Бохир ус цэвэрлэх байгууламжуудын цэвэршүүлсэн бохир усанд хийсэн хяналт шинжилгээний танилцуулга

2014.11.25

“Ариун цэврийн тухай”, “Хот суурины ус хангамж, ариутгах татуурга ашиглалтын тухай”, “Усны тухай”, “Барилгын тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Химийн хорт болон аюултай бодисын тухай”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хууль тогтоомж, “Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир ус. Ерөнхий шаардлага MNS 4943:2011” стандартын хэрэгжилтэнд хяналт тавьж үнэлгээ дүгнэлт өгч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулах зорилгоор хяналт шинжилгээг 2-3 дугаар улиралд хийж гүйцэтгэлээ.

Хяналт шинжилгээнд аймаг, нийслэлийн  ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж 35, шинээр угсрагдаж байгаа 3 цэвэрлэх байгууламж хамрагдсан ба судалгааны хүснэгтийн дагуу эрүүл ахуйн төлөв байдлыг тодорхойлж, “Төв болон урьдчилан цэвэрлэх байгууламжийг шалгах хяналтын хуудас”, “Ус хангамжийн эх үүсвэр, цэвэрлэх байгууламж, төвлөрсөн  ус  хангамж ариутгах татуургын гадна шугам сүлжээний ашиглалтыг шалгах хяналтын хуудас, шинээр хийгдэж байгаа цэвэрлэх байгууламжийн угсралтыг “Ус хангамжийн эх үүсвэр, цэвэрлэх байгууламж, төвлөрсөн ус хангамж ариутгах татуургын гадна шугам сүлжээний  угсралтыг   шалгах  хяналтын хуудас”-аар тус тус эрсдэлийг үнэлсэн ба Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангийн хэрэгжилт, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, Химийн бодис ашиглах тусгай зөвшөөрөл, реагент бодисын хэрэглээ, ашиглалт, зарцуулалтын тайлан гаргасан байдал, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир уснаас нийт 56 сорьц авч шинжлүүлсэн ба 21 аймгийн ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир усанд УЦОШЛ-ийн хийсэн шинжилгээний дүнг үндэслэн үнэлгээ дүгнэлт өглөө.

Хяналт шинжилгээнд ахуйн бохир ус цэвэрлэх 34, урьдчилан цэвэрлэх байгууламж 1, нийт 35 цэвэрлэх байгууламж хамрагдсан байна. Хяналт шинжилгээнд хамрагдсан аймгуудын ахуйн бохир ус цэвэрлэх 28 байгууламжийн 3.6% нь 1951-1960 онд, 10.7% нь 1961-1970 онд, 21.4% нь 1971-1980 онд, 35.7% нь 1981-1990 онд, 3.6% нь 1991-2000 онд, 17.9% нь 2001-2010 онд, 7.1% нь 2010 оноос хойш ашиглалтанд оржээ.

Хяналт шинжилгээнд хамрагдсан аймгуудын ахуйн бохир ус цэвэрлэх 28 байгууламжийн  10 ба 35.7% нь механик биологи, 18 ба 64.3% нь зөвхөн механик цэвэрлэгээ хийдэг байна.Аймгуудын цэвэрлэх байгууламжийн хүчин чадал 600-50000 мі, хоногт цэвэрлэж буй бохир усны хэмжээ 500- 18000 мі байна. Архангай, Хэнтий, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Сүхбаатар, Сэлэнгэ, Өмнөговь, Завхан аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжууд хүчин чадлаасаа илүү бохир усыг цэвэрлэж байна. Аймаг тус бүрээр харуулбал:

zeverleh1           

Бохирын шугам хоолой хувьд ихэнх аймгууд ширэм, хуванцар, PVC хоолой холимог байгаа ба 5-80 жилийн насжилттай байна.Баян-Өлгий, Төв, Орхон, Дорнод, Дархан-Уул аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжууд дотоодын хяналтын лабораторитай байна. Бусад аймгуудын хувьд БОШТЛ-д 7-8 үзүүлэлтээр сард нэг шинжилгээ авч үнэлгээ дүгнэлт өгч байна.

Химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ Төв цэврлэх байгууламжаас гарч байгаа цэвэршүүлсэн бохир усанд 4.9 дахин, Биокомбинатын цэвэрлэх байгууламжаас гарч байгаа цэвэршүүлсэн бохир усанд 17 дахин, Баянголын цэвэрлэх байгууламжаас гарч байгаа цэвэршүүлсэн бохир усанд 14%-иар, Налайхын цэвэрлэх байгууламжаас гарч байгаа цэвэршүүлсэн бохир усанд 38%-иар тус тус их гарсан байна. Химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ 2014 оны шинжилгээний дүнг 2013 онтой харьцуулахад бохирдуулагч бодисуудын хэмжээ биокомбинатын цэвэрлэх байгууламжаас гарч буй усанд нэмэгдсэн, бусад цэвэрлэх байгууламжаас гарч буй усанд бага зэрэг багассан дүнтэй байна.

Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир усанд 3.3 дахин, Биокомбинатын цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир усанд 56.5%-иар, Нисэхийн цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир усанд 2.2 дахин, Баянгол цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир усанд 18%-иар, Багахангай цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир усанд 5.3 дахин, Багануур цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир усанд 2.1 дахин, Налайхын цэвэрлэх байгууламжаас гарч буй усанд 2.4 дахин тус тус их гарсан байна. Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээг тодорхойлсон  2014 оны шинжилгээний дүнг 2013 онтой харьцуулахад Төв цэвэрлэх байгууламж, Нисэх, Баянгол, Багахангай, Багануур цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир усанд бага зэрэг багассан, Биокомбинат, Налайхын цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир усанд нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Жигнэгдэгч бодисын хэмжээ Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир усанд 9.7 дахин, Биокомбинатын цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир усанд 7.4 дахин, Нисэхийн цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир усанд 10.1 дахин, Баянгол цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир усанд 3.6 дахин, Багахангай цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир усанд 15.3 дахин, Налайх дүүргийн цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир усанд  2.7 дахин их гарсан байна.

Жигнэгдэгч бодисын хэмжээг тодорхойлсон  2014 оны шинжилгээний дүнг 2013 онтой харьцуулахад Биокомбинат, Нисэх, Баянгол, Багахангай дүүргүүдийн цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир усанд нэмэгдсэн байна.

“Харгиа” цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир усанд хийсэн шинжилгээний дүнг Дэд бүтцийн хөгжлийн сайд байгаль орчны Сайд, Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалалын Сайдын 1997 оны а/11/05/А/18 тоот тушаалаар баталсан “Бохир ус зайлуулах төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх үйлдвэрийн бохир усны найрлагын зөвшөөрөгдөх хэмжээ”-нд заасан үзүүлэлттэй  харьцуулж үзэхэд хромын шугаманд умбуур бодис 15 дахин их, химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ 1.2 дахин их, биологийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ 3.3 дахин их, сульфидын хэмжээ 5.4 дахин их, сульфидийн шугаманд умбуур бодис 52 дахин их, химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ 8.8 дахин их, биологийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ 3.3 дахин их, сульфид 7.4 дахин их, гарах хэсэгт умбуур бодис 5.6 дахин их, химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ 1.6 дахин их  гарсан байна.

Говьсүмбэрээс бусад аймгийн төвийн ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир усанд аймгуудын Ус цаг уур орчны шинжилгээний лабораторид жигнэгдэгч бодис, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, перманганатын исэлдэх чанар, аммонийн азот, фосфор зэрэг үзүүлэлтээр сар бүр шинжилгээ хийдэг байна.

Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч: Аймгуудын 23 ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир усанд биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 18 цэвэрлэх байгууламж буюу 78.3%-д стандартад заасан хүлцэх хэмжээнээс 38%-иас 8.5  дахин их гарсан байна. /Дорнод, Дархан Салхит, Дархан Шарын гол, Дархан Нэхий, Ховд, Сүхбаатар, Төв, Завхан, Увс, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Баян-Өлгий, Орхон, Орхон Жаргалант, Дундговь/

Перманганатын исэлдэх чанар: Аймгуудын 23 ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир усанд Перманганатын исэлдэх чанар 14 цэвэрлэх байгууламж буюу 60.9%-д стандартад заасан хүлцэх хэмжээнээс 15%-иас 12.3  дахин их гарсан байна. /Дархан Салхит, Дархан Шарын гол, Дархан Нэхий, Ховд, Сүхбаатар, Сэлэнгэ, Говь-Алтай, Өмнөговь, Хөвсгөл, Хэнтий, Баян-Өлгий, Орхон, Дундговь, Дорноговь/

Аммонийн азот: Аймгуудын 23 ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир усанд Аммонийн азот 22 цэвэрлэх байгууламж буюу 95.7%-д стандартад заасан хүлцэх хэмжээнээс 41.7%-иас 14.4  дахин их гарсан байна. /Булган аймагт шинжилгээ хийгээгүй, Баян-Өлгий аймгийн цэвэрлэх байгууламжаас бусад бүх ЦБ-ийн усанд стандартаас их гарсан байна/

Нийт фосфор: Аймгуудын 23 ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир усанд нийт фосфор 19 цэвэрлэх байгууламж буюу 86.4%-д стандартад заасан хүлцэх хэмжээнээс 63.3%-иас 9.6 дахин их гарсан байна. /Өвөрхангай, Булган, Дархан Нэхийгээс бусад бүх аймгийн ЦБ-ийн усанд стандартад заасан хэмжээнээс их гарсан/

Цэвэрлэгээний түвшин: Аймгуудын 23 ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир усны цэвэрлэгээний түвшин 19%-77% байна.

zeverleh2           

Хяналт шинжилгээгээр илэрсэн зөрчил

Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Увс аймгуудын цэвэрлэх байгууламж нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй үйл ажиллагаа явуулж байгаа;

Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Өвөрхангай, Нийслэлийн Төв болон Урьдчилан цэвэрлэх байгууламжууд нь хаягдал усыг дахин боловсруулах технологигүй, хаягдал усыг зайцуулах цэг тогтоолгоогүй;

Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Өвөрхангай аймгийн цэвэрлэх байгууламжууд нь хог хаягдал хадгалах түр хогийн цэггүй, цэвэрлэгээнээс гаргасан лагийг картны орчимд ил задгай асгасан, лаг болон бусад хог хаягдлын бүртгэл, тайлан мэдээг хөтөлдөггүй, гарсан лаг, хог хаягдлыг төрөлжүүлж, хог хаягдлыг тээвэрлэн зөвшөөрөгдсөн цэгт хүргэх талаар харьяалах газартай гэрээ байгуулаагүй;

Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Өмнөговь аймгуудын цэвэрлэх байгууламжууд нь эрүүл ахуйн болон хамгаалалтын бүс тогтоогоогүй;

Архангай, Дорнод, Дорноговь, Завхан, Орхон, Увс аймгуудын цэвэрлэх байгууламжууд нь газрын төлөв байдал чанарын хянан магадлагаа хийлгээгүй;

Говьсүмбэр, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Увс аймгуудын цэвэрлэх байгууламжууд нь байгууллагын дотоод хяналт шалгалт хангалтгүй, компанийн дотоод хяналтад байгаль орчин хариуцсан мэргэжилтэн байхгүй, дотоод хяналтын тайлан мэдээг Мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлдэггүй;

Төв цэвэрлэх байгууламжид ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Итали, Франц, зэрэг улс орнуудад үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмжүүдийг хольж суурилуулсан нь хоорондоо уялдаа холбоо муутай, эвдрэл гэмтэл ихтэй, эвдэрсэн үед сэлбэг материалын олдоц муутай, мөн тунгаагуур элс баригч  аэротик зэрэг байгууламжуудын төмөр болон бетон эдлэл  зэвэрч хагарч эвдэрч унасан зэрэг нь хүчин чадлыг бууруулах, технологийн горим алдагдах нөхцлийг бүрдүүлж, хэвийн найдвартай ажиллагааг алдагдуулж байгаа; 

Аймаг орон нутгийн /Булган, Дорноговь, Завхан, Баян-Өлгий, Увс, Говь-сүмбэр зэрэг/ ихэнхи цэвэрлэх байгууламжууд нь 1970-1990 оны үед  анх баригдсан ба  үндсэн болон туслах тоног төхөөрөмж насос, шугам хоолой хаалт арматурууд тэдгээрийн  барилга байгууламжуудын ашиглалтын хугацаа дуусаж хуучирч муудсан, шороон далан суваг шуудуу нь эвдэрч сэтэрч нурсан, техник технологийн хувьд орчин үеийн норм стандартын шаардлагыг хангахгүй хоцрогдсон, бохир усыг шууд буюу зөвхөн механик цэвэрлэгээгээр цэвэрлэн картанд хаяж байгаа;

Цэвэрлэх байгууламжийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж, барилга байгууламжуудын зураг төсөл, техникийн баримт бичгүүдийн бүрдэл дутуу, хадгалалт хамгаалалт муу, ашиглалтын үед хувийн хэрэг хөтөлж паспортжуулаагүй,

Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод аймгуудын болонӨвөрхангай аймгийн “Хужирт рашаан сувилал”-н цэвэрлэх байгууламжуудын инженерийн шугам  сүлжээ, тоног төхөөрөмж, барилга байгууламжуудад хамгаалалтын зурвас, эзэмшил газарт нь эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүсийг албан ёсоор тогтоогоогүй, шугам сүлжээний хамгаалалтын зурваст иргэд аж ахуйн нэгж байгууллагууд барилга байгууламж барьсан;

Ашиглалтыг хариуцаж байгаа ААНБ-ууд нь цэвэрлэх байгууламж тэдгээрийн  шугам сүлжээнд байнга үзлэг шалгалт явуулж 3 жил тутамд үйлчилгээ урсгал засварыг тогтмол хийж илэрсэн зөрчлийг арилгаж ажлаагүй, ажилтан ажилчдын  хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх,сургалт сурталчилгааг зохион байгуулах талаар хангалтгүй ажилласан, дотоод хяналтын багийг бүрдүүлээгүй; 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар БХБЯ захиалан, 2013-2014 онд бариулсан Нисэхийн цэвэрлэх байгууламжийн “2000м3/хоног хүчин чадалтай өргөтгөлийн барилга байгууламж тоног төхөөрөмж шугам сүлжээ”-ний угсралтын ажлуудыг, улсын экспертизээр баталгаажаагүй албан ёсны биш зураг төслөөр  “Үндэсний барилга консерциум”ХХК, БНТУ-ын “SPG”ARITIM компаниуд гүйцэтгэсэн  байгаа;

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжууд цэвэршүүлсэн бохир усаа Туул голд нийлүүлдэг ба “Уу” булангаас Төв аймгийн Алтанбулаг сум хүртэл нийт 8 цэгээс авсан шинжилгээгээр цэвэршүүлсэн бохир ус нийлж буй Сонгинын гүүрийн ойролцоо исэлдэх чанар, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, химийн хэрэгцээт хүчилтөрөгч, шим бохирдлын үзүүлэлтүүд, гэдэсний бүлгийн савханцрын тоогоор их бохирдолттой ангилалд хамаарч байна;

Аймгуудад бохир ус цэвэрлэх байгууламжид цэвэршүүлсэн бохир усыг хөрсөнд шингээх байдлаар хаяж байгаа ба аймгуудын цэвэрлэх байгууламжийн ойролцоох хөрсөнд хийсэн нян судлалын шинжилгээгээр 72.7%-д их бохирдолттой, 27.2%-д дунд зэргийн бохирдолттой ангилалд хамаарч байна;

Аймгуудын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжид эмнэлэгийн /халдвартын/ бохир усыг урьдчилан цэвэрлэхгүйгээр шууд нийлүүлж байна;

Дүгнэлт

“Барилгын тухай” хуулийн хэрэгжилт-62%, “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хуулийн хэрэгжилт-59%, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 9.1, 9.3,  9.6, “Газрын тухай” хуулийн 27.1, “Усны тухай” хуулийн 30.2.2, “Химийн хорт бодисын аюулгүй байдлын тухай” хуулийн 10.2, 10.3, 13.7, “Хог хаягдлын тухай” хуулийн 9.2.3, “Ариун цэврийн тухай” хуулийн 7.2 дугаар заалтуудын хэрэгжилт хангалтгүй байна; 

Нийт 38 цэвэрлэх байгууламжийн технологийн үйл ажиллагааг хяналтын хуудсаар эрсдлийг үнэлэхэд 59% нь их, 36.4% нь дунд, 4.6% нь бага,  Цэвэрлэх байгууламжийн  ашиглалтын байдал, техник тоног төхөөрөмж, технологийн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудсаар  шалгаж дүгнэхэд  45% нь их, 38% нь дунд эрсдэлтэй, 17% нь бага эрсдэлтэй үнэлэгдсэн байна;

Хяналт шинжилгээнд хамрагдсан цэвэрлэх байгууламжуудын 64.3% нь механик цэвэрлэгээ хийдэг, дотоодын хяналт хангалтгүй, хүчин чадлаас илүү бохир усыг хүлээн авч цэвэрлэдэг, мэргэжилтэй боловсон хүчин дутмаг, техник технологи, тоног төхөөрөмжүүд нь хуучирч муудсан, сэлбэг материалын олдоц муу зэрэг нь ашиглалтын  үед хүндрэл учруулж байгаагаас цэвэрлэгээний үр дүн стандартын шаардлага хангахгүй  байна;

Эрүүл мэндийн байгууллагын шингэн хог хаягдлын менежмент, түүнийг зохицуулах хууль тогтоомж, норм, дүрэм, журам хангалтгүй байгаа аймгуудын халдвартын эмнэлэгийн шингэн хаягдал төвлөрсөн бохир усны шугамд шууд нийлүүлэгдэж эмгэгтөрөгч нян, вирусээр орчныг бохирдуулах нөхцлийг бүрдүүлж байна;

Нийслэлд арьс шир, ноос ноолуурын үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн техник технологийн хүчин чадлаас хамаарч стандартын шаардлагын хэмжээнд хүртэл цэвэрлэж чадахгүй бохир ус төвлөрсөн шугам сүлжээнд нийлүүлж байгаа нь төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний түвшинд нөлөөлж байна;

Хог хаягдал хадгалах түр хогийн цэг, цэвэрлэгээнээс гаргасан лагийг картны орчимд ил задгай асгасан, лаг болон бусад хог хаягдлын бүртгэл, тайлан мэдээг хөтөлдөггүй, гарсан лаг, хог хаягдлыг төрөлжүүлэхгүй байгаагаас байгаль орчин, хөрсний үржил шим алдагдуулах нөхцөл бүрдсэн байна.

Нийслэл болон аймгуудын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжуудийн цэвэрлэгээний үр дүн хангалтгүй байгаагаас нийслэлд Туул голын усны бохирдолын түвшин нэмэгдэж байгаа ба аймгуудын цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир усыг хаядаг орчны хөрс гэдэсний бүлгийн нянгаар бохирдсон байгаа нь хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх түвшинд хүрсэн байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ