Хөшигийн хөндий дэх нисэх буудлын барилга угсралтын ажлыг шалгалаа

2015.06.19

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндий дэх Олон улсын нисэх онгоцны буудлын цогцолбор барилга байгууламжийн угсралтын ажилд хийсэн хяналт шалгалтын дүнг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Даргын зөвлөлийн 2015.06.19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Хяналт шалгалтыг 2015.05.25-30-ны өдрүүдэд хийсэн байна. Шалгалтын мөрөөр тодорхой арга хэмжээ авч ажиллах санал, үүргийг холбогдох байгууллага, албан тушаалтанд албан тоотоор хүргүүлэх нь зүйтэй гэж хурлаас үзлээ.

Тухайлбал төсвийн хөрөнгөөр барих барилга байгууламжийн санхүүжилтийг шийдвэрлэх, буудлыг Улаанбаатар хоттой холбох хурдны замын зураг төслийг боловсруулж дуусган ажлыг нь эхлүүлэх, шинээр баригдах замын трассыг үерийн уснаас хамгаалах далан, бусад замын зураг төсөлтэй уялдуулах шаардлагатай хэмээн Сангийн яам, Зам, тээврийн яаманд хандахаар боллоо.

Барилгын зураг төслийн болон барилгын ажил гүйцэтгэгч гадаадын аж ахуйн нэгжүүд Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн Олон улсын нисэх онгоцны буудлын барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл болон тухайлсан обьектын зөвшөөрөл авах эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэйг Барилга, хот байгуулалтын яаманд албан тоотоор хүргэхээр тогтлоо.

Улаанбаатар хотоос нисэх онгоцны буудал хүртэл 43 км шилэн кабелийн шугам сүлжээнд улсын комисс ажиллуулж байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх зэргийг Иргэний нисэхийн ерөнхий газарт, хууль, дүрэм журам, норм, стандартаа мөрдөх, барилгын ажлын чанарыг сайжруулах, чанаргүй материал хэрэглэхгүй байх, илэрсэн зөрчил, дутагдлыг давтан гаргахгүй байхад анхаарах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ослоос сэргийлэх зэргийг төсөл хэрэгжүүлэх нэгж, захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч байгууллагуудад хүргүүлэхээр болов.

МХЕГ-аас өнгөрсөн онд хэд хэдэн чиглэлээр шалгалт хийн зөрчлөө арилгах албан даалгавар өгсөн. Үүний дүнд хариуцагч тал зам, барилгын ажлын талбайд тээврийн хэрэгсэл зорчих замын чиглэл маршрутыг тогтоож, өгсүүр, уруу, огцом эргэлттэй, нарийссан болон бартаатай замд аюулгүйн замын тэмдэг, тэмдэглэгээ байрлуулжээ. Эрчим хүч, авто зам,  газрын тос хий, хэмжил зүйн чиглэлээр 2014 онд өгсөн албан шаардлагын хэрэгжилтийг бүрэн хангасан байна. Барилгын техник, өргөх байгууламж, тээвэр, байгаль орчин, газрын харилцаа, геодези, зураг зүйн чиглэлээр өнгөрсөн онд илэрсэн зөрчлийн тоо 20-30 хувиар буурч, албан шаардлагаар өгсөн үүрэг даалгаврын биелэлт 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ