Ц.Шаравдорж: Улсын нөөцөд байгаа гэх 10 жил болсон үрээр тариа тариад ургац авах уу

2016.04.08

МХЕГ-ын Даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар өнөөдөр улсын хэмжээнд тариалах үр тариа, төмс, хүнсний ногооны үр болон хүнсний буудайн хадгалалт, хамгаалалт, нөөц, чанарт хийсэн хяналт шалгалтын дүнгийн талаар хэлэлцлээ.

МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж “Өмнөх жилүүдийн Даргын зөвлөлийн хурлаас гарсан шийдвэр өнөө хүртэл хэрэгжээгүй байна. Хэнд ямар хариуцлага тооцохыг тодорхой болгож, шийдье. Хаврын тариалалт эхлэх гэж байхад өнөөх л үрийн буудай нь хүрэлцэхгүй, тарих үрийнх нь багагүй хувь нь стандартын шаардлага хангаагүй, ариутгагдаагүй, өвчилсөн гэх асуудал яриад сууж болохгүй. Тэрчлэн улсын нөөцөд байгаа  гэх 10 жил болсон үрээр тариа тариад ургац авах уу. Энэ бүхний учир шалтгааныг тодорхой гаргаж, хариуцлагыг нь хатуухан тооцьё. Ярилцсан асуудалд Засгийн газар, ХХААЯ холбогдох байгууллагуудад ямар түвшний асуудалд онцгойлон анхаармаар байгааг хэлмээр байна. 2014, 2015 онд ямар асуудал ярьж байсан яг л тэр хэвээр байх юм. Ирэх  жил өнөөдрийнх шиг  асуудлыг дахин ярьж, шийдээгүй гээд суухгүй шүү. Хэдхэн хоногийн дараа хаврын тариалалт эхлэх гэж байхад ийм хариуцлагагүй байж болохгүй. Бэлтгэл ажил сайн байж, арвин ургац авна. Энэ бүхний цаана ард түмэн эрүүл хүнсээр хангагдах ёстой гэдэг дээр л бүх тал нэгдсэн байр суурьтай ажилламаар байна” гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Тиймээс энэ асуудалд МХЕГ–ын Даргын зөвлөл дахин хуралдаж, уг хурлаас гарах шийдвэрийг нягталж, тодорхой болгохоор боллоо. Даргын зөвлөлийн хуралд МХЕГ-ын Удирдах зөвлөлийн гишүүдээс гадна ТЭДСан, ОБЕГ-ын улсын нөөцийн холбогдох албан тушаалтнууд оролцсон хэдий ч ХХААЯ-ны асуудал хариуцсан удирдах албан тушаалтнууд нь хүрэлцэн ирсэнгүй.

Энэхүү хяналт шалгалтад Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймаг, ХХААЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Булган аймаг дахь таван салбар, Онцгой байдлын ерөнхий газрын харъяа улсын нөөцийн Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Булган, Хэнтий, Увс аймаг дахь есөн салбар, энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 210 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг хамруулсан юм.

Улсын хэмжээнд эхний шинжилгээгээр 2016 онд хадгалсан үр тарианы 74 хувийг шинжилгээнд хамруулахад 73,0 хувь нь стандартын шаардлага хангаж, 27,0 хувь нь цэвэршилт болон хог ургамал, соёололтын үзүүлэлтээр шаардлага хангаагүй байна.  Мөн 3.0 мянган тонн төмсний үрийг шинжилгээнд хамруулахад 75 хувь нь стандартын шаардлага хангаж, 25 хувь нь шаардлага хангасангүй. Хүнсний ногооны 24,6 тонн үрийг шинжилгээнд хамруулахад 76 хувь нь стандартад тэнцэж, 24 хувь нь тэнцээгүй дүн гарчээ.

 

Энэ жилийн хувьд 322.9 мянган га-д үр тариа тариалахаас 301.5 мянган га-д улаанбуудай, 15.1 мянган га-д арвай, хошуу будаа, 13.6 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо,16.3 мянган га-д малын тэжээл, 25.3 мянган га-д тосны ургамал тариалахаар төлөвлөжээ. Гэвч улсын хэмжээнд бэлтгэсэн нийт уриншийн 301.5 мянган га талбайд улаанбуудай тариалахад 48,0 мянган тонн үр шаардлагатай байна. 2016 оны хаврын тариалалтанд зориулж, аж ахуйн нэгж байгууллага, иргэд, ОБЕГ-ын харьяа улсын үрийн нөөц, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн салбарт хадгалагдаж буй үрийн буудайн нийт дүн 32.8 мянган тонн байгаа аж. Өөрөөр хэлбэл, хаврын тариалалтанд 16.0-18.0 мянган тонн үр дутагдаж байгаа юм.

МХЕГ-ын Хүнс, хөдөө аж ахуйн хяналтын газраас тариалан эрхлэгч аж ахуй нэгж байгууллага, иргэдэд тариалахаар нөөцөлсөн үрээ тарихын өмнө цэвэрлэж, сортлож, салхилуулан нарлуулах, зөвшөөрөгдсөн бодисоор ариутгал хийж, стандартын шаардлага хангасан үрээр тариалах шаардлагатай байгааг онцгойлон анхаарууллаа. Учир нь сүүлийн жилүүдэд буудайн өвчлөлт 3-5 хувь хүрч, тоост болон хатуу харууны тархалт, ургамлын өвчин үрийн хар хөгц альтернориоз, гельминтоспориоз хор хөнөөл нэмэгдэж байгаа тул 2016 онд   ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох зөвшөөрөгдсөн үр ариутгалын бодисоор ариутгахыг нийт тариаланчдад зөвлөж байна гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах албанаас мэдээлж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ