“МОНЦАМЭ” агентлагийн 2013 он, 2014 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн тухай

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу “МОНЦАМЭ” агентлагийн 2013 он, 2014 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд наймдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажлын 20 хоногт Шалгалт хийлээ.

Тус агентлаг нь 2013 онд улсын төсвөөс 991,5 сая төгрөгийн урсгал, 270,0 сая төгрөгийн хөрөнгийн нийт 1261,5 сая төгрөгийн санхүүжилт авч, өөрийн орлогоор 195,6 сая төгрөг төвлөрүүлэн нийт 1460,7 сая төгрөгийн орлого, санхүүжилтийн эх үүсвэртэйгээр ажиллажээ. 2014 оны эхний хагас жилд улсын төсвөөс 533,4 сая төгрөгийн санхүүжилт авч, өөрийн үйл ажиллагааны орлогоор 93,3 сая төгрөг төвлөрүүлэн нийт 626,8 сая төгрөгийн санхүүжилт авч зарцуулжээ.

2013 онд үйл ажиллагаандаа 1187,1 сая төгрөг зарцуулж, батлагдсан төсөвт зардлыг нийт дүнгээр 24,2 сая төгрөгөөр хэмнэсний дотор цалингийн санг 9,0 сая төгрөгөөр тогтмол  2,505,5 мянган төгрөгөөр, олон улсын суваг ашигласны зардлыг 5,5 сая төгрөгөөр, шуудан холбооны зардлыг 2788,6 мянган төгрөгөөр тус тус хэмнэжээ. 2013 онд батлагдсан төсөвт зардлын 83,0 хувь буюу 983,7 сая төгрөгийг цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд, 17,0 хувь буюу 203,3 сая төгрөгийг бараа үйлчилгээний бусад зардалд тус тус зарцуулжээ.

2013 онд төсвийн зайлшгүй нэмэгдэж гарах зардлуудыг Сангийн сайдын 2010 оны 48 тоот тушаалаар батлагдсан “Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн тухай журам”-ын дагуу бараа үйлчилгээний зардлын бүлэг хооронд шилжүүлэн зарцуулсан байна. Үүнд: Шуудан холбооны зардал 2788,6 мянган төгрөгөөр хэмнэгдсэний 270,1 мянган төгрөгийг бичиг хэргийн зардалд, сургалт семинарын зардал 1830,7 мянган төгрөгөөр, дотоод томилолтын зардал 1172,0 мянган төгрөгөөр хэмнэгдсэний 2901,2 мянган төгрөгийг гадаад томилолтын зардалд, 101,4 мянган төгрөгийг гадаад зочны зардалд шилжүүлэн зарцуулжээ.  

2014 оны эхний хагас жилийн байдлаар үйл ажиллагаандаа 581,8 сая төгрөг зарцуулж, батлагдсан төсөвт зардлыг  41,5 сая төгрөгөөр хэмнэж ажиллажээ. Нийт зардлын 83,5 хувь буюу 485,9 сая төгрөгийг цалингийн зардалд, 16,5 хувь буюу 95,9 сая төгрөгийг бараа үйлчилгээний бусад зардалд тус тус зарцуулжээ.

Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”-ын 2-д “эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг буюу бусдаас илүү дэвшилтэт арга барилаар ажиллаж өндөр амжилт гаргасан, эсвэл гоц авьяастай ажилтанд ур чадварын нэмэгдэл олгоно” гэсэн заалт болон Агентлагийн даргын 2013 оны А/18 тоот тушаалаар батлагдсан төрийн үйлчилгээний албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох журам”-ын 3-д “мэдээ мэдээллийн стандартыг ханган ажлаа нормоо тогтмол биелүүлж ажиллаж байгаа сэтгүүлч, сурвалжлагч, редакторуудад 10 хувийн, 4-д” Мэргэжлийн ур чадвар сайтай гадаад хэл дээр мэдээ, мэдээлэл хийж ажиллаж байгаа редактор, сурвалжлагч, сэтгүүлчдэд 25 хүртэлх хувийн нэмэгдэл”, 5-д “мэргэжлийн ур чадвар сайтай, сонин сэтгүүлийг хариуцан гаргаж байгаа, төрийн албанд олон жил үр бүтээлтэй ажилласан  хүмүүст ур чадварын нэмэгдлийг 40 хүртэлх хувиар бодож олгоно” гэсэн заалтыг хэрэгжүүлэх талаар анхаарч ажиллах шаардлагатай байна. Тухайлбал: 2013 онд тус агентлагт шинээр ажилд орсон 3 ажилтанд ажилд томилох тушаал гаргахдаа ур чадварын нэмэгдэл 15,0-25,0 хувиар олгосон байна.

2013 онд даргын жолооч нь 1326 цаг илүү цаг ажиллан илүү цагийн хөлсөнд 3951,2 мянган төгрөг,  2014 оны эхний хагас жилд 539 цагийн илүү цагийн хөлсөнд 1606,1 мянган төгрөг олгожээ. Энэ нь нэг ажилтны жилийн календарийн ажлын нийт 1936 цагтай дүйцэхээр байгааг анхаарч журамлах нь зүйтэй байна.

Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг санхүүгийн программ ашиглан зохих журмын дагуу хөтлөн санхүүгийн тайлан болон тодруулгуудыг  Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, НББОУС болон түүнд нийцүүлэн гаргасан заавар, журам, аргачлалын дагуу бэлтгэн улирал жилээр гаргаж, холбогдох байгууллагуудаар баталгаажуулж, хуулийн хугацаанд нь тушааж иржээ. Орлогыг бэлэн бусаар төвлөрүүлэх бодлого баримталснаар орлого төвлөрүүлэх  үйл ажиллагаатай холбоотой  үүсэж болох эрсдлийг багасгасан сайн талтай байна. Батлагдсан төсөвт зардлыг хэмнэх, хэтрүүлэхгүй байх талаар анхааран ажиллаж зохих үр дүнд хүрсэн байна. Тус агентлагийн 2013 оны санхүүгийн тайланд “Нийслэл-Аудит” ХХК аудит хийж, аудитын шалгалтаар тус агентлагийн санхүүгийн үйл ажиллагаанд зөрчилгүй дүгнэлт өгсөн байна. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ