Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг сурталчилсан үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай

МХЕГ-аас ЭМЯ-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу Телевиз болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг сурталчилсан “EQO UP” ХХК болон реклам зар сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагаа явуулдаг “Универсал” ХХК-иудын зар сурталчилгаа явуулсан үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

“Универсал” ХХК нь өөрийн харилцагч “Нестле” компанийн хүсэлтээр 2014 оны 2, 3-р саруудад ТВ9, Монгол ТВ, МN25, НТВ, Боловсрол ТВ, UBS зэрэг телевизүүдээр Герман улсын “Нестле” компанид үйлдвэрлэсэн “Нестоген”  нэрийн эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний талаарх сурталчилгааг орон даяар тодорхой давтамжтайгаар, “Симилак” нэрийн эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг импортлогч “EQO UP” ХХК нь өөрийн импортлосон уг бүтээгдэхүүнийг “Facebook” олон нийтийн мэдээллийн сүлжээ, цахим хуудсаар сурталчилсан нь шалгалтаар тогтоогдлоо.

Хууль зөрчиж сурталчилгаа хийлгэсэн “Универсал”  компани болон тус компанийн захиалгаар эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний сурталчилгааг орон даяар явуулсан дээрх нэр бүхий телевизүүд, уг бүтээгдэхүүнийг импортлогч “Анунгоо” ХХК, мөн олон нийтийн сүлжээ (facebook) болон цахим шуудан ашиглан Дани улсын “Arla Foods amba Arinco” компанид үйлдвэрлэсэн АНУ-ын  “Abbott laboratories S.A” компанийн бүтээгдэхүүн болох “Симилак” нэрийн эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг импортлон худалдаанд нийлүүлж, сурталчилсан EQO UP ХХК-иудад эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнтэй холбоотой ямар нэгэн зар сурталчилгааг олон нийтийн мэдээллийн хэрэглэл ашиглан явуулахгүй байх, Монгол улсад мөрдөгдөж буй “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай” хуулийн холбогдох заалтуудыг мөрдөж ажиллахыг мэдэгдэж албан тоот хүргүүллээ.

Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай сурталчилгаа явуулсан “Универсал”, “EQO UP” ХХК-иудад Монгол улсад мөрдөгдөж буй “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай” хуульд заасны дагуу хариуцлага тооцож, торгуулийн арга хэмжээ авлаа.

“Нестоген”, “Симилак” нэрийн эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг импортлогч “Анунгоо”, EQO UP ХХК-иуд нь тухайн бүтээгдэхүүнийг импортлохдоо загвар дээжийг шинжилгээнд хамруулж, Мэргэжлийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулсан байна.

 

Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын газар

Сүүлд нэмэгдсэн мэдээ