Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Монгол Улсын Шадар сайдын ахалдаг “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн гуравдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Засгийн газар шинээр байгуулагдсантай холбоотойгоор тус зөвлөлийн бүрэлдэхүүн, ажлын албыг шинэчлэн баталсан байна.

Мэргэжлийн байгууллагын судалгаагаар манай орны хот, суурин газрын 80 орчим хувь нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог бөгөөд уг бүсэд нийт хүн амын 86 орчим хувь нь амьдардаг байна. Монгол оронд 1900 оноос хойш магнитуд нь 8 хүрсэн нэн хүчтэй газар хөдлөлт дөрөв, 7 балл хүрсэн газар хөдлөлт 30 гаруй удаа болжээ. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот орчим газар хөдлөлтийн хагарлуудын дагуу бүртгэгдэж байгаа газар хөдлөлтийн тоо, давтамж нэмэгдэж байгаа. Энэ оны эхний найман сарын байдлаар гэхэд л улсын хэмжээнд 29 мянга, Улаанбаатар хот орчимд 1000 гаруй удаа газар хөдөлжээ. Энэ нь газар хөдлөлтийн тохиолдол өмнөх оноос 30 орчим хувиар өссөн үзүүлэлт бөгөөд гамшгийн эрсдлийг бууруулж, аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээ авах нь чухал байгааг Шадар сайд У.Хүрэлсүх онцоллоо.

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөнд 2016-2020 онд хийж хэрэгжүүлэх дөрвөн бүлэг, 60 арга хэмжээ тусгагдсан. Энэ оны төлөвлөгөөний хэрэгжилт 57-78 хувьтай байна.

Цаашид газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах чиглэлээр баталсан төлөвлөгөөг хэрэгжүүлж, шаардагдах хөрөнгийг улсын төсөв, бусад эх үүсвэрт суулгаж шийдвэрлэх, тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж, багаж, хэрэгслийг шууд худалдан авах, гааль, НӨАТ-аас чөлөөлөх чиглэлээр холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулахыг Шадар сайд үүрэг болгов.

Мөн эмнэлгийн барилгуудад эрсдлийн үнэлгээ хийж эхлэх, Дархан, Эрдэнэт, Хархорин, Ховд, Улиастай, Зуунмод хотын нутагт үнэлгээ хийх аргачлал боловсруулах, гамшгийн үед 5000 хүртэл хүнийг хүлээн авах хээрийн эмнэлэг ажиллуулах төслийг хэрэгжүүлэх бэлтгэл хангах, гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг гурав хүртэл аймаг, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хийхээр тогтсон байна. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ