Ахуйн шавж, мэрэгч устгагч байгууллага, ариутгал, халдваргүйтлийн бодис үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг шалгалаа

Мэргэжлийн хяналтын байцаагчид төлөвлөгөөний дагуу гуравдугаар сард ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис үйлдвэрлэгч болон  эдгээр бодисыг ашиглаж үйлчилгээ үзүүлдэг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийсэн байна. Шалгалтын дүнг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын Зөвлөлийн 2014 оны тавдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ.  

Шалгалтад нийслэлийн гурван дүүргийн 11, 17 аймгийн 28, нийт 39 байгууллага  хамрагдлаа. Эдгээрээс Булган аймгийн Эрүүл мэндийн газар, нийслэл, Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс бусад нь хувийн хэвшлийнхэн байжээ.

Нийслэлд ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис үйлдвэрлэдэг “Ирвэс интертрейд”, “Монхимо”, “Вест мед” компанид хийсэн шалгалтын дүнгээс үзэхэд дотоод хяналтын ажилтангүй, химийн хорт бодисоос үүдэн гарах эрсдэлийг бүртгэх, дотооддоо хянах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах төлөвлөлт байхгүй, мэдээлэл хангалтгүй зөрчил илэрлээ.

“Ирвэс интертрейд” компаниас бусад нь хаягдал, сав баглаа боодлыг ахуйн хог хаягдалд нийлүүлж, холбогдох журмын дагуу зайлуулж устгадаггүй байна. “Вест мед” компани бүтээгдэхүүнээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй, халдваргүйжүүлэх үйлчлэлийг баталгаажуулаагүй, гар ажиллагаатай багаж, тоног төхөөрөмж ашиглан бодисоо үйлдвэрлэдэг, “Монхимо” компанийн үйлдвэрийн байрны дээврээс ус гоожиж, хананы шавар, эмульс унасан зэрэг нь холбогдох стандартыг зөрчжээ. Иймээс “Вест мед” компанийн ажлыг түр зогсоож, бусад компанид гаргасан зөрчлөө арилгах албан шаардлага өгсөн байна. Мөн “Вест мед” компани улсын бүртгэлд бүртгэгдээгүй, зөвшөөрөлгүй химийн бодис оруулж ирэн эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлж байгаа албан бичгийг Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлжээ.

Гэхдээ “Ирвэс интертрейд”, “Монхимо” компани үйлдвэрлэж байгаа бодисоо улсын бүртгэлд бүртгүүлж, 2013-2014 онд Монгол Улсад хэрэглэх бодисын жагсаалтад оруулан, тусгай зөвшөөрөлтэй ажилладаг. “Ирвэс интертрейд” компани сав, баглаа, боодлоо эгүүлэн татаж, дахин боловсруулж ашиглахаар тоног төхөөрөмжөө суурилуулж эхэлсэн ололттой тал ч байна.

Нийслэл, аймагт ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис ашиглан үйлчилгээ үзүүлдэг байгууллагын 70 хувь нь зориулалтын байргүй, цөөнгүй нь цэвэр, бохир усны төвлөрсөн системд холбогдоогүй, 90 хүртэл хувь нь хор судлагч, эрүүл ахуйч, биологч, ариутгагчгүй  гэсэн дүнтэй гарлаа. Ахуйн шавж, мэрэгч устгах бодисыг тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн байранд хэрэглэснээс хойш 7-21 хоногт үр дүнгээ өгсөн эсэхийг эргэн судалж тэмдэглэдэггүй зөрчил түгээмэл байна. Улсын хэмжээнд ахуйн шавж устгал, ариутгал, халдваргүйжүүлэлтэд нэр бүхий бодисуудыг байнга хэрэглэж байгаагаас шавж, мэрэгч дасан зохицож, үр дүн гарахгүй байхад багагүй нөлөөлж байгаа нь шалгалтаар тогтоогдлоо.

Химийн хорт бодисын хаягдал, сав, баглаа бооодол зэргийг ахуйн хог хаягдалд нийлүүлж, эмнэлгийн шатаах зууханд шатаах зэргээр холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчих тохиолдол ч цөөнгүй гарч байна.

Мэргэжлийн хяналтын байцаагчид шалгалтын хугацаанд илэрсэн зөрчил бүрийг арилгах, эрсдлийг бууруулах сургалт зохион байгуулж, гарын авлагаар ханган, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө. Мөн 31 байгууллагад улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, дөрвөн аж ахуйн нэгжид торгууль ногдуулсан байна.  

Зөрчлөө арилгах хүртэл Төв аймгийн “Бор бураа”, Завхан аймгийн “Ариусгал Завхан”, Баянхонгор аймгийн “Бурхант-Эх”, Сэлэнгэ аймгийн “Сод Алтай”  компанийн ажлыг түр, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан Багануур дүүргийн “Эйнжил”, “Их Хурай” компанийн үйл ажиллагааг зогсоохоор боллоо. Мөн шалгалтаас зайлсхийсэн, тогтвортой ажилладаггүй Баянхонгор аймгийн “Акос”,  Орхон аймагт байрладаггүй ч аймгийн Эрүүл мэндийн газраас тусгай зөвшөөрөл авч, Улаанбаатар хотоос очиж үйлчилгээ үзүүлдэг “Хунтхайрхан”, “Цасны хачир”, “Сайн түшиг” компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах дүгнэлтийг тухайн аймгуудад хүргүүлжээ.

Шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 96 хувь нь зориулалтын сав, баглаа, боодол, шаардлага хангасан хаяг, шошготой, тухайн онд хэрэглэх химийн бодисын жагсаалтад орсон бодис хэрэглэдэг сайн тал байна. Мөн дийлэнх нь ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлтэй, аюулгүй ажиллагааны санамж, анхааруулгыг ажлын байрандаа ил байрлуулсан, анхны тусламж үзүүлэх эм, хэрэгсэлээ бэлтгэжээ. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Жүд жи жигдэн”, нийслэлийн “ДДД андууд нөхөрлөл” компани хор судлагч, эрүүл ахуйч, биологич болон ариутгагч гээд боловсон хүчнээр бүрэн хангагдсан байна.

Шалгалтын мөрөөр цаашид авах арга хэмжээний төсөлд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын Зөвлөлийн гишүүдийн саналыг нэмж тусган Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ