Барилга угсралтын үйл ажиллагааны аюулгүй байдалд хийсэн хяналт шалгалтын тухай мэдээлэл

МХЕГ-ын даргын баталсан 01/08 тоот удирдамжийн дагуу барилгын салбарт гарч буй удаа дараагийн осол аваарыг бууруулах, осол аваар гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт баригдаж буй 17 болон түүнээс дээш давхар барилга байгууламжийн ажлын явц байдал, барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдлын мөрдөлт болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Хөдөлмөрийн тухай, Барилгын тухай, Газрын тухай хуулиуд болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартуудын хэрэгжилт, өмнөх шалгалтаар өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг шалгаж илэрсэн зөрчлийг арилгуулж үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний талаар заавар, зөвлөмж өгөх зорилгоор шалгалтыг зохион байгуулсан байна.    

Тус хяналт шалгалтанд нийт 20 цогцолборын 51 барилга, 32 аж ахуйн нэгж, байгууллага, 90 гаруй инженер техникийн ажилтан хамрагдсан байна. Хяналт шалгалт хийх явцад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Шангри-Ла Улаанбаатар” ХХК-ийн захиалгаар барьж буй 2 дугаар ээлжийн цогцолбор барилгаас бусад бүх цогцолборын барилгуудын ажил хүйтний улирлаас шалтгаалан зогссон байсан бөгөөд хяналт шалгалтыг газар дээр нь очиж шалган, бичиг баримтыг нь татан авч холбогдох хүмүүсийг байлцуулан зохион байгуулсан байна.

 

2013 онд  гарсан үйлдвэрлэлийн ослын талаарх товч мэдээлэл

Сүүлийн 9 жилд буюу 2005-2013 онд барилгын салбарт нийт 581 удаагийн үйлдвэрлэлийн осол гарч, 246 хүн осолд өртөж нас барж, 130 хүн тахир дутуу болж, 272 хүн хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан байна.  Харин сүүлийн 2012, 2013 оны хувьд барилгын салбарт гарсан үйлдвэрлэлийн ослын мэдээг харьцуулж үзвэл 2012 онд 69 удаагийн үйлдвэрлэлийн осол гарч 28 хүн үйлдвэрлэлийн осолд өртөж нас барж, 10 хүн тахир дутуу болж, 34 хүн хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдаж байсан бол 2013 оны байдлаар нийт 39 удаагийн үйлдвэрлэлийн осол гарч түүнд 14 хүн өртөж нас барж, 18 хүн тахир дутуу болж, 9 хүн хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан байна. Энэ судалгаанаас үзэхэд 2013 онд барилгын салбарт гарсан үйлдвэрлэлийн ослын тоо өмнөх 2012 оноос 43.4 хувиар буурсан ба осолд өртөж нас барсан иргэний тоо 50 хувиар буурч, осолд өртөж тахир дутуу болсон иргэдийн тоо 44.4 хувиар нэмэгдэж, хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан иргэдийн тоо 73.5 хувиар буурсан байна. Харин 2014 он гарсаар барилгын салбарт хүний амь нас үрэгдсэн 5 осол гараад байна.

Эрсдлийн үнэлгээ, хууль тогтоомжийн хэрэгжилтийн хувьд:

Улаанбаатар хотод шинээр барьж байгаа 17 ба түүнээс дээш давхар бүхий 20 цогцолборын 51 барилгын угсралтын ажлыг 5.1.1, 5.1.2, кодтой хяналтын хуудсаар үнэлэхэд 7 нь буюу 39.4% нь их, 50.6% нь дунд, 2% нь буюу 10 нь бага эрсдэлтэй, Хөдөлмөрийн аюулгүй байдлын 4.1, 4.2 хяналтын хуудсаар шалгахад 6 барилга эрсдэл их, 13 барилга дунд эрсдэлтэй, Газрын харилцааны хяналтын чиглэлээр 2.12 кодтой “Газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэн болон аж ахуйн нэгж, байгууллагыг шалгах хяналтын хуудас”-аар үнэлэхэд 9 нь их эрсдэлтэй буюу 56%-ийг, 4 нь дунд эрсдэлтэй буюу 25%-ийг, бусад нь бага эрсдэлтэй буюу 18%-тайгаар үнэлэгдэв.

Хяналт шалгалтад хамрагдсан барилгуудад Барилгын тухай хуулийн хэрэгжилт 60.5 хувьтай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилт 55.7 хувьтай,  барилгын өргөх байгууламжийн хууль тогтоомжийн хэрэгжилт 40 хувьтай, Газрын харилцааны холбогдох хуулийн хэрэгжилт 56 хувьтай, геодези, зураг зүйн чиглэлээрх хуулийн хэрэгжилт 37.25 хувьтай үнэлэгдсэн байна.

 

Шалгалтаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай:

Энэхүү шалгалтаар давхардсан тоогоор нийт 880 зөрчил илрүүлж 214 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 19790.0 мянган төгрөгийн торгууль ногдуулж, улсын байцаагчийн үйл ажиллагаа зогсоох тухай 12 акт үйлдэж 8 өргөх байгууламжийн ашиглалт, 4 барилгын ажлын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авсан байна. Мөн 100 гаруй инженер техникийн ажилтнуудад зөвлөн тусалж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.

Түүнчлэн өргөх зөөх 5 байгууламжийг улсын бүртгэлд шинээр бүртгэн, хүн зөөврийн зориулалттай 5 лифтийг төв лабораторитой хамтран техникийн бүрэн магадлал хийлгэж, техникийн дүгнэлт гарган  ашиглах зөвшөөрлийг олгосон байна.

2013 онд улсын байцаагчийн актаар угсралтын ажил нь зогссон Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “М-Си Эс” ХХК-ийн захиалгаар барьж байгаа Интернейшнл центр, “Индустр” ХХК-ийн Соёмбот өргөө, Чингэлтэй дүүрэгт иргэн К.Пүрэвийн оффис үйлчилгээний барилга, “Макс өргөө” ХХК-ийн зочид буудал, үйлчилгээний барилгуудад илэрсэн зөрчил дутагдал арилаагүй байсан тул үйл ажиллагаа зогсоох тухай актын үйлчлэлийг үргэлжлүүлэхээр болсон байна. Барилга барих газар чөлөөлөх үед инженерийн шугам сүлжээ шилжүүлсэн байрлалд байгаа иргэн К.Пүрэв, С.Нямдаваа, “Жигүүр гранд” ХХК-ийн барилгуудад гүйцэтгэлийн зураг хийлгүүлэн, нийслэлийн мэдээллийн санд өөрчлөлт хийлгүүлэв.

“М-Си-Эс” ХХК-ийн “International towar” төслийн барилга, “Жигүүр гранд” ХХК-ийн барилгуудад технологийн дагуу хийгдэх геодезийн хэмжилт, зураглалын ажлын төсөл бичих, ““М-Си-Эс” ХХК-ийн Peaсe-1 төслийн барилгын геодезийн төсөл-даалгавар, хэмжилт хийх аргачлалыг гүйцэтгэгчид ашиглуулах, хэмжилтийн материалыг нэгтгэх, геодезийн шалгалтын хэмжилтийг барилгын өдөр тутмын тэмдэглэлд бичүүлэн баталгаажуулах ажлыг “М-Си-Эс” ХХК-ийн “International towar” төслийн барилга, “Жигүүр гранд” ХХК-иудад, мөн “Рич портун” ХХК-ийн захиалгаар “Хэм роял” ХХК-ийн барьсан барилгад хэвтээ, босоо чиглэлд хөндлөнгийн хэмжилт хийх шалгалтын ажлыг зохион байгуулав. Мөн геодези, зураг зүйн хэмжилтийн 11 багажийг баталгаажилтанд хамруулсан байна. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ