Төмс, хүнсний ногооны зоорь, агуулах, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай

Нийслэл, орон нутагт төмс, хүнсний ногооны зоорь агуулах, хүлэмжийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд холбогдох дүрэм, заавар, стандартын хүрээнд эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийж, илэрсэн зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоох, зөрчлийг арилгуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийн түвшинг бууруулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, шийдвэрлүүлэхзорилгоор Шалгалтыг 2014 оны 4 дүгээр сарын 1-нээс 10  дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэлээ.

Шалгалтанд МХБ-аас 2014 онд шалгахаар зарлагдсан 18 аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний зоорь агуулахын болон хүлэмжийн аж ахуй эрхэлдэг 218 ААНБ, иргэн хамрагдахаас 94.9 хувь буюу 207 ААНБ, иргэн хамрагдав. Үйл ажиллагааны чиглэлээ өөрчилсөн, зоорь нь нурж ашиглалтаас хасагдсан, үйл ажиллагаа явуулаагүй зэрэг шалтгаанаар 11 ААН шалгалтанд хамрагдаагүй. (“Митикон” ХХК зоорийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаа больсон, Төв аймгийн “Эм Би Ай” ХХК зэрэг 6 ААН үйл ажиллагаа явуулаагүй, 2 ААН зоорь нурсан учраас ашиглаагүй, засвар үйлчилгээ хийгдэж байсан).Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгчдийг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур үзүүлэлтээр 2013 онд нийт 1317 ААНБ-ыг үнэлэхэд 74.5 хувь буюу 982 нь их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн ба үүний 218 буюу 22.2 хувь нь 2014 онд хяналт шалгалтанд хамрагдсан болно.

Хяналтын хуудасны 12 бүлэг шалгуурын хамгийн бага хэрэгжилттэй үзүүлэлтүүд нь:

бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалтай холбоотой бүлгийн хэрэгжилт 56 хувь, хорио цээрийн дэглэмийн мөрдөлттэй холбоотой бүлгийн хэрэгжилт 65.2 хувь, дотоод хяналттай холбоотой бүлгийн хэрэгжилт 58.8 хувьтай байгаа нь түүхий эд,бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойгүй, ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтлөөгүй, зориулалтын дагуу тээвэрлэдэггүй, зориулалтын тээврийн хэрэгсэлгүй, шуудайтай төмс, хүнсний ногоог хаягжуулаагүй, импортоор ирж буй жимс, жимсгэний савлагаа, бүтээгдэхүүнийг шошгололт стандартын шаардлага хангахгүй, агуулах, зоориуд нь цэвэр усаар хангагдаагүй гар угаах болон угаалгын өрөөгүй, ажилчдад эрүүл ахуйн нөхцөлөөр хангагдаагүй, дотоод хяналтыг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эгзэгтэй цэгт тавих хяналтыг шаардлагын түвшинд хийдэггүйтэй холбоотой байна.

“Ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх үйл ажиллагаа эрхлэгчдийг шалгах хяналтын хуудас14 бүлэг шалгуурын хэрэгжилт дундажаар 67.1 хувьтай ба хамгийн бага хэрэгжилттэй үзүүлэлтүүдийг дурдвал:

Ургамал хамгаалах химийн бодис, бордооны хадгалалтын нөхцөлийн хангалт 41.8% тай байгаа нь үйлдвэрлэл эрхлэгчид ургамал хамгаалах химийн бодис, бордоо хадгалах зориулалтын агуулах хангалтгүй, ажиллагсад хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангагдаагүй, ажиллах орчны эрүүл ахуйн нөхцөлийг бүрдүүлээгүй, химийн бодисыг савлах юүлэх өрөө, ажиллагсадад зориулсан ариун цэврийн өрөө болон хувцас солих өрөө байхгүй, эрсдлийн үнэлгээ хийлгээгүй, бодисыг шинжилгээ баталгаажилтанд бүрэн хамруулдаггүй, химийн бодистой ажиллах аюулгүй ажиллагааны дүрэм боловсруулж, холбогдох албан тушаалтнаар батлуулан үйл ажиллагаандаа мөрддөггүй зэрэг зөрчил нь хүн, мал хордох, байгаль орчин, хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйгээс гадна бодис бордооны чанар муудах нөхцөл болж байна.

Тариалангийн талбайн түүх болон тариалангийн талбайн менежмент бүлгийн хэрэгжилт48.2 хувьтай байгаа шалтгаан нь талбайн түүх, тариалалтын явц, технологи мөрдөлт, ургамал ургалтын хугацаанд өвчин, хортон, хог ургамлын тархалтын бүртгэл хөтлөж хадгалдаггүйгээс Ургамлын хорио цээрийн дэглэмийн мөрдөлт алдагдах нөхцөл бүрдэж байна.

Агуулах зоорь, үтрэмийн гаднах талбайн хог ургамлыг устгаагүй, талбайг хусажцэвэрлээгүй, цардаж бэлтгээгүйгээс хорио цээртэй ургамлын өвчин, хөнөөлт шавьж, хог ургамал тархан үржих, түүнчилэн хүнсний бүтээгдэхүүний чанарт нөлөөлж эрсдэл үүсгэж болзошгүй байна.

Хүлэмж, зоорийн аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар нийт 4 хууль, 3 стандарт, 1 тогтоолын нийт 42 заалтын хэрэгжилт дундажаар 71 хувьтай байгаа нь 2013 оны дүнтэй харьцуулахад улсын хэмжээнд хэрэгжилтийн түвшин 3.2 хувиар дээшилсэн байна.

“Ургамал хамгааллын тухай” хуулийн хэрэгжилт дундажаар 73% байгаа нь уг хуулийн 13.2-т заасны дагуу орон, нутагт тарьж ургуулсан төмс, хүнсний ногоонд  тухайн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ олгох тогтолцоог одоог хүртэл нэвтрүүлээгүйн улмаас ургамал, түүнээс гаралтай түхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох боломжгүй байна.

“Хүнсний тухай хууль”-ийн 10.1.2- 12 дугаар зүйлийн 12.1-д “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд дотоод хяналтыг хэрэгжүүлж, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хариуцна”, 7.1.1-д Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний анхан шатны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлсэн байна, 10.1.3–т “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг хөтлөх”, 10.1.9-д ”хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагын дагуу тээвэрлэх, хадгалах” гэсэн заалтууд дундажаар 72.8 хувийн хэрэгжилттэй байна.

Хууль, стандартын хэрэгжилт Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Ховд аймгуудад 2014 онд 60-аас доош хувьтай, Булган, Увс аймгуудад 80-иас дээш хувьтай байна. Хууль, стандартын хэрэгжилтийн 2014 оны дүнг 2013 оныхтой харьцуулахад ихэнх аймгуудад 0.5- 10.5% өссөн байна, харин Булган аймагт 9%, Орхон 0.5%, Сэлэнгэ аймагт 1.5 хувиар буурсан дүн гарсан байна. 

Бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал

Шалгалтаар 48200 тонн багтаамж бүхий 171 зооринд хадгалагдаж байгаа болон 111.7 га талбай бүхий 244 хүлэмжинд тариалсан 20 гаруй нэр төрлийн хүнсний ногоо,жимс жимсгэнэ,  хөрс, ургаж байгаа ургамлын навч иш, салаа мөчрийн нийт 541 дээжийг пестицид (хлорт болон фосфор органик), нитратийн үлдэгдэл, өвчин, хортон шавьж, хүнд металл, нян судлалын үзүүлэлтүүдээр МХЕГ-ындэргэдэх ХАБҮЛЛ болон орон нутгийн МХГ-ын лабораторийн шинжилгээнд хамруулсан болно. Шинжилгээнд хамрагдсан хүнсний ногоо, жимс жимсгэний дээжний 91.3% нь шинжлэгдсэн үзүүлэлтийн хүрээнд стандартын шаардлага хангаж, 9.1% нь стандартын шаардлагыг хангаагүй байна. Стандартын шаардлага хангаагүй 49 дээжийн 4 нь физикийн үзүүлэлт /гадна хольц, механик гэмтэл/-ээр тэнцээгүй, 40 дээжинд төмсний фитофтор, фузариозын хуурай илжрэл, бактерийн гаралтай нойтон илжрэл өвчин, “Эх газар ХХК”-ий 3 төрлийн цэцэгнээс ургамлын бөөс тус тус илэрсэн.

Шалгалт хийх явцад зооринд хадгалагдаж буй 10 гаруй төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнэд газар дээр нь “Соекс” нэрийн нитрат тестерээр нитратын үлдэгдэл тодорхойлоход, зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй дүнтэй гарсан.

Шалгалтын явцад авсан 109 ширхэг дээжийг пестицидийн үлдэгдэл тодорхойлох шинжилгээнд хамруулахад зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй дүн гарсан хэдий ч лабораторийн хүчин чадал, итгэмжлэлийн хүрээнээс хамаарч тухайн таримал дээр хэрэглэхийг зөвшөөрсөн бүх төрлийн пестицидийн үлдэгдлийг тодорхойлох боломжгүй байна.

Илэрсэн зөрчил дутагдал:

1. Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн 36 буюу 60 хувь нь талбайн түүх, тариалалтын явц, технологи мөрдөлт, ургамал ургалтын хугацаанд өвчин, хортон, хог ургамлын тархалтын бүртгэл хөтлөж хадгалдаггүй, 65 хувь нь бордоо сангасыг бэлтгэх технологи, агротехникийн заавар мөрдөж ажилладаггүй, ургамал хамгаалах химийн бодис, бордоо хэрэглэсэн тухай тэмдэглэл хөтөлдөггүй.

2. Нийт шалгалтанд хамрагдагсадын 73 буюу 35.2 хувь нь зоорь, хүлэмжийн орчин тойрны хог ургамлыг түүж цэвэрлээгүй, сав баглаа боодол органик бус хог хаягдлыг зайлуулаагүй:

3. Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн 34 ААНБ буюу 56.6 хувь нь усалгааны усны дээжийг шинжилгээнд хамруулаагүй:

4. Нийт шалгалтанд хамрагдсан 207 ААН, иргэний 151 буюу 73 хувь нь хадгалж, борлуулж буй бүтээгдэхүүнүүд нь гарал үүслийн бичиггүй;

5. Нийт зоорь, агуулахын 19 буюу 31.6 хувь нь бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгсэлээр тээвэрлэдэггүй, бүтээгдэхүүний шошгололт шаардлага хангахгүй;

6. Шалгалтанд хамрагдсан хүлэмж, зоорийн 110 буюу 53 хувь нь угаалгын өрөө, ногоо, жимс савлах өрөөгүй;

7. Шалгалтанд хамрагсадын 138 буюу 66.6 хувь нь ажилчдын хувцас солих өрөөгүй, ажиллагсад эрүүл ахуйн шаардлага хангасан гар угаах болон бие засах нөхцөлөөр хангагдаагүй, хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангагдсан боловч өмсөж хэвшээгүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөнийг баримтжуулдаггүй;

8. Импортоор оруулж ирсэн гарал үүсэл, хаяг шошгын шаардлага хангаагүй хатаасан жимсийг эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд жижиглэн савлаж худалдаалж байгаа

9. Нийт шалгалтанд хамрагдагсадын 86 буюу 41.6 хувь нь дотоодын хяналтын журамтай, ажилтантай боловч төлөвлөгөөг өөрийн чиглэлд тохируулж, боловсруулаагүй, төлөвлөгөөний дагуу ажил зохион байгуулаагүй байна.

Нийслэл, орон нутгийн хэмжээнд нийт 207 хүлэмж, зоорийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд эрсдлийн үнэлгээ хийж, давхарсан тоогоор 1669 зөрчил илрүүлж 1157 буюу 69.3 хувийг газар дээр нь арилгуулан, улсын байцаагчийн 474 заалт бүхий 70 албан шаардлага өгч, барилга байгууламж, дотоод хяналт, хорио цээрийн дэглэмийн мөрдөлттэй холбоотой 30.7 хувийн үлдсэн зөрчлийн биелэлтийг хангуулах арга хэмжээг авч ажиллаж байна.

Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах хугацаатай үүрэг даалгавар өгч, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг 10 сард хийхэд албан шаардлагын хэрэгжилт 78.5 хувьтай хэрэгжиж, төлөвлөгөөт хяналт шалгалтаас дунджаар 10.3 хувиар дээшилсэн байна.

Барс худалдааны төвийн жимс, жимсгэний 3 зоорь, агуулахыг зөрчил арилгах хүртэл түр хугацаагаар зогсоох акт үйлдэж, дотоод хяналтыг мөрдөж ажиллаагүй, албан шаардлагын биелэлтийг хэрэгжүүлээгүй, хууль тогтоомж, стандартын шаардлагыг зөрчсөн 12 аж ахуй нэгж, иргэнд 5 сая 376 мянган төгрөгийн шийтгэвэрийн арга хэмжээ авчээ.

Шалгалтын явцад 48200 тонн багтаамж бүхий 171 зооринд хадгалагдаж байгаа болон 111.7 га талбай бүхий 244 хүлэмжинд тариалсан 20 гаруй нэр төрлийн хүнсний ногоо,жимс жимсгэнэ,  хөрс, ургаж байгаа ургамлын навч иш, салаа мөчрийн нийт 541 дээжийг лабораторийн шинжилгээнд хамруулж, чанар, аюулгүйн шаардлага хангаагүй “Буянт бумба эрдэнэ” ХХК-ий  Киргиз улсаас импортлосон 6 тн лийрийг устгаж, 15 нэр төрлийн 113.0 мян.төгрөгний үнэ бүхий өвчилсөн төмс, хүнсний ногоог хураан, устгах, шилжүүлэх актаар Зуунмод сумын устгалын комисст хүлээлгэн өгч, устгуулах арга хэмжээ авсан.

Шалгалтанд хамрагдсан  207 аж ахуйн нэгж, иргэдэд байгууллагын сургалт зохион байгуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгууллаа. Сургалт, хэлэлцүүлэгээр хяналтын хуудсаар хяналт шалгалт хийхэд илэрч буй нийтлэг зөрчил, түүнийг хэрхэн арилгах, Газар тариалангийн үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадал /GАР/ нэвтрүүлэх, дотоод хяналт шалгалтыг зохион байгуулж хэвшүүлэх,“Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хууль түүнд нийцүүлэн гаргасан “Хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах” журам, “Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох, бүртгэл хөтлөх” журам, аргачлалын талаар хичээл зааж, аж ахуйн нэгж, иргэдийн эрх зүйн мэдлэгийгдээшлүүлэх арга хэмжээ авч ажиллалаа. 

Дүгнэлт:

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгчдийг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур үзүүлэлтээр 2013 онд нийт 1317 ААНБ-ыг үнэлэхэд 74.5 хувь буюу 982 нь их, дунд эрсдэлийн ангилалд хамрагдсан ба үүний 218 нь 2014 онд хяналт шалгалтанд хамрагдсанаас 118 нь их, дунд эрсдэлтэй үнэлэгдэж, эрсдэлийн түвшин буурсан хэдий ч анхан шатны үйлдвэрлэл эрхлэгчдийн хүрээнд “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа үр дагаврыг өөрөө хариуцах”, “хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд дотоод хяналтыг хэрэгжүүлж, хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хариуцна” гэсэн хуулийн заалтын хэрэгжилт хангалтгүй, дотоод хяналт бүрэн төлөвшиж тогтмолжоогүй,  хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлээгүй, хууль эрх зүйн мэдлэг сул байгаа нь харагдаж байна.

Хүлэмж, зоорийн аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар нийт 4 хууль, 3 стандарт, 1 тогтоолын нийт 42 заалтын хэрэгжилт дундажаар 71 хувьтай байгаа нь 2013 оны дүнтэй харьцуулахад улсын хэмжээнд хэрэгжилтийн түвшин 3.2 хувиар дээшилсэн байна.

Зоорийн аж ахуй эрхэлж буй нийт 150 ААН, иргэдийн үйл ажиллагаанд “Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний агуулах, зоорийг шалгах хяналтын хуудас”-аар үнэлгээ хийхэд  70 буюу 46.6% нь “бага эрсдэлтэй”, 69 буюу 46% нь “дунд эрсдэлтэй”, 11 буюу 7.3 % нь их эрсдэлтэй шалгагдсан ба 2013 оны үзүүлэлттэй харьцуулан үзэхэд их эрсдэлтэй аж ахуй нэгжийн тоо 21.5% -иар буурч, бага эрсдэлтэй аж ахуй нэгжийн тоо 70%-иар өссөн дүнтэй байна.

Хүлэмжийн аж ахуй эрхэлж буй 60 ААН, иргэдийн үйл ажиллагаанд “Ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх үйл ажиллагаа эрхлэгчдийг шалгах хяналтын хуудас”-аар үнэлгээ хийхэд 22 буюу 36.6 хувь нь “бага эрсдэлтэй”, 23 буюу 38.3 хувь нь “дунд эрсдэлтэй”, 15 буюу 25 хувь нь их эрсдэлтэй дүгнэгдсэн нь  2013 оны үзүүлэлттэй харьцуулан үзэхэд бага эрсдэлтэй обьектын тоо 22 хувиар өссөн,  их эрсдэлтэй аж ахуй нэгж  тоо 46.8 хувиар буурсан дүнтэй байна.

Ургамал хамгааллын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь /ургамал, түүнээс гаралтай түүхий эдийг тээвэрлэх, борлуулахдаа тухайн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ авах/ заалтын дагуу аймаг, орон нутгаас ирж байгаа “Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ олгох” тогтолцоо одоог хүртэл бүрдээгүй учраас ургамлын гаралтай бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох боломжгүй байна.

Шалгалтын хүрээнд хийгдсэн лабораторийн шинжилгээгээр түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлын үзүүлэлтийн нэг болох пестицидийн үлдэгдэл зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй дүн гарсан хэдий ч лабораторийн хүчин чадал, итгэмжлэлийн хүрээнээс хамаарч зарим төрлийн шинжилгээ тухайлбал: хөрсний биологийн болон химийн бохирдол төмс, хүнсний ногооны чанарт нөлөөлж байгаа эсэх болон ургамлын гаралтай бүтээгдэхүүнд Монгол Улсад хэрэглэгдэж байгаа бүх төрлийн химийн бодисын үлдэгдлийг тодорхойлох боломжгүй, хөдөө орон нутагт хор судлалын лаборатори байхгүйтэй холбоотойгоор бүрэн хамрагдахгүй байна.

Одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа зарим хүнсний ногооны стандартуудын норм, нормативийн үзүүлэлтүүд орчин үеийн шаардлагад нийцэхгүй болсон, бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдлын үзүүлэлт бүрэн тусгагдаагүй, манай улсад тариалдаггүй жимс, жимсгэний стандартууд байдаггүй зэрэг нь түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хянах, холбогдох дүгнэлт шийдвэр гаргахад хүндрэлтэй байна.

Төмс, хүнсний ногооны анхан шатны үйлдвэрлэл нь боловсруулах үйлдвэрлэл, хуваарилалт, хадгалалт, тээвэрлэлтийн хооронд нэгдсэн уялдаа зохицуулалт тогтолцоо байхгүйгээс  ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанар,  аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй  байгаа тул аймгуудад төмс, хүнсний ногоо угаах ангилах, дахин боловсруулах, хөргөөж хөлдөөх, савлах үйлдвэр байгуулах, хадгалах, тээвэрлэх ногооны төрөлжсөн зоорь агуулахын сүлжээний тогтолцоог бодлогын түвшинд шийдвэрлэх шаардлагатай байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ