Савласан цэвэр усны чанар, аюулгүй байдалд хяналт шинжилгээ хийсэн тухай танилцуулга

2014.12.25

Савласан цэвэр усны чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээтэй хяналт шинжилгээ хийж холбогдох стандарттай харьцуулан дүгнэлт өгөх, эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах, санал, зөвлөмж боловсруулах зорилгоор энэхүү төлөвлөгөөт хяналт шинжилгээг хийлээ.

Хяналт шинжилгээг 2014 оны 05 дугаар сарын 12ы өдрөөс 07 дугаар сарын 21-ний хооронд МХЕГ, аймаг, нийслэлийн МХГ, дүүргүүд дэх хүнсний эрүүл ахуйн болон хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчид аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа савласан цэвэр усны 54 үйлдвэрийг хамруулан хийж гүйцэтгэж, савласан цэвэр усны 78, шугамын усны 58, худгийн усны 29, нийт 165 дээж, эрүүл зүйн бичил нян судлалын 520 арчдас шинжилгээ авч, бүтээгдэхүүний тухай улсын байцаагчийн 42 дүгнэлт гаргасан байна.

Цэвэр ус үйлдвэрлэхээ зогсоосон, засварын ажил хийгдэж байгаа, үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, ажиллах орчныг сайжруулах, үйлдвэрлэлийн дамжлага, машин, тоног төхөөрөмжийн тохиргоо, засварын ажлыг үе шаттай хийж байгаа зэрэг шалтгаанаар цэвэр усны үйлдвэрлэлээ зогсоосон бусад 13 аж ахуйн нэгж хяналт шинжилгээнд хамрагдаагүй байна.

Хяналт шинжилгээнд дараах асуудлууд хамрагдсан байна

1. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, технологийн горим, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд батлагдсан стандартын дагуу үйлдвэрлэлийг явуулж буй эсэх,  ажиллагсдыг тогтмол эрүүл мэндийн үзлэг болон сургалтанд хамруулдаг эсэх, савласан цэвэр усны лонх, түүхий эдийн баталгаажилт, үйлдвэрлэж бэлэн болгосон хуванцар лонхны ариутгал, халдваргүйтгэлийн байдал, цэвэр ус савлах лонхонд тэмдэглэгээ код тавигдсан эсэх, үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгээ, сав суулга, тоног төхөөрөмжийн угаалга халдваргүйтгэлийн байдал, ажиллагсдын хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийн хэрэгжилт байдлыг үзэх;

2.Савласан цэвэр усны үйлдвэрийн цэвэрлэгээ, сав суулга, тоног төхөөрөмжийн угаалга, халдваргүйжүүлэлтийн байдалд эрүүл зүйн нян судлалын шинжилгээтэй хяналт хийж дүгнэлт гаргах;

3. Цэвэр усны сав, баглаа боодлын чанар аюулгүй байдалд шинжилгээтэй хяналт хийж, дүгнэлт гаргах;

4. Савласан цэвэр усыг шинжилгээнд хамруулж дүгнэлт гаргах;

5. Шугамын болон гүний худгийн усыг шинжилгээнд хамруулж дүгнэлт гаргах;

6. Түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн баталгаажилт, чанар, тоо хэмжээ, зарцуулалт, хадгалалт, технологийн хяналтын баримт бичиг, жор орцыг технологийн дагуу мөрдөж буй эсэх, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний стандарт, түүнд заагдсан чанар, аюулгүйн үзүүлэлтийг тогтмол бүрэн шинжлүүлдэг эсэх, бүртгэл хөтлөлт тогтмолжсон эсэх;

7. Худалдаа үйлчилгээнд техникийн зохицуулалт, стандартын шаардлага хангасан усыг нийлүүлж буй эсэх;

8. Савласан цэвэр усны шошго холбогдох хууль, стандартын шаардлага хангаж буй эсэх.

Хяналт шинжилгээнд хамрагдсан объектийн талаарх товч мэдээлэл:

Үйлдвэрлэлийн барилга байгууламжийн талаар:

Хяналт шинжилгээнд хамрагдсан нийт үйлдвэрүүдийн 55,7 хувь нь батлагдсан зураг төслийн дагуу баригдсан барилга байгууламжинд буюу төвлөрсөн усан хангамжийн системд, 44,3 хувь нь түрээсийн буюу өөрчлөн засварласан зориулалтын бус, хэсгийн усан хангамжтай байранд үйл ажиллагаа явуулж байгаа ба 57,7 хувь нь технологийн хэрэгцээний халуун устай, даралттай халуун усаар дамжлага шугамыг угаах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Гүний худгаас эх үүсвэртэй буюу хэсгийн усан хангамжтай үйлдвэрүүдийн 30.6 хувь нь ундны усны эх үүсвэрт хамгаалалтын бүсийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хийж, хүнсний аюулгүй байдлыг хангуулж ажилласан байна.

Түүхий эд, сав баглаа боодлын баталгаажилтийн талаар:

Дээрх үйлдвэрүүдийн 26,9 хувь нь “Мегапласт монголиа” ХХК-аас, 13,4 хувь нь Мон Пак ХХК-аас, 15,3 хувь нь бусад эх үүсвэрээс, 1,9 хувь нь БНСУ-аас, 42,3 хувь нь БНХАУ-аас савлах савны бэлдэцийг импортлон үйлдвэрлэлдээ ашиглаж байна.

Хуванцар лонхны угаалгаариутгал, халдваргүйтгэл, бэлэн лонхонд код тавигдсан байдал:

68,5 хувь нь автомат ажиллагаатай машиныг цэвэр усны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжид суурилуулан үйлдвэрийн технологи ажиллагааны дагуу ажиллуулж, цэвэр ус савлах хуванцар лонхыг угааж, халдваргүйжүүлэн хэрэглэж байна.

31,4 хувь нь автомат тоног төхөөрөмжгүй, сав, бэлэн болсон лонхыг бор давс, сод, марганц  зэрэг  бодис ашиглан угааж, савыг дахин хэрэглэж байна.

Ажиллагсдын эрүүл мэнд, хөдөлмөр хамгааллын байдал:

Эдгээр үйлдвэрийн ажиллагсдын 86,96% нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан, хөдөлмөр хамгааллын хувцасаар хангагдсан байна. Үйлдвэрүүдийн 92,3% нь мэргэжлийн технологичтой, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүдийн 61,5% нь дотоодын хяналтын лабораторитой, савлаж байгаа усанд хяналт тавьж байна.

Лабораторийн шинжилгээний талаар:

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүдийн савласан цэвэр усанд МХЕГ болон НМХГ-ын лабораторит нян судлалын 3 үзүүлэлт /нийт нянгийн тоо, Е.Coli, ГБЭТ/-ийг, хүнд металлын бохирдолын 3 үзүүлэлт /хар тугалга, хүнцэл, кадьми/-ийг, химийн найрлагын 9 үзүүлэлт /ерөнхий хатуулаг, нийт эрсдэсжилт, исэлдэх чанар, рН, хлорын ион, сульфатын ион, төмөр, гидрокарбионат, нитрат, нитрит, аммонийн ионууд/-ийг болон нэмэлт 1 /фторын ион/-ийг шинжилсэн байна.

Аймгуудын МХГ-ын лабораториудад нян судлалын 3 үзүүлэлт /нийт нянгийн тоо, Е.Coli, ГБЭТ/-ийг, хүнд металлын бохирдолын 10 үзүүлэлтээс Хэнтий, Увс аймгууд зэсийг, Увс аймаг хар тугалга, хүнцэлийг шинжилсэнээс бусад үзүүлэлтийг огт шинжлээгүй, химийн найрлагын үндсэн 15 үзүүлэлтээс 3-11 буюу ерөнхий хатуулаг, рН, кальцийн, магнийн, хлорын ион, сульфатын ион, төмөр, гидрокарбионат, нитрат, нитрит, аммонийн ионуудыг, нэмэлт 3 үзүүлэлтээс фторын ионыг тус тус шинжилсэн байна.

Өмнөх хяналт шалгалтын талаар

Нийслэлд 2013 онд хийсэн шалгалтаар нийт 47 зөрчил илрүүлсэнээс 85,1%-ийг арилгуулан ажилласан ба илэрсэн зөрчлийг арилгуулахаар “Блю голд”, “УБЗБ” ХХКомпаний цэвэр усны үйлдвэрт улсын байцаагчийн 18 заалт бүхий 2 албан шаардлага өгч, олныг хамарсан хоол хүнсээр дамжих өвчин, хордлого гарч болзошгүй нөхцөлийг бүрдүүлсэн болон үйлдвэр нь их эрсдэлтэй үнэлэгдсэн “Эвтэй намсрай”, “Шим рашаан”, “Алтан бошго” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоон, гүйцэтгэлд нь хяналт тавин эрсдэлийг бууруулж ажилласан байна.  

Илэрсэн зөрчил,

Хяналт шинжилгээгээр 68 зөрчил илрүүлэн 75.6 хувийг арилгуулж ажилласан.

ü  Савласан цэвэр уснаас авсан 78 дээжийн 43,5 хувь нь нянгийн тоо нормоос их, 3,8 хувьд 100 мл усанд Е.coli илэрсэн нь үйлдвэрүүд бэлэн болсон савыг угаах автомат тоног төхөөрөмж суурилаагүй, лонх, савыг зааврын дагуу ариутгал, халдваргүйтгэлийн бодис хэрэглэж угаадаггүй, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын хугацааг баримталж угааж хэвшээгүйгээс усаар дамжин хордлогот халдвар тархах нөхцөлийг бүрдүүлж байна.

ü  Мөн дээжний 9,09 хувьд ерөнхий хатуулаг, 10,9 хувь нь хлорын ион, 2,5 хувьд усны орчин РН, магнийн ион, гидрокарбонатын ион, 6,4 хувьд сульфатын ион, 16,8 хувьд нитратын ион стандартад заасан хэмжээнээс их гарсан нь үйлдвэрлэлийг технологийн дагуу явуулдаггүй, савласан ус үйлдвэрлэх тоног төхөөрөмж,  мэргэжилтэй боловсон хүчнээр хангагдаагүй, ус цэвэршүүлэхэд хэрэглэж байгаа шүүлтүүрийг хугацаанд нь сольдоггүй, сэргээдэггүйтэй холбоотой байна.

ü  Хяналт шинжилгээнд хамрагдсан савласан цэвэр усны 9,09 хувьд нитритын, 5,5 хувьд аммонийн ион буюу шим бохирдлын үзүүлэлт илэрч байгаа нь усаар дамжин хордлого, халдвар гарах эрсдэлийг бий болгож байна.

ü  Савласан цэвэр усны үйлдвэрийн цэвэрлэгээ, сагс, сав суулга, тоног төхөөрөмжийн угаалга, халдваргүйжүүлэлт, ажиллагсадын хувийн ариун цэврийн байдалд үнэлгээ өгөх зорилгоор эрүүл зүйн бичил нян судлалын нийт 520 арчдас шинжилгээ авч шинжлүүлэхэд 28.2 хувь нянгийн бохирдолтой байгаа нь үйлдвэрлэлийг зориулалтын бус байранд явуулж байгаа, хэрэгцээний халуун усаар хангагдаагүй, угаалга цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг зааврын дагуу хийдэггүй, хувийн ариун цэврийг сахиж хэвшээгүйгээс шалтгаалж байна.

ü  Цэвэр ус савлах лонхуудыг угаах тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулдаггүйгээс лонхыг 3 дамжлагаар угаадаг, шүүсэн усыг ус нөөцлөх саванд хадгалж гар аргаар савлаж байгаагаас савласан цэвэр ус бохирдох нэг нөхцөл болж байна./Дорноговь аймгийн Зам үүд сумын цэвэр усны үйлдвэрүүд/

ü  Хяналт шинжилгээнд хамрагдсан үйлдвэрүүдийн ажиллагсадын 13.04% эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, савласан цэвэр усны үйлдвэрт ашиглаж байгаа гүний худгуудын 69,7% хамгаалалтын бүс тогтоогоогүй, савласан цэвэр усны шошгонд орц найрлагыг бичихдээ стандартын үзүүлэлтийг хуулж бичсэн, хэрэглэх заавар, хадгалах нөхцөл, үйлдвэрлэсэн хугацаа, бүтээгдэхүүний цувралын дугаарыг тэмдэглээгүй, үйлдвэрүүдийн дотоодын хяналт сул, дотооддоо хяналт тавих журам гаргаж мөрдүүлээгүй, үйлдвэрлэлд эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлээгүй  нь зэрэг зөрчлүүд мөн илэрсэн байна.

Авсан арга хэмжээ

ü  Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа “Блү голд”, “Файрсанни мүүн”, “Вояж” ХХК-ийн цэвэр усны үйлдвэрт улсын байцаагчийн 11 заалт бүхий 3 албан шаардлага өгч, ариун цэвэр, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм алдагдаж олныг хамарсан хоол хүнсээр дамжих өвчин, хордлого гарч болзошгүй нөхцөлийг бүрдүүлсэн “Хэгсакуа”, “Том цагаан”, “УБЗБ” ХХК-ийн цэвэр усны үйлдвэрийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоон, гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллаж байна. Мөн “Вошштерн”, “Хэгсакуа” ХХК-ийн цэвэр усны үйлдвэрийн удирдлага, инженер техникийн ажилчдад зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.

ü  Шинжилгээний дүнгээр нянгийн тоо стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарсан усны үйлдвэрүүдийн усыг шавхалт хийлгэн, ус нөөцлөх сав, тоног төхөөрөмжийг зааврын дагуу угаалган, халдваргүйжүүлэх арга хэмжээг авч дахин дээж авч шинжлүүллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ