Эмийн замбараагүй хэрэглээнээс монгол хүний ген, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл бүрджээ

Эмийн замбараагүй хэрэглээнээс монгол хүний ген, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл бүрджээ

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

ЭМИЙН ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭЭНЭЭС МОНГОЛ ХҮНИЙ ГЕН, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД СӨРӨГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХ НӨХЦӨЛ БҮРДЖЭЭ

      -“ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ” АЯН-

“ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН 2016.04.18   ДАВАА №77/5263/

Монгол Улсын Засгийнгазраас 2016 оныг “Хэрэглэгчийнжил” болгонзарласантай холбогдуулан иргэдийг эмчилгээнийөндөридэвхтэй, аюулгүй, чанарынбаталгаатайэмээрхангах,эмчийнзааврындагууэмхэрэглэх, эмчийн жорбичилт,эмийгжорооролгох байдлыг төлөвшүүлэх зорилгоор “Эмийн зохистой хэрэглээ” сарын аяныг зохион байгуулсан билээ. МХЕГ-ын Даргын Зөвлөлийн ээлжит хурлаар уг аяны дүнгийн талаар хэлэлцсэн юм. Энэхүү хуралд МХЕГ-ын Удирдах зөвлөлийн гишүүдээс гадна Эрүүл мэнд, спортын яам, ЭМХҮТ, Эм холбоо, Эм хангамжийн байгууллагын холбоо, НДЕГ, НМХГ-ын. төлөөлөгчид оролцов. Энэ үеэр МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж хэлэхдээ “Зохисгүй хэрэглэж байгаа эм бол хор.  Тиймээс иргэдийг эмийн зохистой хэрэглээнд төлөвшүүлэх нь бидний аяны үр дүн байх ёстой. Эмийг зохистой хэрэглэх ёcтой гэдгийг нийгэмд мэдрүүлэх эхний алхамыг амжилттай хийлээ. Гэхдээ ингээд өнгөрч болохгүй. Аяны хүрээнд хийсэн ажлуудыг цаашид тогтмолжуулж, гарах үр дүнгийн төлөө энд цугласан холбогдох байгууллагууд дор бүрдээ хичээж ажиллах хэрэгтэй байна.  Учир нь эмийг импортоор оруулж ирэх худалдаа бизнес болтлоо цэцэглэн хөгжлөө. Энэ нь эргээд эмийн замбараагүй хэрэглээг бий болгосноор антибиотикт дасалтай  болгож, монгол хүний генд нөлөөлөх аюулыг нүүрлүүлээд байна гэдгийг онцлон тэмдэглэж байлаа.

Ийнхүү “Эмийн зохистой хэрэглээ” сарын аяныг  зургаан бүлэгт хамаарах 24 ажил бүхий нэгдсэн төлөвлөгөөний хүрээнд өнгөрөгч гуравдугаар сарын 01-нээс энэ сарын сарын 01-ний хооронд улсын хэмжээнд зохион байгуулж, Монголд эмийн зохистой хэрэглээ өнөөдөр ямар түвшинд байгаа талаархи мэдээллийг хүргэе.

           

Амоксициллинийг 95 янзаар эмийн бүртгэлд бүртгүүлжээ

            "Эмийн зохистой хэрэглээ"   аяны хүрээнд хяналт шинжилгээ, тандалт судлагаа, урьдчилан сэргийлэх хяналт, төлөвлөгөөт хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ зэрэг хяналтын бүхий л төрлөөр эмийн чанар, аюулгүй байдлыг хангуулах ажлыг зохион байгуулсан юм.

            Монгол Улсын эмийн бүртгэлд нийт 4000 орчим эм бүртгэгдсэнээс 597 нь нянгийн эсрэг үйлчилгээтэй /антибиотик/ эм байна. Эдгээр антибиотикуудаас  амоксициллин 95, ципрофлоксацин 52, ампициллин 40, метранидазол 27, бензилбензоат пенициллин 24,цефтриаксон 23, азитромицин 16, цефатаксим14, цефазолин 10, доксициклин найман янзаар тус тус бүртгэгдсэн байх жишээтэй. Ялангуяа амоксициллин, ампициллин, ципрофлоксацин нь нийт бүртгэгдсэн антибиотикуудын 35,3 хувийг эзэлж байна. Нэг эмийг ийнхүү олон янзаар бүртгэсэн нь эмчийг жор бичихэд төөрөгдөлд хүргэдэг ажээ.

            Түүнчлэн иргэдийн хэрэглэж байгаа эмийн эмчилгээний  идэвх нь ямар түвшинд байгааг тодруулахын тулд “Антибиотикийн идэвх тодорхойлох” хяналт шинжилгээг хийлээ.  Монгол Улсын зах зээлд худалдаалагдаж байсан  дотоодын долоон эмийн үйлдвэр /Тунфарм, Армон, Дэгдфарм, Моносфарм, Нахиа, Шинэбат, Шинэ нахиа/, 35 улсын импортын 75 үйлдвэрийн 82 нэрийн эмээс дээж авч МХЕГ-ын ХАБҮЛЛ-ийн Эмийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэв. Шинжилгээнд хамрагдсан эмүүд фармакопейн шаардлага хангаж байгаа боловч үйлдвэрлэгчдийн эмийн идэвх нь зөвшөөрөгдсөн интервалийн хүрээнд харилцан адилгүй байлаа.

Эмийн   20 үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоосон байв

            Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас эмийн 36 үйлдвэр тусгай зөвшөөрөл авсан байдаг. Гэвч эдгээр үйлдвэрийн 58,3 хувь буюу 20 үйлдвэр МХЕГ-аас зарлагдсан төлөвлөгөөт шалгалтын үеэр  үйл ажиллагаа явуулаагүй зогсоосон байгаагаа мэдэгджээ. Тодорхой шалтгааны улмаас зарлагдсан шалгалтын хугацаанд үйл ажиллагаагаа явуулаагүй байсан 20 эмийн үйлдвэрт нөхөн шалгалт явуулахаар боллоо.

Харин үйл ажиллагаа явуулж байгаа  15 үйлдвэрийг төлөвлөгөөт хяналт шалгалт, хяналт шинжилгээнд хамруулан зах зээлд худалдаалагдаж байсан 20 нэрийн эмнээс нь дээж авч ХАБҮЛЛ-ийн Эмийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүллээ. Гэтэл  15 хувь нь чанарын шаардлага хангаагүй дүнтэй гарсан тул эм, бүтээгдэхүүнийг нь зах зээлээс эргүүлэн татуулж хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авав. Тухайлбал, "Тунфарм" эмийн үйлдвэрийн "Хлорамфеникол" 0,5 N10 жингийн хэлбэлзэл дутуу, "Мон-Адонис" эмийн үйлдвэрийн 2%-200 мл-ийн  савлагаатай "Витамин С" уусмалын дүүргэлт хангалтгүй, "Мерит" эмийн үйлдвэрийн 200мл-ээр савласан "Аньсны витаминт" шүүсэнд спиртийн агууламжгүй гарсан байх жишээтэй. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор есөн байгууллагад нийт 94 заалт бүхий албан шаардлагаар үүрэг даалгавар өгчээ.

            Мөн  МХЕГ-аас 2014 онд хийсэн шалгалтаар 27 эмийн үйлдвэрийн 1176 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний дөнгөж 329 нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн  байсан таагүй дүн үзүүлсэн байдаг. Харин өнгөрсөн сарын байдлаар 76 хувь буюу 893 нэрийн эм улсын бүртгэлд бүртгэгдэж, бүртгэлтэй эмийн тоо 48 хувиар өсчээ. Гэвч 24 хувь нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа нь холбогдох хуулийн заалт бүрэн хэрэгжихгүй байгааг харуулсаар....

Эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмэнд

импортын зөвшөөрөл олгожээ

             Иргэдийг хуурамч болон улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, лабораторийн шинжилгээний үзүүлэлтээс бусад үзүүлэлтээр чанар, стандартын шаардлага хангаагүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн хэрэглэхээс урьдчилан сэргийлэх нь аяны бас нэгэн чиглэл байсан юм. Тиймээс Эрүүгийн цагдаагийн газартай хамтран

 урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд таван өдрийн турш хийв. Уг хяналт шалгалтаар нийт 194 эмийн сан, 50 эм ханган нийлүүлэх байгууллага, 40 эмнэлэг, худалдааны төвийг хамрууллаа. Энэ удаа хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 198 нэрийн 1030 ширхэг, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 82 нэрийн 4098 ширхэг, хаяг шошгын зөрчилтэй 160 нэрийн 5254 ширхэг эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг илрүүлж, хоёр асуудлыг ЭЦГ-т шилжүүлж, нийт 440 нэрийн эм бүтээгдэхүүнд улсын байцаагчийн 47 акт үйлдэн хураан авав.

            Түүнчлэн Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмэнд “Эм, эмнэлгийн хэрэгслийн импортын зөвшөөрөл”-ийг олгосон ноцтой зөрчлийг илрүүллээ.  Тодруулбал,  "Нурофен" 200мг N20 шахмал эмэнд 2015 оны 12 сарын 24 өдрийн 001.003/15/3523 дугаартай “Эм, эмнэлгийн хэрэгслийн импортын зөвшөөрөл” бичиж, Өргөө фарм импекс ХХК-д олгосон  байжээ.

Эмийн зааврыг монгол хэл дээр хөрвүүлэх

хуулийн заалт бүрэн хэрэгжсэнгүй

            Монголд эмчийнзааврындагууэмийг хэрэглэх, жорыг стандартын дагуу бичих,эмийгжорооролгох байдал хэдийнэ алдагджээ. Өөрөөр хэлбэл, иргэд эмчид үзүүлэхээсээ урьтаад эмийн санчид өвчний зовиураа хэлж, эм авдаг нь ердийн үзэгдэл болсон.  Үүний тод жишээ гэвэл МХЕГ-аас өнгөрсөн сард хийсэн хяналт шалгалтад хамрагдсан эмийн сангуудын  жор олголтын байдалд судлагаа хийхэд 65 хувь нь жороор олгох эмийг жоргүйгээр олгож байсан явдал.

            Түүнчлэн эмийн санд хүлээн авсан жорын 92 хувь нь “Эмийн жорын маягт, жор бичилт MNS 5376:2014 стандарт”-ын шаардлага хангаагүй байна. Ийнхүү эмийн санд хүлээн авсан стандартын шаардлага хангаагүй 15210 эмийн жоронд судалгаа хийхэд 60 хувь нь эмийн хэрэглэх аргыг бүрэн бичээгүй, 46 хувь нь эмийн тун буруу бичсэн, 48 хувь нь стандартын бус маягт, өвчтөний карт болон цаасан дээр эмийн жор бичсэн, 44 хувь нь эмийг олон улсын нэршлээр бичээгүй, 30 хувь нь эмнэлэг, эмчийн нэр, тэмдэггүй, 24 хувь нь өвчтөний нэр, нас бичээгүй зэрэг эмчийн мэдлэг, ажлын хариуцлагатай холбоотой зөрчил байлаа.

            Харин эмийн сангуудын хувьд хүлээн авсан жоронд эм олгосон тухай тэмдэглэл хийн баталгаажуулаагүй, зөрчилтэй буюу буруу бичсэн төдийгүй хугацаа дууссан жороор эм олгосон байна.

            Түүнчлэн "Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь заалтад эмийн хэрэглэх зааврыг монгол хэл дээр хөрвүүлэх ёстой хэмээн заасан байдаг. Гэвч бодит байдал дээр  энэхүү заалт бүрэн хэрэгжиж чадахгүй хэвээр. Тухайлбал, 2015 онд эмийн хэрэглэх зааварт  тандалт судалгаа явуулан  72 эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагын нийт 3584 нэрийн импортын эмэнд дүн шинжилгээ хийхэд, 78 хувь нь хэрэглэх зааврыг  Монгол хэл дээр орчуулаагүй нийтлэг зөрчил байсан. Иймд МХЕГ-аас тухайн байгууллагуудад эмийн хэрэглэх зааврыг Монгол хэл дээр болгох асуудлаар хугацаатай үүрэг даалгаврыг өгсөн удаатай. Гэтэл өнгөрсөн гурав дугаар сарын туршидУлаанбаатархотынгүнийгаалийн талбайгаар импортлогдсон 287 нэрийнэмийнхэрэглэхзаавартсудалгаахийхэд 91,8% нь Монгол хэл дээр хөрвүүлээгүй зөрчил давтагдсаар...

Эмэнд дасалтай, харшилтай иргэдийн тоо өссөөр ...

Эмийн хэрэглээ зохисгүй байдалд хүрэхэд нөлөөлж байгаа шалтгаануудын нэг нь

иргэдийн эрүүл мэндийн боловсролын түвшин доогуур байгаатай холбоотой байдаг. Тиймээс өнөөдөр иргэд зохисгүй хэрэглэсэн эмнээс үүдэлтэй, өвчин эмгэгүүдэд өртөж байна. Тухайлбал, эмэнд хамааралтай,  дасалтай болохын зэрэгцээ антибиотикийн зохисгүй хэрэглэснээс болж нянгийн тэсвэржилттэй болж байна. 2015 онд маш олон эмэнд дасалтай хүн 50-д  хүрсэн байгаагаас харахад энэ тоо өнөөдөр хэд болж өссөнийг хэлэхэд бэрх болжээ.

Түүнчлэн  антибиотик их хэрэглэснээр  мөөгөнцөр үүсэх, олон антибиотикийн тэсвэржилттэй болж  байгаагаас гадна сул идэвхтэй антибиотикоос болж өвчин хүндэрч,

архагшиж байна. Үүгээр ч зогсохгүй эмийн харшил, хордлогод өртөх иргэдийн тоо өссөн төдийгүй шинэ өвчин үүсэх нөхцлийг бүрдүүлж эхэллээ. Тухайлбал, эмийг удаан хугацаагаар ууснаар ходоод шархлах, цөс, бөөр чулуужих эрсдэлийг нэмэгдүүлж байна. Хамгийн аюултай нь эмийн замбараагүй хэрэглээ, олон эмийн дасал нь  эргээд өвчний оношилгоо эмчилгээний стандарт болон клиник удирдамж хэрэглэх боломжгүйд хүргэж, эмнэлэгт эмчилгээний зардал өсч байна. АНУ-д гэхэд ганцхан эмийн дасалтай болсон өвчтөнг эмчлэхэд  эмчилгээний зардал нь 5000 ам. долларт хүрчээ. Харин монголд эмнэлгийн эдийн засагчид ийм эмчилгээний зардлыг гаргаагүй байна.

Монгол Улсад жортой олгох  эмийг жоргүйгээр олгох явдал энгийн үзэгдэл мэт болсон нь эм худалдан авч байгаа иргэд, жоргүй эм олгож байгаа эмийн сан-эм зүйчдийн хариуцлагатай шууд холбоотой.

Иргэд нь  эмийн сангаас жоргүй авдаг нь  эмийн хор хөнөөлийн талаар тодорхой мэдлэг мэдээллээр дутмаг байгаагийн илрэл. Эмч нар нь жор бичдэггүй, бичсэн жор нь шаардлага хангахгүй байдгийн зэрэгцээ эмийн сан нь жороор олгох эмийг жоргүйгээр олгож ашгийн хойноос хэт хөөцөлдөж байна. Энэ бүхэн эргээд эмийн замбараагүй хэрэглээг үүсгэж хамгийн гол нь Монгол хүний бие болоод ген, Үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Нэг эмч өдөрт 70-80 хүнд үзлэг хийж байна

            “Эмийн зохистой хэрэглээ"-г төлөвшүүлэхэд эм зүйн болон эмнэлгийн эмч мэргэжилтний үүрэг маш чухал. Тиймээс аяны хүрээнд энэ талруу хандсан салбарын сургалтыг улсын хэмжээнд  “Эм” холбоотой хамтран зохион байгуулсан юм. Уг арга хэмжээнд нийт 1147 байгууллагын 4360 мэргэжилтнүүдийг хамруулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй асуудал, тулгарч буй бэрхшээлээс урьдчилан сэргийлж ажиллах талаар нээлттэй ярилцан, мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгч ажиллав.

            Өнөөдөр төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд хэд хэдэн тулгамдсан асуудлууд байна.Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн оношилгоо, эмчилгээний стандартаа мөрдөж байгаа байдалд хийсэн үнэлгээний дүнгээс харахад эмч мэргэжилтний ажлын ачаалал хэт их байлаа. Тухайлбал, эмч өдөрт 70-80 хүнд үзлэг хийж байгаа нь үйлчлүүлэгчидтэй харилцан ярилцах, зовиур, шаналгааг бүрэн асуух, шинжлэн судлах боломжгүй байдал үүсдэг байна. Энэ нь эргээд оношийг бүрэн тогтоох, эмчилгээг оновчтой заах, жорыг стандартын дагуу бичих, эмийг хэрхэн хэрэглэх талаарх зөвлөлгөө туслалцааг бүрэн үзүүлж чадахгүйд хүргэдэг. Цаашлаад эмийн хэрэглээний зохисгүй байдал үүсэх нэг нөхцөл болсоор...  Уг нь стандартад зааснаар эмч нэг өвчтөнд 20 минут зарцуулах ёстой хэдий ч өнөөгийн нөхцөлд тавхан минут зарцуулж байгаа нь дээрх асуудлыг үүсгэж байна.

            Мөн эрүүл мэндийн даатгалын санхүүжилт нь эмнэлгийн тусламжийн чанар, хүртээмжийн байдалтай уялдуулж олгохгүй байгаагаас аль болох олон үйлчлүүлэгч үзэх эрмэлзлэлийг эмнэлгүүдэд бий болгосон сөрөн үзэгдэл газар авчээ.

            Түүнчлэн эмнэлгийн анхан шатны нэгжүүд болох өрхийн, сумын эрүүл мэндийн төвүүдэд дадлагажигч эмч нарыг хоёр жил ажиллуулах шийдвэр нь дараах сөрөг байдлыг үзүүлэхэд нөлөөлжээ. Энэ нь  анхан шатны эмнэлгийн оношилгоо, тусламжийн чанар хангалтгүй, эмийн нийцэл, үл нийцлийн талаар хомс мэдлэгтэй байгаагаас зарим тохиолдолд эмчилгээнд тохироогүй тунгаар шууд антибиотик хэрэглэдэг, өвчин намдаах, харшил бууруулах үйлчилгээтэй нэг бүлгийн хоёр эмийг  цуг  хэрэглэх, эмийн гаж нөлөө, эмийн хордолтын үед зохистой арга хэмжээг цаг хугацаанд нь авч чадаагүйгээс хордолтыг гүнзгийрүүлэх, эмийн  хэрэглээний зохисгүй байдлыг үүсгэх нөхцлийг бүрдүүлжээ.

 Улсын Ерөнхий  байцаагчийн зөрчил дутагдлыг арилгуулах хугацаатай

албан даалгавар

            Ийнхүү МХЕГ-ын Даргын Зөвлөлийн ээлжит хурлаар "Эмийн зохистой хэрэглээ" сарын аяны дүнг хэлэлцсэний дараа Улсын ерөнхий байцаагчийн албан даалгаврыг шат шатны холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр боллоо. Улсын ерөнхий байцаагч Ц.Шаравдорж  “Сарын аяны хүрээнд хийсэн хяналт шалгалтаар зөрчил гаргасан аж ахуйн нэгж, холбогдох байгууллагуудыг торгож шийтгэхээ урьтал болгосонгүй. Харин тэдэнд МХЕГ зөвлөн тусалж, урьдчилан сэргийлэх зөвлөгөө туслалцаа үзүүлж ажилласан. Ингэж сануулж, зөвлөн тусласаар байхад хууль дүрэм, норм стандарт зөрчсөн үйлдэл дахин гаргавал хуулийн дагуу хатуухан хариуцлага тооцно” гэдгээ ээлжит хурлын төгсгөлд сануулсан юм.

Тиймээс илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, түүнээс үүдэн гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хэрэгжүүлэн ажиллахыг Эрүүл мэнд спортын яам, эмнэлэг, эм хангамжийн байгууллагуудад даалгалаа.

 Үүнд:

Эрүүл мэнд, спортын яаманд:

-Бүх шатлалын эмнэлгүүдэд шатлалын стандартад заагдсан хүний нөөцийг тооны болон мэргэжлийн хувьд бүрэн ханган ажиллуулах;

-Эмч, мэргэжилтнүүдийн үйл ажиллагаанд эмчилгээ, оношилгооны болон эмийн жор бичилтийн стандартыг мөрдүүлэх,

-Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулж,эмнэлгүүдэд хэвшүүлэх;

Эмнэлгүүдийн удирдлагуудад:

-Шатлалын стандартад заагдсан хүний нөөцийг тооны болон мэргэжлийн хувьд бүрэн  хангаж ажиллах;

-Эмчилгээ, оношилгооны болон эмийн жор бичилтийн стандартыг чанга мөрдөн ажиллаж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх.

Эмийн сангуудад:

-Жороор олгох заалттай эмийг жороор олгож хэвших.

Эм ханган нийлүүлэх байгууллагуудад:

-Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь заалтад “Эмийн хэрэглэх заавар нь Монгол хэлээр бичигдсэн байх... “ гэсэн заалтыг бүрэн хэрэгжүүлж ажиллах.

Эмийн үйлдвэрүүдэд:

-Үйлдвэрлэсэн эмийг МУ-ын Эмийн бүртгэлд бүртгүүлсний дараа зах зээлд гаргах;

-Эмийн үйлдвэрүүд “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” /GMP/- ын шаардлагыг  бүрэн нэвтрүүлж эмийн чанар, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг дурдсан байна.

            Харин албан даалгаврын биелэлтийг хангуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, “Хувийн хэвшлийн эмнэлгүүдийн нэгдсэн холбоо” эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбоо,“Монголын эм хангамжийн байгууллагуудын холбоо”, “Эм зүйн мэргэжлээр төгсөгчдийн холбоо”- нд тус тус мэдэгдлээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ