Зориулалтын бус таван өргүүрийг буулгуулж эрсдлээс сэргийллээ

2015.06.19

Барилгуудад ашиглаж байгаа өргөх механизмын байдалд Мэргэжлийн хяналтынхан шалгалт хийн ХУД-ийн 11 дүгээр хороо, “Рома инвестмент” ХХК-ний барилгын лифтийн хонгилд угсарсан зориулалтын бус дөрөв, БЗД-ийн 16-р хороо, “Баганат өргөө” ХХК-ний барилгын лифтийн хонгилд угсарсан зориулалтын бус нэг өргүүрийн ажиллагааг зогсоож буулгуулжээ. Ингэснээр өндрөөс хүн унаж бэртэх, амь насаа алдахаас урьдчилан сэргийлж чадлаа.

МХЕГ-ын дарга Ш.Раднаасэдийн баталсан удирдамжийн дагуу 2015.05.11-30-ны өдрүүдэд улсын хэмжээнд хийсэн шалгалтын дүнг 2015.06.19-ний өдөр Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцлээ.

Шалгалтын хэсэг хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын мөрдөлт, МХЕГ-аас өмнө нь өгсөн үүрэг, даалгаврын биелэлт зэргийг шалгаж, зөрчил дутагдлыг арилгах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, техникийн аюулгүй байдлыг хангуулах, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилласан байна.

Хяналт шалгалтад 269 аж ахуйн нэгж, байгууллага, дөрвөн иргэн, 568 өргүүр хамрагдсан бөгөөд өргөх механизмын 176 нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй, 133 нь засвар үйлчилгээний гэрээгүй, 112 нь техникийн паспортгүй, 132 нь ашиглах зөвшөөрөлгүй, 104 нь техникийн магадлалд хамрагдаагүй байжээ. Мөн 126 ажилтан мэргэжлийн үнэмлэхгүй байсан нь шалгалтаар тогтоогдлоо. Дээрхээс гадна аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага өргөх механизмын ашиглалтад хайнга ханддаг, аюулгүй ажиллагаа хариуцдаг хүмүүсийн дүрмийн мэдлэг хангалтгүй, мэргэжлийн ажилчин цөөн, давтан сургадаггүй зөрчил ч байна. 

Мэргэжлийн хяналтынхан 963 зөрчил илрүүлж 310-ыг газар дээр нь арилгуулж, санамж, улсын ахлах байцаагчийн дүгнэлт, албан шаардлага, акт өгч 89 өргөх байгууламжийг улсын бүртгэлд хамруулжээ.

Болзошгүй эрсдлээс сэргийлэхийн тулд цаашид ямар арга хэмжээ авах талаархи Даргын зөвлөлийн хурлын шийдвэрийг Барилга, хот байгуулалтын яам болон аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлэхээр тогтлоо.

Тухайлбал өргөх механизмын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлээр Хөдөлмөрийн яам, МСҮТ-тэй хамтран ажиллах, барилгын тусгай зөвшөөрөл олгох, барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад хүлээн авахдаа өргөх механизмын инженер, техникийн болон мэргэжилтэй ажилтны нөөц, аюулгүй ажилласан байдлыг харгалзан үзэж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийн асуудлыг эргэж харах зэрэг саналыг салбарын яаманд хүргүүлнэ.

Мөн хууль, журам, норм, дүрмийн хэрэгжилтийг хангаж, өргөх механизмын мэргэжилтэй хүн ажиллуулах, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангах, хэрэглэж хэвшүүлэх зэрэг шаардлагыг аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлэхээр боллоо. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ