Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид дунд эрсдэлтэйд тооцогдов

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын Зөвлөлийн хурлаар 18 аймаг, нийслэлд мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 239 аж ахуйн нэгжийн 118-ыг нь шалгасан дүнг хэлэлцлээ.  

Аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь дунд эрсдэлтэй гэж гарсан байна. Үйлдвэрийн барилга байгууламжинд тавигдах шаардлагуудаас бусад үзүүлэлт өмнөх оныхтой харьцуулбал 28 хүртэл  хувиар  дээшилжээ.  Хүн ам ихтэй нийслэл, Дархан-Уул, Дорнод, Орхон, Хөвсгөл дэх үйлдвэр, цехүүд ажлын байраа зориулалтын  дагуу өөрчлөн сайжруулсан, хүмүүсийнхээ ажиллах нөхцлийг бүрдүүлсэн, цэвэр, бохир усны сүлжээнд холбогдсон гээд хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн шаардлага хангасан орчин, стандартын түвшинд ажиллаж байна.

Улсын байцаагчид шалгалтын явцад 835 зөрчил илрүүлэн 26 хувийг нь газар дээр нь арилгуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч зөвлөн туслах үйлчилгээ үзүүлжээ. Долоон үйлдвэр, цехийн ажлыг зогсоон эрүүл ахуй, чанарын шаардлага хангаагүй мах, махан бүтээгдэхүүнийг устгасан байна.

Цаашид улсын байцаагчийн гаргасан акт, албан шаардлагыг хэрэгжүүлж, зөрчлийг арилгуулах, шалгалтад хамрагдаагүй бусад үйлдвэр, цехийг энэ оны гуравдугаар улиралд багтаан шалгахаар боллоо.

Мөн аж ахуйн нэгжүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх сургалт явуулж бага эрсдэлтэй бүлэгт оруулах, хяналт, шалгалтын давтамжийг цөөрүүлж бизнесийг нь дэмжих нь зүйтэй гэж хурлаас үзлээ.

Шалгалтын дүн, танилцуулга, хурлын шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэндийн яам, Стандарт, хэмжил зүйн газар, аймаг, нийслэлийн Засаг дарга, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим,  аж ахуй нэгжүүдийн удирдлагад хүргүүлэхээр боллоо. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ