Аймаг, нийслэлд согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийсэн тухай

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт архины хордлогын сэжигтэй тохиолдол гарсантай холбогдуулан МХЕГ-аас өгсөн үүрэг чиглэлийн дагуу аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй согтууруулах ундаа худалдаалдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүд, эм ханган нийлүүлэх байгууллагуудын үйл ажиллагаанд 2014 оны 1-р улиралд хяналт шалгалт хийж,  холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоож, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Улсын хэмжээнд спиртийн 9, архины 57, шар айргийн 9, дарсны 10, нийт 95 үйлдвэр тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлж байна.Энэ удаагийн төлөвлөгөөт бус шалгалтаар 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийг хамруулан согтууруулах ундааны 31 үйлдвэр /архины 25, спиртийн 6 үйлдвэр/, согтууруулах ундаа худалдаадаг, үйлчилгээ эрхэлдэг 5078 аж ахуйн нэгж байгууллагад “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хууль, “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай”, “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хууль, Согтууруулах ундаа Цагаан болон өвөрмөц архи Техникийн ерөнхий шаардлага MNS 179-2009 стандартыг хэрэгжүүлж буй байдал, согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаалалт, согтууруулах ундааны баталгаажилт, савлалт, хаяг шошгын байдалд хяналт шалгалт хийлээ.

Мөн шалгалтын хугацаанд 127 эм ханган нийлүүлэх байгууллага, 260 нийтийн үйлчилгээтэй эмийн сан, 19 эмийн үйлдвэр, 81 эмнэлэг, эрүүл мэндийн төв, 7 аймгийн эрүүл мэндийн газар төлөвлөгөөт бус хяналт шалгалтанд хамрагдсан.

2014 оны 2 дугаар сарын 22-ноос 28-ны хооронд архинаас үүдэлтэй өвчин болон архины хордлого оноштойгоор эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан судалгааг гаргахад, нийслэлд үйл ажилллагаа явуулж буй 12 эмнэлгээс ирүүлсэн мэдээгээр нийт 475 хүн үзүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээ авснаас архийг хэтрүүлэн хэрэглэсний улмаас гүн хордлогонд орсон 238 иргэнд яаралтай тусламж үзүүлж, 150 иргэнийг хэвтүүлэн эмчилсэн байна.

Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлүүд:

А. Гарал үүсэл нь тодорхойгүй хуурамч болон стандартын шаардлага хангаагүй архи худалдаалсан талаар:

Сонгинохайрхан  дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр хураан авч битүүмжилсэн Чинтолгой ХХК-д үйлдвэрлэсэн гэсэн шошготой “Арслант”, Шинэ эхлэл ХХК-ний архины үйлдвэрт үйлдвэрлэсэн гэсэн шошготой “Их Монгол” нэрийн архины дээжийг МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторит шинжлүүлэхэд шинжилгээний дүнгээр “Арслант” нэрийн архинд гадны биет хөвсөн, механик хольцтой, үйлдвэрлэсэн хугацаа тодорхойгүй, хатуулаг 31,0%, гарсан нь "Согтууруулах ундаа. Цагаан болон өвөрмөц архи”. Техникийн ерөнхий шаардлага. МNS 179:2009 стандартын шаардлагыг хангаагүй, онцгой албан татварын тэмдэг /акц/-гүй, үйлдвэрлэлийн аргаар бус, гар аргаар хийсэн хуурамч архи болох нь нотлогдсон. 

 “Арслант” нэрийн архийг хуурамчаар үйлдвэрлэсэн ЧД-ийн иргэн н.Хүрлээг Цагдаагийн байгууллага шалгаж байна.

“Их Монгол” нэрийн архи нь үйлдвэрлэсэн хугацаа тодорхойгүй, химийн шинжилгээгээр хатуулаг - 40,8%, альдегид - 4,19 мг/л гарч  "Согтууруулах ундаа. Цагаан болон өвөрмөц архи”. Техникийн ерөнхий шаардлага. МNS 179:2009 стандартын шаардлагыг хангахгүй  дүнтэй гарсан байна. Их Монгол нэрийн архийг үйлдвэрлэдэг “Шинэ эхлэл” ХХК-ний архины үйлдвэрт хяналт шалгалт хийж, тухайн үйлдвэрийн үйл ажиллагааг зөрчил арилах хүртэл хугацаагаар улсын байцаагчдын хамтарсан актаар түр зогсоож, 1.400.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч төсөвт төвлөрүүлэн ажиллалаа.

 

Б.  Архи, согтууруулах ундааны үйлдвэрүүдэд:

1.   Шошгын зөрчилтэй /Бүтээгдэхүүний найрлагад орж буй хүнсний нэмэлтийн олон улсын Е тэмдэглэгээ, ургамалын нэрийг шошгонд бүрэн бичээгүй, шошгон дээр цувралын дугааргүй, үйлдвэрийн байршил тодорхой бус;

2.  Шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг зах зээл дээрээс буцаан болон татах авах журмыг  хэрэгжүүлж ажилладаггүй, бүртгэл хөтөлдөггүй, эрх зүйн мэдлэг хангалтгүй;

3.  Гарал үүсэл, чанар, аюулгүй байдлыг баталгаажуулсан баримтгүй;

4. Техникийн спиртийн битүүмжлэл муу /хадгалж буй савны лац шаардлага хангахгүй, спирт алдагдах бүрэн боломжтой, спиртийн тоолуурын хатуулаг хэмжигчийн баталгааны хугацаа дууссан, лабораторийн зарим хэмжих хэрэгслүүд баталгаажуулалтад бүрэн хамрагдаагүй, лац хөндсөн протокол бичдэггүй;

Шалгалтанд хамрагдсан архи, спиртийн үйлдвэрүүдийндотоодын лабораторийн 61.2 хувь нь магадлан итгэмжлэгдээгүй, тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл дутагдалтай;    

 

В. Архи согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээ эрхэлдэг ААНБ-дад:

1. Хаяг шошгын зөрчилтэй;

2. Гарал үүсэл, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй архи худалдаалагдаж байгаа;

3. Хадгалалтын хугацаа дууссан, үйлдвэрлэсэн огноо тавигдаагүй архи болон тунадастай шар айраг худалдан борлуулсан /жишээ нь: Нийслэлийн “Сангийн далай групп”, “Хээр адуу”,  “Барс худалдааны төвийн “Булган уул” бөөний цэг, ”Баянзүрх дүүргийн “Хөгнө жавхлант” ХХК, “Алтан өлзий” ХХК, Ховд аймгийн “Ховд айраг нуур” ХХК, Баянхонгор аймгийн “Анурад”, “Их хүрээ”, “Наран булаг” Дорноговь аймгийн “Баруун хармагтай ХХК, Завхан аймгийн “Завхан баялаг” ХХК, “Арц суурь”боомтын, Дархан-уул аймгийн “Ариг”хүнсний дэлгүүрүүд/;

4.  Тусгай зөвшөөрөлгүйгээр архи, согтууруулах ундаа худалдан борлуулсан /Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Шагай” хүнсний дэлгүүр,/

5. Дагалдах бичиг баримтгүй бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэгчээс хүлээн авч худалддаг /архи, согтууруулах ундаа худалдаж байгаа ААНБ-ууд баталгаажилтгүй бүтээгдэхүүн хүлээн авч, хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шатанд дотоод хяналтыг хэрэгжүүлж ажилладаггүй, “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журам”-д нийцүүлсэн дотоод журамгүй;

6.  Улсын хэмжээнд хийгдсэн шалгалтаар Баянхонгор, Ховд, Баян-Өлгий, Увс, зэрэг аймгууд, нийслэл Улаанбаатар хотод гарал үүсэл нь тодорхойгүй хуурамч “Арслант” архи, стандартын шаардлага хангаагүй “Их монгол” нэрийн архийг худалдаалсан;

7. Шалгалтын явцад архинд хийсэн шинжилгээгээр 7 компанийн 10 төрлийн архи нь стандартын шаардлага хангаагүй үзүүлэлттэй гарсан байна.

 

Г. Эм хангамжийн байгууллагуудад дахь этилийн спиртийн чанар, аюулгүй байдалд хийсэн  шалгалтаар дараах зөрчлүүд илэрлээ. Үүнд:

1.  Эм ханган нийлүүлэх байгууллагууд нь эмийн санд жижиглэн савлаж бэлтгэсэн, лабораторийн шинжилгээнд бүрэн хамрагдаагүй, чанар, баталгаажуулалтын баримт бичиггүй спирт денатуратыг худалдан борлуулж байгаа нь “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтыг;

2.  Эм ханган нийлүүлэх байгууллага болон эмийн сангуудад худалдаалагдаж буй спирт денатурат нь цувралын дугааргүй, хугацаа, үйлдвэрлэгч  тодорхойгүй зэрэг хаяг шошгын бүрдэл дутуу, зарим денатуратын цувралын дугаар нь зарлагын баримтан дахь дугаараас зөрүүтэй  байгаа нь “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалт, “Эмийн санд тавих нийтлэг шаардлага” MNS 5260:2011 стандарт 8.4 дэх заалтыг;

3. Спирт денатуратын хадгалалтын горим алдагдаж байгаа нь “Спирт денатурат” MNS 3907:1986 стандартын 5.3 дахь хэсгийг;

4.  Эм хангамжийн байгууллагуудад этилийн спиртийн зарцуулалтанд тавих хяналт, анхан шатны мэдээ бүртгэл хөтлөлт хангалтгүй байгаа нь Эмийн санд тавих нийтлэг шаардлага” MNS 5260:2011 стандартын 18.2 дахь хэсгийг;

5. Эм найруулах зөвшөөрөлгүй боловч спирт денатуратыгнайруулан бэлдэж байгаа нь “Эмийн санд тавих нийтлэг шаардлага” MNS 5260:2011 стандартын 13.2.заалтыг /Дархан аймгийн “Итгэл”, нийслэлийн Баянгол дүүргийн ”Батраш” эмийн сангууд нь /;

6. ЭМЯ –аас эмийн үйлдвэрүүдэд 2013 онд нийт 96,0 литр хүнсний спирт авах зөвшөөрөл олгосноос 23,0 литр буюу 24,2%-ийг, 93,0 литр техникийн зориулалттай спирт авах зөвшөөрөл олгосноос 21,0 литр буюу 23%- ийг тус тус авч үйлдвэрлэлд ашигласан байхад, 2014 онд  нийт 76,0 литр хүнсний, 86,0 литр техникийн спиртийн зөвшөөрөл олгосон байгаа нь Хүнс хөдөө аж ахуйн, Хууль зүй дотоод хэргийн, Санхүү эдийн засгийн, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2004 оны 74/154/170/175 дугаар тушаалын 1.3; 1.4 дэх заалтуудыг;

7. Эмнэлэгт хэрэглэж буй спирт денатурат нь хаяг шошгын бүрдэл дутуу, янз бүрийн саванд  /ундааны сав, чанамалын шил гэх мэт/ савласан, ил тавьж хадгалж /хэн ч авч болохоор/ байгаа нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2 дахь заалтыгтус тус зөрчиж байна.

8.  Лабораторийн шинжилгээгээр 38 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулахад 42% нь чанарын шаардлага хангахгүй дүнтэй гарсан байна./Баян-Өлгий, Дорнод, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Хэнтий аймгууд болон нийслэлийн 6 дүүрэг/;

 

Д.  Хилээр орж ирсэн архи согтууруулах ундаатай холбоотой гарсан зөрчлүүд:

Хилийн боомт дахь алба, хэлтсээс ирүүлсэн зөрчлийн мэдээнээс үзэхэд: 2013 он, 2014 оны 2 сарын 25-ны байдлаар улсын хилээр спирт нэвтрээгүй байна.

Харин импортын согтууруулах ундааг зөвшөөрөлгүй боомтоор нэвтрүүлэх, тусгай зөвшөөрөл авалгүй оруулах, тээвэрлэлтийн горим зөрчих,  лабораторийн сорилт шинжилгээгээр чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй зэрэг зөрчил илэрсэн “Престиж суплайз инк” ХХК-ний Герман улсаас импортолсон 39 нэр төрлийн 3557 ширхэг цагаан болон улаан дарс, “Тэнгэр” ХХК-ний Франц улсаас импортолсон 990 ширхэг “Cuvee du Patron, Bordeaux Appellation controlee moelleux” нэрийн цагаан дарс, “Чежү трейдинг” ХХК-ний ОХУ-аас импортолсон 8 нэр төрлийн 28400 ширхэг шар айраг, “Юү би авто трейд” ХХК-ний Герман улсаас импортолсон 56800 ширхэг “Моёт” нэрийн оргилуун дарс, “Эвридэй интернэшнл” ХХК-ний Франц улсаас импортолсон 300 ширхэг дарс, “MCS Asia Pacific Brewery” ХХК-ний Герман улсаас импортолсон “Heineken” нэрийн4800 ширхэг шар айраг, “Касс таун” ХХК-ийн Герман улсаас импортолсон “Beck’s” нэрийн 29620.8 литр шар айраг зэрэг бүтээгдэхүүнүүдийг улсын байцаагчийн дүгнэлт үйлдэн устгасан байна.   

 

Шалгалтын явцад архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхэлж буй ААНБ-ууд болон эм ханган нийлүүлэх байгууллагуудад нийт 117 зөрчил илрүүлж, 20 аж ахуйн нэгжид 54 заалт бүхий 20 албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, баталгаажилтгүй, хаяг шошгын зөрчилтэй 12266 шил архийг битүүмжлэн 151 дээжийг шинжилгээнд хамруулан, стандартын шаардлага хангаагүй гарсан 85 шил, хадгалалтын хугацаа дууссан 1071 шил архи, 849 ширхэг шар айраг, 8 шил дарсыг устгаж, зөрчил гаргасан 11 иргэн, хуулийн этгээдэд 3.416.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.

Хяналт шалгалтын явцад хаяг шошгын зөрчилтэй 12266 шил архийг худалдаанаас татан авч, нэмэлт шошго наасны дараа худалдаанд гаргах талаар тухайн ААНБ-уудад үүрэг өгч ажиллалаа.

Архи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан 6 мухлагийн үйл ажиллагаа зогсоож, 1 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг холбогдох газарт хүргүүлсэн байна.

Шалгалтын явцад зөрчил гаргасан эм хангамжийн байгууллагуудад 24 заалт бүхий 8 албан шаардлага, бүтээгдэхүүний тухай 21 дүгнэлт хүргүүлж, Дархан-уул аймагт сав, баглаа боодол, хаяг, шошго, стандарт хангаагүй 6 эмийн сангийн 76%-10 мл, 100 мл-ээр савлагдсан 30 ширхэг спирт денатуратыг газар дээр устгасан байна.

Шалгалтын мөрөөр цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай ажлыг тусгасан албан тоотыг ҮХААЯ, ЭМЯ, Нийслэлийн Засаг дарга болон Цагдаагийн Ерөнхий газарт тус тус хүргүүллээ.

Шалгалтанд хамрагдсан ААНБ-уудын албан тушаалтан, ажилтнуудад зөрчлийг арилгах талаар холбогдох хууль дүрэм, зааврын дагуу мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөн туслаж ажиллалаа.

                                   

                                                            ЭМБСШУХГ, ХХААҮҮХГ

Сүүлд нэмэгдсэн мэдээ