Замын нүд хуурсан засварыг дахин хийлгэнэ

Хөдөлмөрийн болон техникийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнгөрсөн сард “Хүний төлөө-Зөв тус” аяныг улсын хэмжээнд зохион байгуулсан. Аяны хүрээнд Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай замыг 2015.03.23-24-ний өдрүүдэд, Чингис-Чойбалсан, Чингис-Баруун-Урт чиглэлийн замыг 2015 оны 04.08-13-ны өдрүүдэд шалгасан юм. Шалгалтын дүнг газрын Даргын зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Өнгөрсөн онд дээрх чиглэлүүдийн замыг шинэчлэхдээ хүйтний улиралд гүйцэтгэснээс их хэмжээний эвдрэл гарсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Зарим замыг засч шинэчлэхдээ зураггүй гүйцэтгэдэг, гүйцэтгэгч болон зөвлөх компанийн туршлага, менежмент муу, зам засахад шаардлагатай материал, санхүүжилт тааруу байгаа нь илэрчээ. Засварыг чанартай хийдэггүйн улмаас их хэмжээний хөрөнгө гарын салаагаар урсаж байгаад МХЕГ-ын Даргын зөвлөлийн гишүүд шүүмжлэлтэй хандаж замын ажилд зарцуулсан хөрөнгө, гүйцэтгэлийг хянаж үзэх нь зүйтэй гэсэн санал гаргаж байв. 

Өөрсдийнх нь буруугаас болж зам эвдэрсэн гэдгээ гэдгээ аж ахуйн нэгжүүд хүлээн зөвшөөрсөн ч захиалагч талын санхүүжилт оройтсон нь ажил удаашрахад хүргэсэн гэсэн тайлбар хийж байлаа. Тухайн замын чанар, баталгаат хугацаа гурван жилбөгөөд энэ хугацаанд эвдрэл гарвал өөрсдөө хөрөнгөө гаргаж засах ёстой. Энэ дагууэнэ хавар замаа дахин засна гэдгээ аж ахуйн нэгжүүд амаллаа.

Цаашид замын засвар, арчлалт хийх хугацааг төлөвлөж урьдчилан хийсэн зураг төсөв, судалгаа шинжилгээнд тулгуурлан санхүүжилтийг нь төсөвт тусгаж байх, гарсан зөрчил, дутагдлыг арилгахад шаардагдах хөрөнгийг захиалагч, санхүүжүүлэгч тал шийдвэрлэх, улсын байцаагчийн албан даалгаврыг биелүүлээгүй бол аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах, дахин сонгон шалгаруулалтад оролцуулахгүй байх, улсад учруулсан хохирлыг буцаан төлүүлэх нь зүйтэй гэж МХЕГ үзэж байна.

Иймээс Зам, тээврийн яам, Зам, тээвэр хөгжлийн төв болон “Ар Си Эс Си”, “Эм Ай Эл”, “Мөнхөд ашдын зам”, “Дархан Азза”, “Баянчандмань Азза”, “Чайна гео инженеринг”, “Насны зам”, Хансуун зам”, “Гашууны гол”, “ЗЗБ”, “Түм арвижих”, “Арж капитал”, “Замч ирээдүй” компанид улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлага хүргүүлэхээр тогтлоо. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ