Барилгын материалын савласан бүтээгдэхүүний цэвэр тоон хэмжээнд хийсэн хяналт шалгалтын тухай

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал, хэмжил зүйн газрын 2014 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу Сав, баглаа боодолтой барилгын материал савласан бүтээгдэхүүн/цемент, будаг, замаск, будаг, цавуу г.м/-ий цэвэр тоон хэмжээнд “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай”, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмын хэрэгжилт, стандартын мөрдөлтийг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, холбогдох шийдвэр гаргахад шалгалтын зорилгоор 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс ажлын 7 хоногт багтаан хяналт шалгалт хийлээ.

Шалгалтад СБД-ийн 10, 11 дүгээр хороонд байрлах 100 айлын барилгын материалын бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчид, БГД-ийн 5 дугаар хороонд байрлах УБТЗ-ын Ачиж буулгах, тээвэр, экспедицийн механикжсан анги /АБТЭМА/ буюу барилгын материалын 44 дүгээр захын худалдаа эрхлэгчид, барилгын материал үйлдвэрлэдэг “Гурван марал групп” ХХК, “Эрдэнэжин фан” ХХК, “Монгол ташуур” ХХК, “Баян сэтгэмж” ХХК зэрэг нийт 56 иргэн, 4 аж ахуйн нэгж, байгууллагын 25 кг, 50 кг-аар савласан цемент, чигчээс, төрөл бүрийн замаск, 1 кг, 10 кг, 18 кг-аар савласан будаг, цавуу зэрэг 8 нэр төрлийн 450 ширхэг савласан барилгын материалыг хамруулан шалгав.

Шалгалтаар илрүүлсэн зөрчил, дутагдал:

1. 100 айлын барилгын материалын бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчид БНХАУ-аас импортоор нийлүүлэгдэж буй 1 кг, 10 кг, 17 кг, 25 кг, 35 кг, 50 кг-аар савласан цемент, будаг, цавуу, замаск зэрэг барилгын материалын бүтээгдэхүүн нь  цэвэр тооны хэмжээний хэвийн утгаас 400 граммаас 10 кг-аар дутуу савлагдсан;

2. 100 айлын барилгын материалын бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчид Монгол Улсын зах зээлд худалдаалагдаж буй  будаг, цавуу, замаск, битум гэх мэт савласан барилгын материалын цэвэр тоон хэмжээ, үйлдвэрлэсэн газар, стандартын дугаар, холбогдох хаяг, утас, хадгалах нөхцөл, хэрэглэх заавар, үйлдвэрлэсэн огноо зэргийг бичээгүй, хаяг шошгогүй;

3. БНХАУ-аас нийлүүлэгдэж байгаа цементийн уут сийрэг, цемент ачиж, буулгах үед бургиж тоос их хэмжээгээр үүсдэг, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтаар Төмөр замын АБТЭМА-д тандалт судалгаагаар хийсэн шинжилгээгээр тоосны агууламж ажлын бүсэд эрүүл ахуйн зөвшөөрөгдөх дээд хэмжээ 1.4-5.2 дахин их гарсан, цемент ачигч-буулгагч нарт олгож байгаа сүлжмэлэн бээлий, 2 давхар даавуун амны хаалт нь гар, амьсгалын эрхтэн системийг хамгаалж чадахгүй байгаа;                                          

4. Иргэн н.Бямбаа, н.Чимгээ, н.Нямсүрэн, н.Алтанцэцэг, н.Гэрэлмаа, н.Баярмаа, н.Орхон, н.Очирхүү, н.Лхагваа, н.Одончимэг нар болон хамтран ажилладаг хэсэг иргэд гурвалжингийн гүүрний баруун талд зөвшөөрөлгүй газарт задгай цемент, элсийг 50 кг уутанд ямарч хэмжих хэрэгсэлгүйгээр баримжаагаар савладаг, цэвэр тоон хэмжээг эталон жингээр шалгахад 38 кг-аас 46 кг байсан ба стандартад заасан тоон хэмжээний зөвшөөрөгдөх дундаж хэлбэлзэл /±1кг/-ээс  (3~11) кг дутуу савласан, барилгын материалыг итгэмжлэгдсэн лабораторийн сорилт туршилтад хамруулаагүй;                                                         

5. “Эрдэнэжин фан” ХХК /хуучнаар ”Гурван холбоо”ХХК/, “Баян сэтгэмж”ХХК, “Монгол ташуур” ХХК-ийн 25 кг-аар савласан хар замаск, цавууг 400 граммаас 5 кг хүртэл дутуу савлагдсан, уутны хаяг шошгыг хятад, англи, орос хэлээр бичигдсэн, цэвэр тоон хэмжээ, стандартын дугаар, үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжийн нэр, холбогдох утсыг бичээгүй, буруу бичсэн;

6. Иргэд /БНХАУ, Монгол Улсын/ цементийн уутыг урд хөршөөс оруулж, хувиараа хар замаск үйлдвэрлэн савлаж, худалдаанд гаргаж, хэрэглэгчийг төөрөгдүүлж байгаа;

7. Барилгын материалын дотоодын үйлдвэрүүд байгууллагын хэмжил зүйн дотоод хяналтын хэрэгжүүлдэггүй, худалдаа эрхлэгчид болон худалдан авагчдын хэмжилзүйн хууль тогтоомжийн мэдлэг дутмаг;

8. “Баян сэтгэмж” ХХК барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, үйлдвэрийн байр нэр, хаяггүй үйл ажиллагаа эрхлэж байгаа:

Хяналт шалгалтаар нийт 35 зөрчил илрүүлж, 21 зөрчлийг газар дээр нь арилгуулж, зөрчлийг арилгуулах талаар 12 заалттай 3 албан шаардлага үйлдэж, 2 аж ахуйн нэгж, байгууллагад 200.0 мян. төгрөгийн, 1 албан тушаалтанд 576.0 мян. төгрөгийн, 10 иргэнд 384.0 мян. төгрөгийн нийт 1.260.0 мян. төгрөгийн  торгууль шийтгэвэр ногдуулж, 1.400.000 мян. төгрөгийн хууль бус орлогыг  хураан, 2.660.0 мян. төгрөгийг бүрэн барагдуулан ажилласан байна. 

Дүгнэлт

1. Хяналт шалгалтаар “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” хуулийн хэрэгжилт барилгын материал үйлдвэрлэгчдэд 42.5 хувьтай, худалдаа эрхлэгчдэд 54 хувьтай дундажаар 48.3 хувийн хэрэгжилттэй хангалтгүй байна.  

2. БНХАУ-аас импортоор нийлүүлэгдэж буй 1 кг, 10 кг, 17 кг, 25 кг, 35 кг, 50 кг-аар савласан цемент, будаг, цавуу, замаск зэрэг барилгын материалын бүтээгдэхүүн цэвэр тоон хэмжээний хэвийн утгаас 400 граммаас 10 кг-аар дутуу савлагдсан, “Эрдэнэжин фан” ХХК /хуучнаар ”Гурван холбоо”ХХК/, “Баян сэтгэмж”ХХК, “Монгол ташуур” ХХК-ийн 25 кг-аар савласан хар замаск, цавууг 400 граммаас 5 кг хүртэл дутуу савласан нь хэмжлийн аргаар хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн байна.  

3. Монгол Улсын зах зээлд худалдаалагдаж буй будаг, цавуу, замаск, битум г.м савласан барилгын материалын уутны хаяг шошго хятад, англи, орос хэлээр бичигдсэн, цэвэр тоон хэмжээ, үйлдвэрлэсэн газар, огноо, стандартын дугаар, хаяг, утас, хадгалах нөхцөл, хэрэглэх заавар зэргийг бичээгүй байгаа нь холбогдох стандартын шаардлага хангахгүй, хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийх боломжийг бүрдүүлж чадахгүй байна.

4. БНХАУ-аас нийлүүлэгдэж байгаа цементийн уут хэт сийрэг, амархан урагдаж цоордог, зөөж ачих үед бургих, уут цоорох үед гоожиж тоос их хэмжээгээр үүсэх шалтгаан болж байгаа бөгөөд цемент ачигч-буулгагчид шаардлага хангасан хамгаалах хэрэгслэлгүйгээр ажиллаж байгаа нь тэдгээрийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, тодорхой хугацааны дараа өвчлөл үүсэх магадлал өндөр байна.

 5.Зарим иргэнд гурвалжингийн гүүрний баруун талд зөвшөөрөлгүй газарт задгай цемент, элсийг хэмжих хэрэгсэлгүйгээр баримжаагаар савладаг, цементийн уутыг урд хөршөөс оруулж, хувиараа хар замаск үйлдвэрлэн савлаж, худалдаанд гаргадаг, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байгаа нь барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид, худалдан авагчдын хэмжил зүйн болон холбогдох хууль тогтоомжийн мэдлэг хангалтгүй, тэдгээрт хяналт тавих субъект тодорхойгүй байгаатай холбоотой байна.

6. Замын-Үүдийн Хилийн мэргэжлийн хяналтын албанаас БНХАУ-аас импортлож буй цементийн чанар, тоон хэмжээ, аюулгүй байдалд болон ажиллагсадын хөдөлмөрийн нөхцөлд хяналт тавьж ажиллаагүйгээс Замын-Үүд сумын ууттай цемент шилжүүлэн ачих үеийн ажлын бүсэд хийсэн тандалт судалгаагаар тоосны агууламж эрүүл ахуйн зөвшөөрөгдөх дээд хэмжээ 1.6-16.6 дахин их дүнтэй гарч байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ