсний ногооны 1710,7 кг үр, 8754,6 тн үрийн төмс, 457,1 кг төл сонгино байна. Хяналт шалгалтанд 1 байгууллага, 5 аж ахуйн нэгж, 1 иргэний үрийн зориулалттай хадгалж байгаа 54,8 тн үрийн төмс, 1112,5 кг хүнсний ногооны үр, 140 кг төл сонгино, сармисыг шинжилгээнд хамруулахад үрийн төмс, төл сонгино, сармис тарих үрийн чанарыг 100%, хүнсний ногооны үрний 11 дээж, 425,9 кг /чинжүү, хүрэн манжин, бөөрөнхий байцаа, шар луувангийн үрүүд/, буюу 38,3% тариалалтанд шаардлага хангахгүй, 24 дээж буюу 61,7% нь шинжилсэн үзүүлэлтээрээ стандартын шаардлага хангасан дүнтэй шалгагдлаа.

Тариаланчдын ихэнх нь өөрсдийн зоорио энгийн аргаар буюу шохойдох, утах төдийхөн зэргээр ариутгаж байгаа нь таримлын өвчин, хортон, вирусын гаралтай өвчнүүд ихсэх, үрэнд болон хөрсөнд халдварлах, ургац буурах магадлал өндөр болж байна.Ховд аймаг хүнсний ногооны үр үржүүлэгчдээ дэмжих, урамшуулах тал дээр анхаарч бодлого боловсруулж ажиллах шаардлагатай байна. Сүүлийн үед  иргэд, аж ахуйн нэгжүүд сорт нь тодорхойгүй, шинж чанар нь мэдэгдэхгүй хүнсний ногооны үр хилээр оруулан тарьж, түүнийг дагаад ургамлын өвчин хортон нэмэгдэх, хөрс элэгдэж эвдрэх хандлагатай байна.

2014 онд Ховд аймаг 2724,4 га талбайд тариалалт хийхээр төлөвлөснөөс, шаардагдах үрийн хэмжээг тооцож үзвэл 2013 оны нөөцөлсөн үр тариа 8, үрийн төмс 2,5 дахин их, хүнсний ногооны үр нь 35,7% дутагдалтай байна. Энэ нь аймгийн хэмжээнд газар тариаланг эрчимтэй хөгжүүлэх, үр үйлдвэрлэлийн чиглэлээр тодорхой бодлого боловсруулж ажиллах шаардлагатайг харуулж байна.

Иймд Хүнсний ногооны үрийн сортыг шинэчлэх, таримлын нэр төрлийг олшруулах,  Ховд аймагт хүнсний ногооны үр үржүүлэгчдэд үр, ургамал хамгааллын бодис худалдан борлуулах эрх олгох зэргийг бодлогоор зохицуулахҮрийн чанарыг сайжруулах, үр тариа, төмс, хүнсний ногооны үр үржүүлэгчдээ зээлийн бодлогоор дэмжиж, урамшуулж, бодлого боловсруулж ажиллах, Үр үржүүлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь үрийн талбайд сортын хянан баталгааг жил бүр ҮХААГ-аар хийлгэж, үржүүлсэн үрээ лабораторийн шинжилгээнд хамруулж, стандартын дагуу хадгалах шаардлагатай байна.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Сүүлд нэмэгдсэн мэдээ